Дарга төвөөр давхиж, иргэд нь туслах зам дээр түгжирнэ
Цэцэрлэг сургууль цуглах арай л болоогүй байна. Гэвч өглөө орой доо замын хөдөлгөөн оролцоход үнэхээр бэрх болчихлоо. Хэрвээ цэцэрлэг сургууль орчихвол яах вэ. “Зам дээр хонодог болох уу” гэж иргэд бухимдаж байна. Энэ бол дугаарын хязгаарлалтын хажуугаар зүүн эргэхийг хориглосон хотын даргын шийдвэртэй холбоотой асуудал юм.
Хотын төв зам бол сайхан байна аа. Сайхан байна. Шууд нэвт, нэвт яваад л. Гэвч хажуугийн туслах замууд үнэндээ зогсоол болчихлоо. Ямар сайндаа такси бариад “хүүхдийн 100 орьё” гэхээр “миний дүү төв шуудан ороод тэндээсээ алхачих” гэдэг болсон байна шүү дээ.
Хүүхдийн 100 орчим нөгөө талдаа барилгачдын талбай, тэнгис кино театр орчмын автозамууд, Нарны гүүр, Энхтайвны гүүр битүү. Өглөө орой ч биш өдрийн цагаар ч битүү байдаг болчихлоо. Гэтэл манай хотын удирдлагууд зүүн эргэхийг хориглосон шийдвэр гаргаснаар 50/50 хувьтай байна гэгчлэнгээр өөрсдийгөө өмгөөлж мэдэгдэл хийгээд явж байх юм.
Ер нь бол тооцоо судалгаанд үндэслэсэн их л сайн шийдвэр гэж тэд бодож байгаа бололтой юм. Гэвч хөрсөн дээр буудаггүй хууль баталдаг шигээ иргэдийнхээ амьдрал ахуйд тээг, саад болсон сонин шийдвэр гаргажээ. Энэ нь хэрэгжиж эхлээд 10 ч хонолгүй иргэдийг бухимдуулах нэг асуудал болж хувирснаараа батлагдаж байна.
Туслах замаа өргөтгөх зүйл огт хийгээгүй байж тэдгээр замууд руу хотын гол хөдөлгөөнийг чиглүүлнэ гэдэг тооцоо судалгаатай ажил гэж бодогдохгүй л байна. Дээх нь үед Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад Оросын нэг дипломатч Централ таурт хоол идэж байгаад “Танайх зүүх эргэдэг хөдөлгөөнийг хориглочихвол төв замын хөдөлгөөн чинь тун аятайхан болж магадгүй” гэж хэлсэн гэдэг. Үнэн худлыг нь мэдэх юм алга. Гэхдээ шулуун давхиж байгаа замын хөдөлгөөн яаж ч бодсон сийрэг байх нь ойлгомжтой.
Гэтэл манай дарга нар зөвхөн тэр өнцгөөс асуудалд хандаж туслах замуудыг түгжиж орхилоо. Сөүлийн гудамж дагуу хэчнээн сургууль цэцэрлэг байгааг тооцож үзсэн болов уу. Одоо сургууль цэцэрлэг эхлэхээр нэгдүгээр энгээнд автомашинаа орхих асуудал нэмэгдэнэ. Угаасаа зогсоолгүй гудамж шүү дээ. Үүндээс гол замын хөдөлгөөн нэмэгдэнэ гэхээр нэг л ой ухаан багтаж өгөхгүй л байгаа юм даа. Манай хотын дарга нар тооцож судалсан л юм байлгүй дээ.
Undesten.mn
URL: