Хураасан буудайгаа яах вэ?
Монгол Улс энэ намар хурааж авсан улаан буудайгаа хадгалах саваа олохгүй мунгинан суутал цас нэвсийтэл орчихлоо. Одоо яах вэ.
Энэ талаар дуугүй суугаад байж чадсангүй. Миний бодлоор нэгэнт ургачихсан тариа буудайгаа зөв зохицуулаад идчихмээр байна. Энэ оны зуншлага сайхан байсны ачаар багтааж шингээхээргүй их тарианыхаа ихэнх хэсгийг хураан авсан нь нэн сайшаалтай хэрэг.
Гэтэл Засгийн газраас зарлаад байсан төгөлдөршил гээч нь хаана байна вэ. Лав л энэ тариа буудайнд төгөлдөршлийн үнэр ч алга.
Жирийн иргэн миний бодлоор хураан авсан улаан буудайгаа дараах хэдэн аргаар даруйхан янзалчихмаар санагдана. Тухайлбал, буудайгаа нэгэнт хадгалах газар олоогүй өдий хүрчихсэн бол айл өрхүүдэд үнэн учраа хэлээч дээ. Нэг өрхөд 100 кг буудайг хулганад идүүлчихгүй, цэврээр нь хадгалж болно. Засгийн газар үнэн үгээ хэлж учир зовлонгоо ард олондоо учирлавал бид ямар ч төлбөр хураамжгүйгээр хадгалах боломжтой.
Хүнс хөдөө аж ахуйн яам гэж сүржин нэртэй, даржин ажилтай нэгэн газар байх юм. Бүх мал хувь иргэдийн гар дээр очсон учир энэ яамныханд санаа зовох зүйл алга. Бүр хэтэрсэн халдварт өвчин малд гарвал хээрийн зэрлэг амьтан зээр, тарваганд бүх буруугаа чихээд хурдан унаатай, бүрэн буу зэвсэгтэй цэрэг дайчлан тэднийг хүйс тэмтрээд дуусна.
Тэдний хядсан зэг зэмийг бөөгнүүлэн түймэрдэн шатаах агшнаа тэр сайд зурагт, радиогоор рекламдан сүрийг үзүүлнэ. Тэд ямааны чихэнд ээмэг зүүж тендердэнэ. Ганц үлдсэн газар тарианы асуудлаар төрийн бодлого хэр байгааг энэ тариа буудайны хэрэг илчилж өглөө.
Энэ яамыг татан буулгаад тэр яам конторлон буй байшинг чөлөөлж, зайчлаад тариа буудайгаа хадгалбал сайхан агуулах болно шүү дээ. Энэ санаачлагаараа тэр яамны сайдыг ажилгүй болгоё гэсэнгүй. Тэр сайд яамгүй сайд болж болно. Ер нь яамгүй сайд зөндөө бий шүү дээ. Ядаж л тэр сайд албан тушаалтайгаа үлдэнэ.
Багтаж шингэхгүй байгаа буудайгаа НҮБ-д одоохон мэдэгдмээр байна. Эрүүл хөрсөнд ургасан, экологийн цэвэр буудай тариа минь тэдний шаардлагад бүрэн нийцнэ. Монгол улаан буудайг НҮБ-ын тусламжийн нэрээр өлсгөлөнд нэрвэгдэн буй гадаадын ядуучуудад өгвөл миний Монголын нэр хүндэд нэн тустай. Бүр цаашилбал НҮБ-аас улаан буудайныхаа үнийг дэлхийн зах зээлийн үнээр үнэлсэн хэдэн ам.доллар ирчихэж мэднэ.
Хадгалах саваа олохгүй байсан бидэнд давхар ашигтай. Тэр мөнгөөрөө парламентын шинэ ордноо барьж болно доо. Аль учраа ололгүй цасанд даруулсан тариа буудайгаа яаж далд оруулахаа мэдэхгүй байгаа бол нөгөө 21 мянгынхаа оронд тараа л даа. Бид үүнийг боловсруулж чадахгүй гэж та нөхөд үзэж байгаа бол хуураад ч болов иднэ. Хуурсан тариа идэхэд гэдэс жаахан хөөх гээд байдаг.
Т.Баатар
URL: