Зуднаар дарга даамлууд зоолдог болжээ
Зуд болохоор нохой зоолно гэж ярьдаг байсан бол өнөө үед дарга даамлуудын халаас түнтийдэг болжээ. Ухаж төнхөн сэндийчээд, голын усны урсгалыг хүртэл огтолж таслан харгис хандаад байхаар байгаль дэлхий ч зангаа хувиргаж байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна уу гэмээр. Сүүлийн үед жил дараалан цас их унаж зуд нүүрлэдэг болов. Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хэдэн малчид маань цаг үеийн бэрхшээлд өвдөг сөхөрч, хэцүүхэн байгаа гээд тусламжийн гараа сунгагсад олон. Гэвч малчин, мал хоёрт хаягласан тусламж очих ёстой эзэндээ хүрэхгүй хэрэгтэй цагт нь аминд нь орохгүй, замын дундаас алга болж ашиг хонжоо хайгсдыг тэтгэдэг уруу жишиг тогтнох нь ээ. 2010 онд өвөлжилт онц хүндэрсэн аймгуудад улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилт, үр дүнд Үндэсний аудитын газраас шалгалт хийж, 600 малчны дунд санал асуулга явуулжээ. Зөвхөн нэг жилийн хөрөнгийн зарцуулалтыг шалгахад л олон “но” илэрсэн байна. Улсын төсвөөс гадна олон улсын байгууллага, гадаад, дотоодын олон зуун аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөл, сайхан сэтгэлт хүмүүс зудад нэрвэгдсэн малчдад мөн ч их тусламж илгээдэг. Энэ бүхэн цасанд зутарч туйлдсан мал, малчин хоёрт хүрдэг болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байна.
УИХ 2010 онд Засгийн газарт өвөлжилт хүндэрч байгаа учир яаралтай арга хэмжээ ав гээд гурван тэрбум 760 сая төгрөгийг зарцуулах эрхийг олгосон билээ. Цас их унаж, өвөлжилтийн байдал онц хүндэрсэн гэх аймгуудад дээрх хөрөнгийг хуваарилж шуурхай арга хэмжээ авахыг даалгасан байх юм. Архангай, Баян-Өлгий, Баян-хонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт өвс тэжээл, хүн болон малын эм, бэлдмэл, хүнсний болон өргөн хэрэглээний бараа аваарай гээд аймаг тус бүрт нь 230 сая төгрөг шилжүүлжээ. Мөн Мал эмнэлэг, үржлийн газарт малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл худалдан ав гээд 254.7 сая төгрөгийг өгчээ. Гэтэл Мал эмнэлэг, үржлийн газар ариутгалын бодисыг тараахдаа гүйцэтгэлийн тайлан гаргуулалгүй, хяналт ч тавьсангүй. 29.8 сая төгрөгийг ариутгалын бодис авахад зарцуулсан гэж худлаа тайлагнасан нь илчлэгджээ. Зарим аймгийн Засаг дарга нар өвс тэжээл авч малчдад хүргэ, хөдөөгийнхөнд эм тариа авч өг гээд Засгийн газрын тогтоолоор тодорхой заасан зүйлд нь төсөвлөсөн хөрөнгийг зарцуулалгүй дур мэдэн өөрчилж тааллаараа цацаж байж. Шаардлага хангахгүй, хэрэггүй шахам бараа материал авч өндөр үнээр шахсан нь шалгалтынханд баригдав. Үнэхээр хүндхэн байгаа малчин өрхөд тусламжийг хүргэх нь хамгийн чухал байтал таньдаг, мэддэг нэгэндээ, хамаатан садандаа гурил будаа, эм тариаг түлхүү хуваарилсан байх жишээтэй. Өвөлжилт хүндэрсэн зарим сумын дөрвөн малчин өрхөд дунд нь 25 кг-ын ганц шуудай гурил олгочихоод гүвээний цаадах айлд шуудай шуудайгаар гурил, будаа буулгадаг байсан байна. Архангай аймгийн Их тамир суманд 29 гутал, 48 багц эмийн сан хүргэсэн гэж тайландаа тусгачихаад хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Ер нь улсаас өгч байгаа тусламжийг аймаг, сум, багийн дарга нарын үзэмжээр тараадаг юм биш үү гэсэн бодол энэ шалгалтын тайланг уншиж суухад төрж байлаа. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын
малчин өрхөд 5.9 кг тэжээл өгсөн атлаа өвөлжилтийн байдал яг ижилхэн байсан Хотонт сумын малчин өрхөд 45 кг тэжээл өгчээ. Аймгийн дарга ч юмуу эсвэл хэн нэгэн эрхмийнх нь төрсөн нутаг байвал илүү их хишиг хүртээдэг бололтой.
Баянхонгор аймгийн Засаг дарга нь зуднаар өгсөн өвс тэжээлийн үнийг малчдаар төлүүлэх захирамж гаргаж шийдвэрлэсэн байсан нь шалгалт хийсэн хүмүүсийн нүдийг орой дээр гаргажээ. Уг нь байгалийн гамшигт үзэгдлийн үеэр ядарч туйлдаж байгаа гээд малчин, мал хоёртоо Монголын төр үнэгүй, өвс, тэжээл, эм тариа хүргэхээр мөнгийг нь батлаад өгчихсөн байх юм. Гэтэл засаг ноён тэгдэггүй юм аа, мөнгөө төл гээд нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр үнэлчихсэн сууж байж. Тэр мөнгө хэний халаасанд орж, ямар зориулалтаар ашигласан гэдгийг ч нягталмаар юм.
Говь-Алтай аймгийн Баян-Уул, Эрдэнэ сумын Засаг дарга нар зудад нэрвэгсдэд тусламж үзүүлэх мөнгөөр суудлын автомашин худалдан авч гангарчээ. Дундговь аймгийн Хулд суманд будаа, гурил олгохдоо тээврийн зардлыг нь шилжүүлсэн байхад 440 мянган төгрөгийг малчдаар төлүүлсэн байсан гэнэ. Завхан аймагт л гэхэд төсвийн хөрөнгийн зарцуулалтыг өөрчлөөд 100.2 сая төгрөгийг бэлнээр нэг сум руу шилжүүлж, 50 сая төгрөгөөр нь орон нутгийн чанартай замын зорчих хэсгийн цасыг цэвэрлэхэд зарцуулчихсан шүү дээ гэж хээвнэг хариулсан гэнэ. Аймгийн онцгой байдлын хэлтэс л гэхэд машин явахгүй байна, сэлбэг авч засна гээд зуданд тусламж болгож илгээсэн хөрөнгөнөөс зургаан сая гаруй төгрөгийг шомбодох жишээтэй. Үнэхээр машинаа засав уу, эсвэл гэдэг нь анхаарал татаж байна. Төсөвлөсөн зүйлд зарцуулалгүй хөрөнгийг дур мэдэн шийддэг, нааш, цааш гулгуулж, бантан хутгадаг засаг ноёд, удирдах албан тушаалтанд ажлын хариуцлага тооцдоггүй учраас том толгойлж, яасан ч бидний дур хэмээн аягладаг болжээ. Долоон буудлын Должин эмээ ч нэг кг гурилын ханш ямар байдаг вэ гэхэд нэг ч төгрөгөөр зөрүүлэлгүй хэлж чадна даа. Гэвч Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумдын Засаг дарга нар 30.6 тонн гурилыг зах зээлийн үнээс хэт өндөр ханшаар авч малчдад шахжээ. Ховд аймагт 28.5 сая төгрөгөөр 30 гэр бэлтгэснээс 16 гэрийг далд хийгээд цоожилсон бол, Үенч сумын удирдлага багийн хөгжлийн сан байгуулна гээд 7.5 сая төгрөгийг өөр дансанд шилжүүлсэн гэнэ.
Тэр ч байтугай усан цахилгаан станцад 2.5 сая төгрөг зээлдүүлсэн гэж тайлбар хийж байгаа ч эргүүлж аваагүй, тайландаа авлагаар тусгаагүй байсан нь илрэв. Мөн тэр багийн тэр малчинд тэдэн боодол өвс тэжээл, гурил хүргэсэн гэж гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлсэн явдал ч гарчээ. За тэгээд хөрөнгийг хэтрүүлж зарцуулсан аймаг, сумыг тоолбол толгой эргэхээр байна. Аймгийн Засаг дарга нар олгосон хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилаагүйгээс гадна хэрэгжилтэд хяналт тавьдаг үндсэн үүргээ мэдсээр байж умартжээ. Ингэж, умартах нь ашигтай байдаг биз. Улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг Увс, Төв аймгаас бусад аймгууд нэгтгэж ирүүлэлгүй пээдийсэн байна. Ийм албан тушаалтнуудтай хариуцлага тооцох цаг болсон юм биш үү Ерөнхий сайдаа. Жил бүр л Засаг дарга нарын ажлыг дүгнэж гэрээ байгуулдаг биз дээ. Зөрчил гаргасан бол чаддагт нь ажлаа өг гэсэн хатуухан шаардлага тавьдаг бол боодол өвс, шуудай гурил дамлаж, малчдын гар дээр хүрэх багахан тусламжаас хумсалж ажлаасаа халагдахыг хүсэхгүй. Саяхан засаг дарга нар Төрийн ордонд цугларч хэд хоног пижигнэсэн. Тэр үед зуднаар зоолсон засаг ноёдыг та сайн ажиллалаа гээд гэрээг нь сунгажээ дээ.
Д.ДОРЖПАГМА
URL: