Эзэндээ олддоггүй төрийн хишиг, иргэддээ “илүүчлэгдсэн” төрийн цагдаа…
Би цагдаа нарыг хүнд дээрэлхэнгүй ханддаг, харьцааны соёл тааруухан гэж ойлгож, аль болох цагдаа нартай хөндий харьцаж, хол байхыг хүсдэг байсан. Гэтэл өнгөрсөн жил нөхөртэйгээ хамт явж байгаад хэсэг залууд дээрэмдүүлсэн юм. Тухайн үед амьд гарахсан гэж бодож байснаас цагдаад хандаж, тусламж хүсэх талаар бодож ч амжаагүй. Гэтэл уг хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа нөхөр бид хоёрыг дээрэмдсэн залуус баригдсан гэж дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн. Үнэнийг хэлэхэд, цагдаагийн алба хаагчдыг тийм шуурхай ажилладаг гэж бодож байгаагүй болохоор их баярласан. Түүнээс хойш энэ албыг хүндэлдэг болсон. Үл тоож, надад хамаагүй гэдэг байдлаар ч хандахгүйг хичээдэг болсон…
Энэ мэтийн жишээг бид олныг дурдаж болно. Үүн шиг сөрөг талын жишээ ч багагүй бий. Мэдээж ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг хойно. 6000 гаруй алба хаагчдыг эгнүүлээд тайрсан шүдэнзний мод шиг ижилхэн байх ёстой хэмээн хэлэх боломжгүй юм. Нөгөө талаар цагдаагийн алба хаагчид алба л хашиж байгаа болохоос бидний ижил махан биеэс бүрдсэн хүн гэдгийг бас мартаж болохгүй. Ийн хэлснээр би тангаргаа зөрчдөг, хууль зөрчдөг зарим нэгэн цагдаагийн алба хаагчдыг өмөөрч байгаа юм биш. Харин аливаа зүйлд хандахдаа эерэг, сөрөг хоёр талыг зэрэг харахыг иргэдээсээ хүсэх гэсэн юм.
Цагдаагийн алба хаахыг төрийн ивээлд орсон, төрийн хувцас өмсч, нийтийн унаанд үнэгүй зорчдог… гэх мэтээр гоочлох, өөчлөх нь олон. Гэвч тэрхүү хувцсыг өмсч, төрийн нэрийн дор бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах тангараг өргөхдөө өөрийн амь, амьдрал, эрүүл мэндийг хоёрдугаарт тавьдагийг, олонд ил “хэт их” гэмээр тэрхүү халамжийн сүр дор хийсэн ажлаа үнэлүүлдэг цалингийн хэмжээ дэндүү бага гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм. Учир нь тэд цагдаагийн жирийн алба хаагчид болохоос цагдаагийн дарга биш билээ.
Манай улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуульд зааснаар цалингийн доод хэмжээ 108 мянган төгрөг. Харин төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээс өмнө 186.17 төгрөг авч байсан цагдаа нар өнөөдөр 202 мянган төгрөгийн цалин авч байна. Харин эдгээр алба хаагчдын өдрийн хоолны үнэлгээ 1200 төгрөгт багтааж, хуульчилж баталсан эрхмүүд өөрсдөө өдөрт 10 мянган төгрөгт багтааж хоол иддэг гэдэгт би лав итгэхгүй. Нас биед хүрсэн идэр залуусын өдрийн хоолны үнэ 1200 төгрөгөөр баталсан эрхмүүд цайны газарт 500 төгрөгийн хуушуур идэж үзээгүй хүмүүс гэдэгт харин би итгэлтэй байна. Тийм атлаа төрийн нэрийн өмнөөс цаг наргүй ажилладаг цагдаагийн жирийн албан хаагчдад гараа татсан нь энэ. Уг төсвийг баталсан эрхмүүд тухайн үеийн зах зээлийн жишиг харж тогтоосон хэмээдэг ч яг үнэндээ иргэдээсээ ямар хол амьдардагийн харуулсан гэхэд болно.
Учир нь харийн, өндөр хөгжилтэй орнуудаас жишээ татаж ярих дуртай хууль санаачилж, төсөв батлагчид хажуухандаа байгаа хятадын цагдаа нарын хамгаалалтаас санаа авахыг ч бодоогүйг эндээс харж болно. Монголын цагдаагийн алба хаагч 24 цаг ажиллаад 1200 төгрөгийг хоол идэх нормтой. Харин өмнөд хөрш, хятадын цагдаагийн алба хаагч нэг удаагийн хамгаалалтад гарахад 150 мянган юанийн төсөвлөгдсөн цалинтай. Тэнгэр газар шиг зөрүү байгаа биз, уншигчиддаа. Ийм ялгааг харж чадаагүй гэж энэ төсөв батлагчдыг би баалж байгаа юм биш. Зүгээр л газарт, иргэдийнхээ дунд амьдарч, амьдралд нийцсэн ажлыг хийгээсэй гэсэндээ энд жишээ татсан юм.
Цагдаагийн төрөл мэргэжлийн албад түүний дотор эргүүл, хэв журмын албаны цагдаа, ахлагч бүрэлдэхүүнд хамрагдах алба хаагчид нь 20-45 насны залуу эрчүүд. Харин эдгээр залуус өнөөдөр монголын цагдаагийн алба хаагчид учраас өдөрт 1200 төгрөгийн хоол л идэх ёстой. Энэ хоолны төсвийг төрөөс гаргаж байгаа… Үнэхээр энэрэнгүй түшээд, энэ төсвийг баталсан байгаа биз. Өнөөдөр өөрөөрөө овоглосон алба хаагчдадаа Монголын төр ийм л халамж үзүүлдэг. Энэ халамжийг хүртэгсэд буюу эргүүл, хэв журмын албаны цагдаа нар “хамгаалалт” нэрийн дор ихэвчлэн уртасгасан цагаар, ажлын бус цагаар, тэр бүү хэл хэдэн хоногоор зуны халуунд наранд шарагдаж, өвлийн хүйтэнд жаварт алгадуулж ажилладаг.
Үндсэн ажлын хажуугаар томчуудын баяр, улс төрчдийн жагсаал нэртэй шоу гэх мэтээр төрөөр овоглосон жирийн цагдаа нарт, цагдаагийн алба хаагчдад гарахгүй хамгаалалт гэж байхгүй болсон. Гэтэл энэ хамгаалалт жирийн цагдаагийн алба хаагчдад ямар дарамт болдгийг хэн ч мэдэхгүй царай гаргадаг атлаа, хэн хүнгүй л мэддэг нь гайхмаар. Өвлийн тачигнасан жаварт хацраа жиндүүлэн зогсох хамгаалалтын цагдаа нарын бээрсэн дотрыг нь бүлээцүүлэх аяга халуун аарцны ч үнэд хүрэхгүй 1200 төгрөгийн төсөв, галзуу солиотой биш ч гэсэн тухайн үед үйлдлээ хянаж чадахаа байтлаа эрэмшсэн нэгэнтэй улаан гараараа нүүр тулж ажилладаг болохоор нормоор тавигдсан хувцсаа энгэр заамгүй болтлоо зад хүүлүүлэхийн гачлан зэргийг энгийн хүмүүс үл мэднэ. Тийм ч учраас цагдаа нар төрийн тусгай хамгаалалтад тарвалзаж байдаг хэмээн ойлгож, чичлэх нь их. Үүнийг хамгийн ихээр мэддэг атлаа мэдээгүй дүр үзүүлэгчид нь хамгийн түрүүнд хамгаалалт нэхдэг төрөөр овоглосон томчууд. Тэгсэн атлаа хамгийн чимээгүй, үл мэдээч царайлагчид бас тэд…
Энэ үгийг цагдаагийн жирийн алба хаагчдаас дарга нар нь хүртэл бүгд боддог. Гэвч гаргаж хэлэх нь маш цөөхөн, бараг л байхгүй гэхэд хэлмэгдүүлсэн болохгүй. Нөгөө талаар бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалж, амрах цаггүй ажилладаг цагдаагийн алба хаагчид өөрсдийнхөө төлөө ажиллах бүү хэл алхахдаа ч үнэхээр хойрго шигээ дэндүү хашин. Үүний нэг жишээ нь өнөөдрийг хүртэл цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний хороо, холбоо байдгүйг хэлж болно байх. Магадгүй төрийн байгууллага, тэр дундаа хүчний байгууллага гэдэг утгаар зарим хороо, холбоог байгуулах зөвшөөрөл хязгаарлагдмал байж болох ч ажил эрхэлж байгаа, алба хаагчидтай байгууллагын хувьд эрх ашгаа хамгаалах асуудалд ийн хойрго хандаж боломгүй санагдана.
Учир нь хэн нэгний эрх ашиг хамгаалах гэдэг нэрийн дор олон утга агуулагдаж байдаг. Алба хаагчдын эрх ашиг зөвхөн цалин, мөнгөний хэмжээнд яригддаг зүйл биш юм. Тиймээс амь нас, эрүүл мэндээ орхиж ажилладаг цагдаагийн алба хаагчдын хувьд энэ асуудал орхигдож болохгүй тулгамдсан асуудлын нэг гэхэд хэтрүүлсэн болохгүй санагдана. Цагдаа нохойд барьдаг мод биш. Нэгэнт төрөөр овоглосон юм бол, төрийн хишгийг хүртэж, хамгаалалтад байдаг нь үнэн л юм бол төр тэдэнд өгөх ёстой эрх зүйн орчинг нь ч бас орхигдуулж болохгүй. Төрийг ард түмэн байгуулж, хуулийг иргэдийн төлөөллөөр баталгаажуулдаг. Харин Монгол цагдаа иргэдээ түшиж, иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалдаг. Нөгөө талаар цагдаагийн алба нь хүний эрх хөнддөг эмзэг алба. Тиймээс цагдаагийн алба хаагч хэн ч байсан эрх мэдэлдээ эрдэж, албаны байр сууриа орхигдуулан хувь хүн талаас асуудалд хандаж болохгүй. Дүрэмт хувцас өмсч, ажилд томилогдсоноор цагдаа болдоггүй. Ажил амьдралын явцад л ухаарал хатуужил, ур чадвар сууж байж сая туршлагатай, мэргэжлийн цагдаа болдог хэмээдэг нь энгийн нэгэн зүйл биш санагдана.
Нөгөө талаар иргэдэд маш ихээр шүүмжлүүлдэг цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал ч энд мөн хамрагдах болно. Тэгвэл нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр доргидог гэдгийг ухаарч, өөрийн хүлээсэн хариуцлага, оногдсон үүргийг ухамсарлаж ажиллах алба хаагчдын тоо ч бас нэмэгдэх боломжтойг эрх бүхий алба хаагчид эргэцүүлж нэг бодох цаг боллоо. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг. Цагдаагийн үйл ажиллагааны талаар иргэдийн саналыг сонсч, холбогдох судалгааг хийж, үйл ажиллагаандаа тусгах цаг хэдийнэ болсон байна. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагчдын эрх зүйн баталгааг дахин нэг удаа харж, цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх боломжийг судлах хэрэгтэй санагдана. Учир нь эрх зүйн баталгаа төгс биш цагдааг эрэлхэг зориг гаргаж ажиллахыг шаардах нь утгагүй. Гэдэс нь өлсгөлөн, гэртээ түлээгүй цагдааг амжилттай ажиллах ёстой хэмээн мугуйдлах нь бүр ч утгагүй. Цагдаа үнэхээр төрд харьяалагддаг юм бол төр цагдаагийн жирийн алба хаагчдаа хамгаалах, анхаарах цаг хэдийнэ болсон санагдана.
Х.Индра
URL: