Нураах ёстой зургаан байгууламжийн нэгд Чингис хааны морьт хөшөө багтжээ

11011
Виржениа мужийн Шэрлотсвилл хотод энэ сарын 12-нд гарсан үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөнтэй холбоотойгоор тус улсад арьс өнгөний асуудал ид яригдаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн тухайд америкийн боолчлолын үеийн түүхэн хүмүүсийн хөшөө нь харгислал, дарангуйлалыг илэрхийлж буй учир нураая гэсэн  хөдөлгөөн ч өрнөж, зарим их сургуулиудын өмнө байрлах түүхэн хүмүүсийн хөшөөг сүйтгэх болжээ. Эсэргүүцэгчдийн нураах шаардлагатай гэж үзсэн хөшөөнүүдийн тоонд Вашигтон, Жефферсоноос эхлээд Роберт Эдвард Ли, Томас Жонатан Жексон хүртэлх хөшөө ч багтаж байгаа гэнэ.
Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трампын ажлын алба тэдгээр түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийн хөшөө цогцолборыг хамгаалах байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм. Тэдний нэг нь Стив Бэннон. Стив Бэннон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх төдийгүй  Цагаан ордоны ахлах стратегичаар ажиллаж байсан.
Гэхдээ өнгөрөгч долоо хоногт албан тушаалаа өгч, цагаан ордныг орхисон юм.  Хэдий албан тушаалаа өгсөн ч тэрбээр Доналд Трампыг хамгаалсаар байх болно гэдгээ мэдэгдсэн байдаг.  Стив Бэннон Трампын сонгуулийн кампанитыг удирдаж байсан нэгэн.  Хэт барууны үзэлтэй бөгөөд цагаан арьстныг дөвийлгөх үзэлтэй гэгддэг. Үүнийгээ ч өмнө нь нууж байгаагүй юм билээ.
Тэгвэл түүний удирдаж буй  “Breitbart News” вэбсайт  хэрвээ Америкчууд түүхэн хүмүүсийг боолчлогчид гэж үзэн хөшөөг нь нураах хүсэлтэй байгаа бол эхлээд дэлхий дээр байгаа тэднээс ч аймшигтай алуурчид, боолчлогчдын хөшөөг нураах хэрэгтэй гэж мэдээлсэн байна. Тус сайт үүндээ зургаан хөшөө байгууламжийг жагсаасан байх бөгөөд тэдний дунд манай улсын нутаг дэвсгэрт оршдог Чингис хааны морьт хөшөө багтжээ.
Тус сайтын “Чингисийн морьт хөшөө”-ний доорх тайлбар хэсэгт “Энэ хөшөөг дундад зууны үед дэлхийн талыг эзэгнэж явсан Их Монгол улсыг үндэслэгч Чингис хаанаас сэдэвлэн босгосон. Нийслэл хотоос 33 миллийн зайд байрлах 130 фүүт өндөр энэ хөшөө өнөөгийн монголчуудын хувьд биширмээр зүйл биш. Чингисийн армийн  хөнөөсөн, хүчирхийлсэн бүх гэм зэмгүй хүмүүсийн хувьд эл хөшөө хүндээр тусах бус уу.
Түүхчдийн тооцоолсноор 13-14 дүгээр зууны үеийн Түрэг-Монголын түрэмгийллийн үеэр тухайн үеийн дэлхийн хүн амын таван хувь нь алагдсан байна. Түрэмгийлэлд өртсөн улс орнууд дахин хэзээ ч сэргээгүй гэдгийг зарим түүхчид ч батладаг билээ. Үүнийг түүхэн дэх шударга бус байдал гэж нэрлэх бөгөөд хэдий хэрийн цаг хугацаа улиран өнгөрснөөс үл хамааран засч залруулах ёстой. Гэтэл зүүнийхэн яагаад монголчуудаас нөхөн төлбөр нэхэхгүй байна вэ” хэмээн бичсэн байна.
Бусад нураах ёстой хөшөө дурсгалуудад АНУ дахь Жефферсоны дурсгал, Турк дэх Оттоманы үеийн Хөх сүм, Төв Америк дахь Майя нарын пирамид, Хятадын цагаан хэрэм, Египетийн Гизагийн пирамид багтжээ. Тэдгээрийг олон сая хүний амь нас, боолын хөдөлмөр шингэсэн байгууламжууд гэж үзсэн байна. Тухайлбал, дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгддэг цагаан хэрэмний тухайд тус сайтад “Хятадын цагаан хэрэм бол дэлхийн хамгийн гайхалтай инженерийн бүтээлийн нэг. Гэхдээ энэ харгислал, дарангуйллын хэрэм юм. Хэрмийг боолуудаар бариулаагүй. Гэмт хэрэгтэн болон цэргүүдээр бариулсан гэдэг. Гэхдээ тайвширч болохгүй. Цагаан хэрэм бол дэлхийн хамгийн урт оршуулга. Энэ байгууламжийг барихад нэг сая ажилчин нас барсан” хэмээн бичжээ.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих