Мэри Ком: Би Мухамед Али шиг боксчин болно гэсэн мөрөөдөлтэй

1332d4be0d5fa3b4b2ac639b70085fb0a2a5db23Сонирхогчдын боксын олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга, Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком хэдхэн хоногийн өмнө Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт болсон “Улаанбаатар цом-2017” тэмцээнд өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд оролцсон хамгийн өндөр цол гуншинтай нь тэр байв. Мэри Комтой ярилцсанаа хүргэе.

-“Улаанбаатар цом” тэмцээнд оролцсон танд баярлалаа. Боксоос хэсэг завсарлаад Монголын рингэнд эргэн ирсэнээ зарлалаа. Энэ тухай мэдээлэл дэлхийн боксын спортын ертөнцийн ярианы гол сэдэв болж байна?
-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Танай оронд 2009 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход би түрүүлж байсан юм. Боксын спортыг чин сэтгэлээсээ дэмжиж, намайг халуун дотноор хүлээн авсан Монголын спорт сонирхогчиддоо баярлалаа.

-Та урд нь Монголд түрүүлж байсан бол энэ удаад ганзага хоосон буцах нь дээ?

-Харин тэглээ. Нэг л болж өгсөнгүй.

-Манай спорт сонирхогчид таныг рингэнд гарах бүрт нутгийн тамирчдаасаа дутахааргүй дэмжлээ?

-Надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Яг л нутагтаа байгаа юм шиг санагдлаа.

-Таны оролцсон жин энэ тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй нь боллоо. Та юу гэж бодож байна?

-Надтай хүрэл медалийн төлөө тулалдсан БНАСАУ-ын боксчин Пан Чол Мин бол нуруулаг, ухаалаг, хөдөлгөөний эвсэлтэй охин байна. Түүнтэй мөнгөн медалийн төлөө хүч үзсэн Монголын О.Жаргалан уг нь техниктэй юм. Гэвч тэр ур чадвараа бүрэн гаргаж чадахгүй байна. Бокс бол биеийн хүч шаарддаг спорт ч толгойгоо илүү ажиллуулах хэрэгтэй байдаг юм.

-О.Жаргаланд хандах зөвлөгөө гэвэл юу хэлэх вэ?

-Би энэ тэмцээнээс медаль аваагүй болохоор өрөөлд юу хэлэх билээ.

-Таны зөвлөгөө манай залууст ус, агаар мэт үнэтэй юм?

-За тэгвэл, бусдын тулааныг маш сайн судал. Залхууралгүйгээр бусдаас үргэлж суралц гэж хэлье. Бусдаараа бол тэр Монгол охин дайчин юм билээ.

-Энэ тэмцээнд таныг манай шилдэг боксчин М.Нандинцэцэгтэй финалд шалгараасай гэж олон хүн хүсч байсан. Гэвч та хоёрын хэн ч медаль авсангүй?

-Би сүүлийн нэг жил бэлтгэл сургуулилт хийгээгүй болохоор энэ тэмцээнээс заавал медаль авна гэж бодож ирээгүй. Би төрийн албанд ажилладаг болохоор цаг зав тун бага байдаг юм. Дараа жил бэлтгэлээ улам сайн хийгээд финалд түүнтэй уулзая даа.

-Ингэхэд та хэдтэй вэ?

-34 нас хүрч байна. Гурван хүүгийн ээж болсон.

-Их спортод бол хөгшиндөө орох нас байна. Энэ насанд залуучуудтай ана мана үзнэ гэдэг амаргүй биз?

-Хүүхэд төрүүлсэний дараа эмэгтэйчүүд эмзэг, сул дорой болдог гэж зарим хүн ярьдаг. Надад ч тэгж хандаж байсан удаатай. Миний өдий зэрэгтээ байгаагийн нууц гэвэл миний сэтгэлээс Мэри чадна гэдэг урмын үг. Би өөрийгөө ингэж л хөглөдөг хүн. Гэхдээ хүн бүр үүнийг үйлдэл болгож чаддаггүй юм. Гол нь идэвхи чармайлт гаргах хэрэгтэй. “Мэри чи чадна аа” гэж би өдөр бүр, цаг тутамд өөртөө хэлдэг. Би энэ үг, үйлдэл, үлгэр дуурайлалаараа мянга мянган эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг хичээдэг.

Мэри Ком: Би Мухамед Али шиг боксчин болно гэсэн мөрөөдөлтэй

-Алдарт Мэри Комын их спорттой холбогдсон түүх манай уншигчдад сонин байх болов уу?

-Би бага байхын л хөдөлгөөнтэй, спортод их дуртай хүүхэд байсан. Ухаан орсон цагаасаа л домогт боксчин Мухамед Аллийг шүтэж ирсэн. Энэ хүний биеэ авч яваа байдал, тамирчин хүний үлгэр дуурайлал нь намайг том зорилго, мөрөөдөлтэй болгосон. Мухамед Алли шиг мундаг боксчин болно гэсэн том мөрөөдөл тээжж өссөн болохоор би их азтай хүн.

-Та шүтэж явдаг тамирчинтайгаа уулзаж үзсэн үү?

-Уулзахыг их хүсдэг байсан. Уулзах боломж олдоогүй. Түүнийг өнгөрсөн жил нас барахад их гашуудсан.

-Хэрэв шидтэн гарч ирээд таныг Мухамед Алитай уулзуулж өгье гэвэл?

-Түүнтэй уулзах нэг цаг байхад л хангалттай. Тэгвэл би Алигаас юунаас урамшиж, зориг, тэвчээр олж авдагийг асууна. Мөн туршлагаас нь суралцана. Би ингэж үзэхийг үргэлж мөрөөддөг.

-Та чухам яагаад боксыг сонгох болов?

-Миний төрж өссөн газар бол ядуус ихтэй жижигхэн тосгон байдаг.

-Яг л “Ядуусын хорооллын саятан” кинон дээр гардаг шиг уу?

-Бараг л тийм. Намайг боксоор анх хичээллэхэд аав, ээж хоёр маань дургүй байсан. Өрхийн орлогогүй, хоногийн хоолоо яая даа гэж байгаа хоёр маань надад дэмий зарлага гаргахгүй гээд бокс тоглуулах дургүй байлаа. Дээр нь эмэгтэй охин үр нь болохоор зодоонд нэг их таашаагаагүй биз.

-Та тэгээд аав, ээжийгээ хэрхэн аргалав?

-Тэднийг энэ спортод бага багаар дасгасаар байгаад зөвшөөрүүлж чадсан. Энэ бол миний хамгийн анхны ялалт гэж боддог. Дуртай зүйлийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэнийхээ үр шим, амтыг хүртэх ямар гоё гээч. Би энэ спортод дурлаж орсон болохоор бүхнийг эхнээс нь тэгээд ном журмынх нь дагуу хийж ирсэн. Тиймдээ ч тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт дээр ганц ч удаа бэртэж байгаагүй юм.

-Таны хөвгүүдээс мундаг боксчин болох хүү байна уу?

-Ёстой үгүй. Тэднийг яасан ч боксчин болгохгүй.

-Яагаад. Та аав, ээжийнхээ үгнээс зөрөн байж бокст ороод энэ агуу нэр алдарт хүрсэн биз дээ?

-Би ядуу амьдралаас гарч ирсэн хүн. Миний хүүхдүүд ээжийнхээ туулсан энэ хэцүү замыг туулах ёсгүй гэж боддог. Гол нь зөв, сайн хүн болоосой гэж хүсдэг.

-Энэтхэгийн боксчинтой уулзвал асуух юм шүү гэж бодож явсан нэг асуулт байна. “Инчён-2014” Азийн наадмын боксын төрөлд танай улсын тамирчин Сарита БНСУ-ын боксчинд луйвардуулсан. Улмаар эсэргүйцлээ олон талаар илэрхийлж, эцэсдээ медалиа Солонгосын тамирчны хүзүүнд хүртэл зүүж өгсөн. Энэ асуудал даамжирсаар дэлхийн спортын ертөнцөд шуугиан тарьсан. Та Саритагийн гаргасан үйлдлийг юу гэж бодож явдаг вэ?

-Сарита луйвардуулсан байсан ч түүний гаргасан үйлдэл нь буруу юм. Тэр энэ үйлдлээрээ тэмцээн зохион байгуулагч БНСУ, Олон улсын боксын холбоог доромжилсон.

-Та ярилцлагын эхэнд төрийн албанд ажилладаг гэж хэлсэн. Яг ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Би улс төрд бол ороогүй. Намайг спортоор дамжуулан олон хүнд зөв мессеж өгөөсэй гэдэг үүднээс Засгийн газарт ажиллуулах санал тавьсан.

-Таны энэ үйлдэл үнэхээр бахархал төрүүлж байна. Тамирчин хүн нийгэмдээ ийм л үлгэр дуурайлалаар магнайлах ёстой юм шиг санагддаг?

-Би ахмад настанд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэнд рүү нь чиглэсэн дасгал хөдөлгөөнийг олон төрлөөр танилцуулж, сурталчилдаг. Боксыг эрчүүдийн спорт гэдэг. Тэгвэл би эмэгтэйчүүд эрэгтэй хүний хийж чадах бүхнийг даван туулж чадна гэдгийг олон хүнд харуулахыг хүсдэг.

-2015 онд “Mery Kom” нэртэй кино Энэтхэгт төдийгүй олон улсад шуугиан тарьсан. Өөрийнхөө амьдралын бодит түүхээр бүтсэн киног үзэхэд ямар санагдсан бэ?

-Энэ кино Энэтхэгт маш их амжилт олсон. Энэтхэгийн Засгийн газраас үндэсний хэмжээний шагнал ч олгосон. Би энэ киног үзвэрийн газарт үзээд тэсэлгүй уйлсан. Өөрийн амьдралын туулсан хүнд хэцүү бүхнийг киноноос хараад мэлмэртлээ уйлсан даа. Хэрэв Монгол Улсын Засгийн газар, Монголын боксын холбооноос намайг уриад Монголчуудад өөрийн амьдралын түүхийг ярих боломж олговол би таатай хүлээж авахбайх болно.


URL:

Сэтгэгдэл бичих