Хятадын нүүрсний хэрэглээ ба Монголын экспорт

1503532780599e16ec37c702017 он гарсаар Монголын нүүрсний эрэлт их, борлуулалт сайн байгаа. Урьд нь бүтэн жилд эксдортолдог нүүрсээ эхний хагас жилд борлуулчихаад байна. Өөрөөр хэлбэл экспорт хоёр дахин нэмэгдэх магадлалтай байна. Үүнийг Умард Солонгосын нүүрсний импортонд Хятад улс хориг тавьсантай холбон ярьж байгаа ч манай өмнөд хөрш бол нүүрсний хамгийн том хэрэглэгч юм. Тус улсын хувьд 2017 он гарсаар сар тутамд дунджаар 25 сая тонн нүүрс импортолсон гэх мэдээлэл байна.

 Тухайлбал,  4-р сард 24.8 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь импортын хэмжээ өнгөрсөн оны мөн сараас  32 хувь, гуравдугаар сартай харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Эндээс юуг анзаарч болох вэ гэвэл хэдийгээр тус улс нүүрсний хэрэглээгээ бууруулна гэж тооцож байгаа ч тэр бүр санаснаар болохгүй байгааг харуулна. Учир нь энэ улсын эрчим хүчний үйлдвэрлэл одоогоор нүүрснээс үндсэндээ хамааралтай хэвээр байгаа юм.

Энэ оны эхнээс Хятадын нүүрсний  импортын хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 89.5 сая тонн болоод байсан бөгөөд энэ нь өнгөрсөн жил (67.2 сая тонн)-тэй  харьцуулахад 33 хувиар өссөн байна.

Гэхдээ энэ тоо баримт бол Хятад улсын нүүрсний хэрэглээ өсч байна гэсэн үг бас хараахан биш юм. БНХАУ-ын Статистикийн Үндэсний Статистикийн Товчооноос гаргаснаар тус улсын нийт эрчим хүчний хэрэглээ 2016 онд 1.4 хувиар өссөн бол нүүрсний хэрэглээ 4.7 хувиар буурчээ.

Тус улсын жилийн нүүрсний хэрэглээ 2014 оны байдаар 3.89 тэрбум тонн байв. Гэтэл энэ хэрэглээ ойрын үед буюу 2020 он гэхэд  4.8 тэрбум тоннд хүрнэ гэсэн шинжээчдийн таамаглал бас байна. Гэхдээ энэ бол таамаглал.  

Тэгэхээр энэ асар өндөр хэрэглээний өчүүхэн хувийг Монголын нүүрсээр хангаж байгааг анзаарахад төвөгтэй биш. Манай улс жилдээ урд хөршид 20  сая тонн орчим нүүрс экспортолж байгаа бөгөөд энэ жилийн тухайд 40 сая тоннд хүрэх өөдрөг төсөөлөл бас бий. Бидэнд үүнээс илүүг нийлүүлэх боломж бол бий. Гагцхүү тээврийн нөхцөл байдал, төмөр замгүйгээс шалтгаалж байгаа юм.

 Эдүгээ Хятадын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй  хувийг нүүрс эзэлдэг. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор 28 мянга гаруй нүүрсний уурхайг цөөлж 14 мянга хүртэл бууруулаад байгаа юм. Хятад улс энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2,13 тэрбум тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3,5 хувиар буурчээ. Гэхдээ үүний нөгөө төлд тус улсын нүүрсний импорт 2017 онд  14,1 хувиар өсч байгаа гэсэн мэдээлэл бас байна.

Ямартай ч ийм нөхцөлд маш зөв бодлогоор бид нүүрсний салбараа дэмжвэл хар алтнаасаа ногоон мөнгө урсгах боломж одоогоор өндөр байна.

Монголын нүүрсний гол хэрэглэгч нь Хятад улс. Ганц Монгол төдийгүй Вьетнам, Австралийн нүүрсийг шингээх  чадвартай бэлээхэн зах зээл нь  манай урд хөрш болоод байна. Хаяандаа ийм  том зах зээлтэй байна гэдэг далайд гарцгүй манай орны хувьд нэг талаасаа том боломж. Гэхдээ  зөв бодллого стратеги хэрэгтэй.

Хятад нүүрсгүйдээ манай нүүрсэнд  нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байна гэж ойлговол бас тийм биш. Тэд  ОХУ, АНУ-ын дараа дэлхийд гуравдугаарт эрэмблэгдэх их нүүрсний орд газартай. Хятад улсад нийт дүнгээрээ маш сайн чанарын 62 тэрбум тонн нүүрсний тогтоогдсон  нөөц бий. Мөн үүнээс гадна 50 гаруй тэрбум тонн сайн чанарын хүрэн нүүрсний орд газартай.  Гэхдээ энэ тоо баримт хэдэн жилийн  өмнөх болохоор нөөцийн хэмжээ нэмэгдсэн байх магадлалтай. Ийн айлаас асуухааргүй авдрандаа их нөөцтэй байж яахараа Монголын нүүрсэнд  шунадаг билээ гэх байх. Хэдийгээр урд хөршийнхэн маань ийм бэлээхэн нөөцтэй ч хэрэглээ  маш өндөр. Хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хангана гэдэг нь өөрөө том асуудал, том бодлого.

Нөгөө талаасаа байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг бол газарт дараастай байгаа валют. Тиймээс улс орныхоо санхүүгийн нөөцийн нэг хэсгийг ашигт малтмалаар бүрдүүлж нөөцлөх хандлага дэлхийн нийтэд нилээд түгээмэл байна. Тухайлбал АНУ газар доорхи цөмийн туршилтаас үүссэн асар том резеревтээ нефть хадгалдаг бол Хятадууд ашиглаж дууссан уурхайнхаа хонгилд нүүрс нөөцөлдөг тухай мэдээлэл байдаг.

Улам бүр хомсдож байгаа ашигт малтмал нь  хурааж хумьсан  валютыг бодвол ханшийн өөрчлөлтөд ширвэгдээд байхгүй сайн талтай. Удах тусмаа л чулуу болно.  Ер нь хязгаарлагдмал нөөцтэй баялгийн үнэ ханш байнга өсч байдаг жамтай гэх юм билээ.

 Хятад эдүгээ нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа.  Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл нь үндсэндээ нүүрсний хэрэглээн дээр  тулгуурладаг. Жилд 2,05 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 68,7 хувийг нь  нүүрснээс гарган  авдаг. Дэлхийн тогтоогдсон нүүрсний нөөцийн 13 орчим хувийг Хятад дангаараа хэрэглэж байгаа одоогийн энэ түвшин нь нөөцийн хомсдлыг үүсгэж болзошгүй талаар олон улсын түвшинд маргаан үе үе өрнөх нь бий. Дашрамд дурдахад өнөөгийн хэрэглээгээр дэлхийн нүүрс нийт нөөцийг 200-210 жил хүрэлцэнэ гэж үзэж байгаа аж.

 Ийм их хэрэглээг дан ганц дотоодын эх үүсвэрээр хангах нь тэдний хувьд стратегийн бодлогоос хол зөрнө. Тийм учраас энэ  алтан бороо шиг хэрэглээний  багагүй хэсгийг импортоор хангах сонирхол тэдний эрх ашигт нийцнэ. Тус улсын импортын хэрэгцээг хангагч нь Австрали, Монгол, Вьетнам улс. Тухайлбал  Австрали  хэдэн жилийн өмнө  жилдээ 4,5 сая тонн,  Вьетнам 24,6 сая тонн нүүрсийг Хятадад экспортолжээ.

Хятадын энэ хэмжээ хязгааргүй хэрэглээ нь олон улсын болоод Даян дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг. Киотогийн протокол ёсоор 2012 онд агаарт ялгаруулж байгаа нүүрс хүчлийн хэмжээг 483 сая тонноор багасгах учиртай. Гэтэл тус улсын ялгаруулж буй СО2-ын хэмжээ  1,92 тэрбум тонн буюу мөнөөх төлөвлөж буй бууралтаас даруй 4 дахин их болчихоод байгаа юм. Түүнээс гадна Хятадын уурхайнууд аюулгүй байдлын наад захын хэм хэмжээг мөрддөггүйгээс аваар осол байнга гарч байдаг. Зөвхөн 2008 онд гэхэд л  3000 орчим уурхайчин амь насаа алдаж байсан тохиолдол бий. Иймээс агаар мандлын бохирдол, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд Хятад улс жил бүр 1,7 триллион юанийг нэмж уурхайнууддаа зарцуулах хэрэгтэй гэсэн тооцоо байна.

Байдал хэдий ийм байгаа ч бас бүх зүйл муугаар эргээгүй. Энэ салбарын бодлого тодорхойлогч түшмэдүүдийн үзэж байгаагаар Хятад улс 2020 он гэхэд хүлэмжийн хийг 45 хувь бууруулна гэжээ.

Тус улсад эрчим хүчний өөр хямд эх үүсвэрийг ашиглах явц хурдтай байгааг дурдах учиртай. Нар, салхины эх үүсвэрээр хэрэгцээт эрчим хүчнийхээ 15 орчим  хувийг хангаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хэмжээ цаашид өснө. Харин тэр болтол нүүрсээрээ мөнгөн бороо оруулж чадах эсэх нь биднээс шалтгаална

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих