Зэс, нүүрс хоёр бүү унаасай, тэд битгий амиа бодоосой!

Лондонгийн металлын бирж дээр  тонн зэсийн ханш  7632 ам.доллар байна. Америкийн аж үйлдвэрлэлтэй холбоотой саарал мэдээллүүд болоод Европын орнуудын ужгирсан өрийн хямрал дэлхийн биржүүд дээрх хувьцаа, металлуудын ханшийг унагаж,  цаашлаад   өсөлт  гэхээс илүүтэй  тогтвортой байдлыг илүүд үзэхэд хүргээд байна. Тэр үүднээс  харвал зэсийн ханшийг тогтвортой байна гэж харахад болохоор. Өнгөрсөн оны улсын төсвөө батлахдаа тонн зэсийг 8425 ам.доллараас буухгүй байх гэсэн гэгээлэг прогнозтой суусан манай улстөрчид ирэх жилийн төсвийн орлогод эрсдэл тулж болзошгүйг эрхбиш мэдэж байгаа.  Зэсийн үнийг  6663.5 ам доллар, боловсруулсан нүүрсний үнийг  166.58 ам. доллар байхаар тооцоод төсвийн төсөлдөө оруулчихсан суугаа.

Манай улс цөөн  нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлодог, тэдгээрийнх нь 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн гэх тодотголтой ч, үнэн хэрэг дээрээ зэс, нүүрс хоёр л одоо гол орлогыг бүрдүүлж байна. Цаашлаад нийт экспортод эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хувь хэмжээ 98 хувьд хүрнэ гэх тооцоолол байна. Энэ өсөлт нь  зэс, нүүрс хоёрынх гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэрчлэн энэ хоёр бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл манай төсвийн орлогод  шууд нөлөөллийг үзүүлэхийн хэрээр эдийн засгийн бүтэц эмзэг байгааг сануулж буй. Он гарсаар хоёр ч удаа 10 мянган ам.доллараас давж рекорд тогтоож асан зэсийн ханш уруудан 6 мянган ам.доллар руу орж үзсэн нь, бидэнд ямар гай дагуулах бол гэдэг асуудлыг босгож байсан. Харин зарим эдийн засагчид үүнд төдийлөн санаа чилээгээд хэрэггүй гэж сэтгэл зассан үг унагасан бөгөөд тонн зэс   6500-7200 ам.долларын хооронд байхад Монголын тухайд их эрсдэл дагуулахгүй гэж төв банкнаас мэдэгдсэн. Тэгж харвал дээрх ханшийг тайван нүдээр харж болохоор байгаа юм.

Тэрчлэн өнгөрөгч долоо хоногийн дундуур зэсийн ханш сэргэлтийг үзэж байсан ч, долоо хоногийн эцсээр эргэн унасан юм. Ерөнхийдөө эхэнд өгүүлсэнтэй холбоотойгоор металлуудын ханш  улаанаар тэмдэглэгдэж буй бөгөөд иен ам.долларын эсрэг ихээхэн чангарах байдал хадгалагдсан нь   Японы төв банк  интервенц хийн  ам.долларын ханшийг өсгөн  бусад  валютууд  болон  металлуудын ханш унасан үзүүлэлтийг дагуулсан. Хэдийгээр Европын холбооны хоёр улсын засгийн тэргүүн огцрон хямралаас гарахын тулд шинэ бодлого хэрэгжүүлэх зам наашлах болов уу гэж харагдаж байгаа ч, хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээрээ байгаа нь хөрөнгийн захууд дээрх уналтуудаас харагдаж байна.

Тэгэхээр дэлхий хямарвал зүгээр налайгаад байхгүй манай тухайд болгоомжлол байх ёстой. Улсын төсвийн төслийн өмнөтгөлд өгүүлсэнээр Монгол Улсын төсвийн орлого нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас ихээхэн хамааралтай болж байгааг эрхмүүд ухамсарлаж байгаа.  Зэсийн үнэ санхүүгийн хямрал эхэлсэн 2008 онд огцом буурч 3070 ам.долларт хүрч байсан  ч санхүүгийн хямралын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг даган өнгөрөгч оны 12 дугаар сард 9600 ам.доллар хүртэл өсч байсан бол одоо  зэсийн үнэ бага зэрэг буурах хандлагатай болж,  үнийн хэлбэлзлийг даган манай улсын төсвийн орлого хэлбэлзэж байгаа. Хэлбэлзэл гэдэг нь эрсдэл дагуулна гэсэн үг. Тиймээс  эрсдлийг бууруулах зорилгоор 2010 онд УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгосон гэж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын сангийн хуримтлалыг тооцсон гэнэ. Ирэх  2012 онд  төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялаг нь зэс, нүүрс. Тиймээс  доод тал нь 200.0 тэрбум төгрөгийн орлогыг  энэ хоёр бүтээгдэхүүнээс төвлөрүүлэх ёстой. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, харин коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg” мэдээллийн эх сурвалжаас авсан  нүүрсний үнийн төсөөллийг мөрдлөг болгож байгаа. Өмнө нь ч эдгээр мэдээллийн эх сурвалжуудыг дагаж төсөөлөл хийж ирсэн. Нүүрсний үнийн тухайд өлсгөлөн зах зээл байхад ханш нь унаад хаачихав гэж харах хандлага бий ч, монголын нүүрсний орд газрууд руу  хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор орж ирж байгаа нь, үнийг тэд тодорхойлох вий гэсэн болгоомжлолыг дагуулна.

Гэсэн ч  нэг талаас ирэх оны турш дэлхийн эдийн засаг тогтвортой байж металлуудын эрэлт болоод ханш  хэвийн байгаа тухай сайн мэдээ Монголыг чиглэн ирээсэй гэх гэнэн мэт хүлээлт бидэнд байна. Нөгөө талд улстөрчид нь үргэлж увайгүй загнахгүй байлгүй гэсэн гэнэн мэт итгэл бас бидэнд байна.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих