Тавантолгойн захирал Д.Ариунболд аль талд нь байна вэ
Дэлхийд эхний аравт ордог Тавантолгойг 6.5 тэрбумын нөөцтэй хэмээн тодорхойлсон аварга том орд. Үе үеийн Засгийн газрын өмнөө барьдаг цөөхөн мөнгөний уурхай бол яах аргагүй Тавантолгой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтыг утгаар нь явуулаад эхлэхээр монголчуудыг 300 жил тэжээнэ гэсэн тооцоо ч бий. Гэтэл энэ аварга том орд газраас ард түмэнд төдийлөн наалдаж буй зүйл үгүй. Улстөр бизнес бүлэглэлийн халаасыг зузаалдаг, тэдний өөрийн болгох гэсэн улайрлын хүрээнд ажил нь явагдаж иржээ. Харин өнөөдөр “Эм Си Эс”-ийнхэн ард түмний өмч болох Тавантолгойг авах санаархлаа өчүүхэн ч орхиогүй гэдгийг тэдний олон удаагийн үйл ажиллагаанаас харж болно.
Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд Засгийн эрхийг авсан МАН-ынхны хувьд энэхүү орд газрыг “Эм Си Эс” группэд өгөхөөр ажиллаж байгааг ч бид харж байна. Өнөөдөр УИХ-д тус группийн хоёр ч захирал группийнхээ эрх ашгийн төлөө сууж байгааг дурдахад илүүдэх юун. Харин энэхүү компанийн захирал Д.Ариунболд нь мэргэжлийн бус, “МОНЦАМЭ” агентлагийн даргаар найман жил ажилласанаас өөр ажлын дадлага туршлагагүй хэмээн ад шоо үзэгдээд байгаа. Тиймээс улстөрийн бүлэглэл дунд Д.Ариунболдыг сэлгэх тухай яриа аль хэдийнээ бий болжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар үгсэж өөрийн хүнээ тавих гэж байгаагийн цаана чухам ямар төлөвлөгөөө нуугдаж байгааг таах аргагүй.
Харин нөгөө талаас Тавантолгойн 49 хувийг өмнөд хөрш рүү зарах тухай асуудал бий. Энэхүү ажиллагаа нь УИХ дахь нөлөө бүхий бүлэглэлд хамаарч байгааг эх сурвалж хэлсэн. Харин энэ бүлэглэлийн гар хөл нь захирал нэрээр өөрийгөө далдалсан Д.Ариунболд мөн хэмээх хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр улстөр дэх бүлэглэлүүд хоёр талцан Тавантолгойн захирлыг солих халах дээрээ тулчихсан гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Д.Ариунболдын хувьд намын томилгоогоор энэ албанд очсон болохоос биш уул уурхайн чиглэлд ямар ч үнэргүй нэгэн гэдгийг бүгд мэднэ. Тийм дээ ч эрх биш уул уурхай гадарлах хүнийг томилох нь зүйтэй биз ээ. Тэр тусмаа ард түмний өмчийг гадагшаа зарж магадгүй гэх бүлэглэлийн гар хөл болж байгаа бол бүр ч нэмэргүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаагаас харахад энэхүү бүлэглэл нь Тавантолгойн орд газрыг 400-хан сая ам.доллараар наймаална гэжээ.
Гэтэл шинжээч эдийн засагчдын үзэж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ гэсэн байх юм. Харин бүлэглэл нь нэг жилийн орлогод нь хүрэхгүй 400 сая ам.доллараар зарна гэдэг хоёрын дунд асар их зай бий. Тэгэхээр Д.Ариунболд захирал чухам аль талд нь үйлчилдэг захирал вэ гэдгийг тодруулах зүйн хэрэг байх.
Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар
URL: