Ш.Сайхансамбуу: Ерөнхийлөгч зөөлдөөд байна, УИХ-ыг тараах хэрэгтэй

210jsfro4njgmd6giiah2d39q0_b

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт биш, сайн тодотгол хийе. Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 2008-2012 оны УИХ-ын чуулганд та нэлээд  дуугарч байсан. Эх хуулиа өөрч­лөхөөр энэ удаа ярьж буй асуудлыг  юу гэж үзэж байна?

-Үндсэн хуулийг  өөрчлөх тухай энэ Их хурал гарч ирээд ярьж буй юм биш. Олон жил ярьж байгаа сэдэв. Миний хувьд одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа  Үндсэн хуулийг тааруухан боллоо гэдгийг 1992 оны нэгдүгээр сард батлах үед нь анзаарсан. Тэр үед би 40 эргэм насны, юмны учир ойлгочих, улс орон маань  социализмаас салж ирээдүйн замаа  зах зээлийн эдийн засаг гэж тодорхойлон хөгжлийн өөр системд шилжиж буй  чухал үед  гол хууль маань суурь муутай боллоо гэж дүгнэж байсан. Хоёр систем солигдож байхад би хотын захиргаанд мэргэжилтэн хийж байсан. Хотын захиргааны мундагчууд,  Алтангэрэл, Мөнхжаргал, Баасанжав, Энэбиш, Цэндсүрэн, Жавзмаа гээд том дарга нарын удирдлагад ажиллаж байсны хувьд улс төрийг ч гадарлаж байлаа.  Би 1989 онд МАХН-д гишүүнээр элссэн юм. Тэр үед хоёр жил орлогч гишүүнээр явж байж жинхэлдэг хатуу ч байж.  Юм юмны зах зухыг гадарлахтай болсны хувьд Үндсэн хуулийг өөрийн зүгээс дүгнэж байсан минь  тэр. 1992 оны Үндсэн хуулийг тухайн үед гурван хүн, тухайлбал Б.Чимид гуай, генерал Пүрэв, дээд шүүхийн дарга Ринчен нар голлож хийсэн болов уу гэж би ойлгодог. Б.Чимид гуай “Бид Үндсэн хууль хийх гэж их зовсон. Капиталист системийг мэдэхгүй учир АНУ, Франц, Герман явж судалсан” гэж дурссан байдаг. Тэднээс өөр хууль хийчих хүн ч байгаагүй. Тэр хуулийн юун дээр алдаа гарсан бэ гэвэл, одоогийн төрийн тогтолцоо, удирдлагын механизм дээр алдсан. Түүнээс монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй оричнд амьдрах эрхтэй, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт манж үгс бол автоматаар гар өргөж батлагдсан зүйлс. “Бид 60 хоног нойр, хоолгүй зүтгэсэн” гэдэг юм билээ, тэр нь тогтолцоогоо яах вэ гэсэн маргаан л байсан. Түүнчлэн парламентыг хоёр танхимтай болгоно, хоёр эхнэртэй болно гээд олон юм ярьсан. Хамгийн сүүлд гурван толгойтой  төрийн тогтолцоог баталсан. Тэр гай өнөөдөр ч нүүрлэж байна. Энэ тухай би 2008-2009 онд Үндсэн хуулийн хямрал болчихсон гэдгийг хэлж байсан даа. Өнөөдөр ч тэрний үр дагавар улам нарийсч гарч байна. Жишээ нь, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Тогтолцооны асуудал хэл ам тасрахгүй байна.  Энэ бол Үндсэн хуулийн хямрал явсаар бүр гүнзгийрч байгаагийн илрэл. Үүнийг засч авахгүй бол дотоодод аюул нүүрлэчихлээ. Гадныхан бол манай Үндсэн хуулийн хямралыг ажиглаад хэзээ дотроо тэмцэлдэж босч ирэх нь вэ гэдгийг харж  суугаа. Өнөөдөр үг хэлээр дайтаж байна, үйлдлээрээ бол 2008 оны долдугаар сарын 1-нд  нэг удаа цухас гарч ирээд намжсан. Даамжирвал бид бие биетэйгээ алалцахад хүрнэ. Төр гурван толгойтой болсны гай энэ. Эрх мэдлийн төлөөх тэмцэл даамжирвал хэцүү. Нэг байх ёстой зүйл, гурав болчихоор ийм зовлонтой. Гэтэл манай хойд, урд хөрш нэг толгойтой, нэгдсэн удирдлагатай болоод ирсэн. Тэр бүү хэл, энэ хоёр улс чинь дэлхийн бодлогыг тодорхойлолцож, тэдэнгүйгээр дэлхийн ямар ч асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ. Гэтэл манайх нэг байх албан тушаалыг гурав хуваачихаад, тэд нь нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдээд байж байна.

Ардын нам нэмэлт өөрчлөлтийн төсөл ярьж байгаа. АН 60 тэрбумын асуудлаа шийдсэний  дараа энэ тухай ярь гэж шаардсан. МАХН шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Өөрчлөлт ямар байх нь зүйтэй вэ? 

-Нэмэлт өөрчлөлт гэдэг шал худал зүйл. Энэ тухай олон жил ярилаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль ч бас нэг дэмий юм. Хуулийг хуулиар чагталдаг механизмд оруулчихсан, ийм байж болохгүй.  Д.Лүндээжанцан Үндсэн хуулийг өөрчлөх хүн биш. Харин ч 1992 оноос хуулийг баллаж ирсэн нөхөр. Юм бол ажлын хэсэг ахлуулдаг, гол ажлыг бариулдаг, махлуулдаг. Өөрсдийгөө нээх мундаг хашир туршлагатай парламентач, хатуу самар,  зангарагтай хуульч гэж өргөмжлөөд  тарьсан гайг нь Монголын ард түмэн үүрч даахгүй байна. Үндсэн хуулийг яаж өөрчлөх юм бэ гэвэл  уг нь гайгүй юм. Хууль руу бүтэн орох ч шаардлагагүй. Удирдлагын тогтолцоо, механизмд өөрчлөлт хийх хэдхэн асуудал л бий. 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт” хийж алсан хүмүүс бүгд амьд сэрүүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух хэрэгтэй. Тэдний хүсэл зориг, эрх ашигт нийцсэн байдлаар өөрчлөлт хийх учиртай. Миний хувьд  цахим хуудастаа өөрийн санаа бодлыг бичээд байгаа. Хамгийн гол нь улсаа нэг л удирдлагатай болгоё. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт биш, сайн тодотгол хийе. Сонгууль болгоноор луйвар хийдэг байдлыг зогсооё. Өнөөдөр хийгээд байгаа зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг гээч огт худал. Ард түмэн оролцохгүй байна,  сонгогдсон хэсэг хүн, гар хөл болсон хүмүүс л байна.

-Тэгвэл ажлын алба байгуулан боловсруулж өргөн барьж явсан  Эрүүгийн хуулийн талаар ямар бодолтой байна. Долдугаар сарын 1-нээс шинэ хууль хэрэгжлээ?

-С.Нарангэрэл академич ахалж 8-9 хүний бүрэлдэхүүнтэй  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн боловсруулж өргөн барьсан. Удалгүй 2012 оны сонгууль болсон, намаас намайг нэр дэвшүүлээгүй. Өргөн барьсан хуулийн төсөл  маань олон хүний гар дамжсаар, хамгийн сүүлд С.Бямбацогтын үед дуусч, танигдахын аргагүй өөр  болоод гарах шив дээ. Шагналын тухай хуулийг ч мөн шинэчлэн  боловсруулж өргөн барьсан, дарагдаад өнгөрсөн. Намын тухай хуулиар ч байр сууриа илэрхийлж байсан, бас л хэрэгжүүлээгүй. Ер нь намуудыг татан буулгах хэрэгтэй. Тэднийг  цэгцлэхгүй бол ард түмэн амар заяа үзэхгүй.  Монголоо нэгдмэл болгоё гэвэл, намын гишүүнчлэлийг байхгүй болгох хэрэгтэй.

-Та Их хурлын гишүүн байхдаа Оюутолгойн асуудалтай холбогдуулан төрд байгаа хүмүүс “Нууц данс”-тай байна гэж хэлсэн. Тэр нь одоогийн оффшор дансыг хэлж байжээ дээ?

-2010  онд Оюутолгойн гэрээ хаврын чуулганд орж ирэхэд нэр бүхий зургаан гишүүн эсэргүүцсэн. ТЭЗҮ муу байна гэдэг үндэслэлээр зургаан сарын хугацаатай буцаасан. Гэтэл зургаан сарын дараа  оруулж ирээд хүчээр баталчихсан. Тэр асуудлаар хэдхэн гишүүн маш их дуугарсан. Тэр үед би Оюутолгой тэртэй, тэргүй бидэнд олдохоосоо өнгөрлөө, байхгүй болчихлоо. Оюутолгойг байхгүй болгосон С.Баяр тэргүүтэй хэдэн хүн байна гэдгийг хэлсэн. Гол нь монголчуудад орж ирэх 34 хувийг л ярьсан хэрэг. Энэ хувь дээр нэр бүхий хүмүүс тоглолт хийж, гадаадад нууц данс нээлээ. Хэзээ нэгэн цагт тэр чинь илрэхэд та нар тайлбараа хэлж чадах юм байгаа биз дээ  гэж  тэр үед ярьсан. Хамгийн сонин нь  миний Их хурал дээр хэлсэн, ярьсан энэ мэт үгийг бүгдийг арчиж алга болгосон байдаг юм билээ. Жагсаалтад үг хэлсэн гэж байгаа атлаа бичлэг авъя гэхээр байхгүй, би бүгдийг  шүүлгэж үзсэн.  Нууц данс гэж миний хэлээд байсан тэр зүйл одоогийн  оффшор юм. Тэр үед оффшор гэж яривал хүмүүс ойлгохгүй, би өөрөө онигоонд орохоор байлаа. Тиймээс нууц данс гэдэг үгээр тайлбарлаж ярьсан нь тэр. Оюутолгой тийм замаар явсан. Сүүлийн үеийн улстөрчид Рио Тинто луйвардчихлаа, идчихлээ гэж нэг  компанитай үзэж тараад байдаг. Тэр үед Рио Тинто байгаагүй, “Айвехоу Майнз”-ийн Фрийдланд гэдэг луйварчин тэр хэргийг хийсэн. Өөрөө ороо ч үгүй, Камерон МакРей гэдэг нөхөр гэрээ хийж, манай Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын зарим гишүүнийг баясгаад яваад байсан. Гэрээ батлахад бүгд Их хурлын чуулганы танхимд цугласан. 250 сая  ам.долларын хурдан морины пайз шиг юм гардуулж, манай зарим сайд адис авч гардаад л. Тухайн  үед нэг канад хүн уруу царайтай байж байгаад гарсан нь бичлэгт байдаг. Тэр хүний царай төрх “Бид Монголын ийм их баялгийг дэндүү луйвардчихав уу даа” гэсэн байдалтай надад харагдсан. 250 сая ам.долларыг авч уруудсан юмыг сүүлд Ч.Сайханбилэг гарч ирээд бүр ч нугасалсан. Ганц нэг хувцас нийлүүлэх гэх мэт ажил байдаг шиг билээ. Тэрийг нь Их хурлын гишүүдийн компани аваад хийчихдэг. Ард түмэнд юу ч наалддаггүй, ийм л явж ирлээ. Одоо  Ерөнхийлөгч эдэнтэй  нялцганах хэрэггүй. Хугацаа өгөөд байх ч юм байхгүй.  Ард түмэнд хүлээх чадвар алга байна шүү дээ. Тэгэхээр шууд тулж харьцах хэрэгтэй. Төрийн тэргүүн дэндүү  зөөлөн хандаад байна.

-Ингэхэд та 2016 оны сонгуульд нэр дэвшсэн. УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ам нээгээгүй санагдана. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хоёр том нам ялгагдахаа байсан. Дээгүүрээ ямар ч үзэл баримтлал, бодлого гээч юм байхгүй түрийвч,  эрх ашиг хоёроороо  нэг болчихсон, доогуураа ах дүү, танил талаараа хуваагдан сум, баг, хороо, дүүрэгт хоорондоо үзэлцээд байдаг. Тиймээс алийг нь ч сонгосон ижилхэн болчихсон. Тиймээс Монголын ард түмэн шинэ улс төрийн хүчин, шударга хүмүүс, зөв замыг   хайж байна. Хоёр нам өнөөдөр нэг нь нөгөөгөө 60 тэрбум төгрөгөөр шантаажлаад ч яалтай. Өөрсдөө эрх барьж байхдаа бондын мөнгө идэж ууснаараа ард түмнээр дүнгээ тавиулж  сонгуульд үсэрсэн. Тиймээс би  шинэ улс төрийн хүчин, шинэ хүмүүсийг эрж хайж буй Монголын ард түмэнтэй санал нэг байгаа. Шинэ хүн удирдсан, шинэ нам л улс орныг, ард түмнийг аварна. Гэвч улс төрд бугшсан хууччуул, хоёр нам амар хялбар зайгаа тавьж өгөхгүй л дээ. Үүнийг цэгцлэх байх гэдэгт би, Х.Баттулга Ерөнхийлөгчид ихээхэн найдаж байгаа. Хүнийг нь ч би сайн мэдэх учраас танай сонинд ярилцлага өгөх дашрамд ингэж уриалж хүсэх байна.  Ерөнхийлөгч энэ нөхөдтэй хатуу гараар үзэх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч зөөлдөөд байна гэлээ. 2010 онд та  “Х.Баттулга Ерөнхий сайд байж чадна” гэж хэвлэлд ярьж байсан санагдана?

-Тэр үед Х.Баттулга Ерөнхий сайд болчихсон бол одоогийн энэ завхрал гарахгүй байсан болов уу. Төмөр зам, нүүрс гэхчлэн бүх асуудал өнөөдөр ажил хэрэг болчихсон байх байлаа. Ерөнхийлөгчөөс илүү Ерөнхий сайдыг маш сайн хийх хүн гэж би боддог. Харамсалтай нь юм хийдэггүй хүмүүст аз таараад өнгөрсөн. Ер нь бол хүнийхээ хувьд маш хурдан бодож сэтгэдэг гүйлгээ ухаан сайтай. Ерөнхийлөгчийн ажил өөр, нялх хүүхдээс наян настай буурлыг хүртэл бүх асуудлыг хамардаг. Нэрлээд байх ч юмгүй, өөрөө мэдэж байгаа шүү дээ, Монголд хэдэн хулгайч, луйварчин байгааг. Тиймээс би Төрийн тэргүүнийг хатуухан үзэлцэх хэрэгтэй гээд байгаа юм. Улсын мөнгийг хулгайлж ард түмнийг өрөнд оруулсан хулгайч нарыг юуг нь гуйдаг юм бэ. Шууд  буцааж авах хэрэгтэй.

-“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж хамтарч ирсний хувьд   өнөөдөр /өчигдөр/  болсон Ноён уулын Гацууртын ордын ашиглалтын лицензийг түдгэлзүүлэх шүүх хурлын шийдвэрийг юу гэж үзэж байна?

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс  Сентерра Гоулд компанийн ашиглалтын лицензийг түдгэлзүүлсэн. Ноён уулаа өнөөдөр ухуулчихгүй байлгаж, Гацууртын ордын зөвшөөрлийг түдгэлзүүлж  ирсэн зүйл бол 2019 оны нэгдүгээр сард бидний долоон гишүүний өргөн барьж, батлуулсан  Урт нэртэй хууль юм.  Хэдийгээр тэр хавийн Зүүн Хараа, Баруун Хараа гэж сайхан уулс сүйдсэн ч гэлээ  энэ хууль гараагүй байсан бол өдийд Ноён уулын тал нь алга болчихсон байх байлаа. Бас бид яаж ч тэмцээд нэмэргүй байх байсан. Ер нь бол Сентерра Гоулд компани, Ноён уултай холбоотой алт олборлолтын асуудлын гол зангилааг Сү.Батболд гэдэг хүн л тайлж өгөх учиртай. Ерөнхийлөгч тэр хүнийг дуудаж хэлүүлэх хэрэгтэй. Тэндээс хэдэн тонн алт олборлосон бэ, манайд хэдий хэмжээний татвар төлсөн бэ. Хоёр том уул алга болсон, тэр дотор хэдэн тонн алт байсан юм бэ. Өөрөө хэдийг нь авсан бэ, оффшортоо хэдийг хийсэн юм бэ гэдгийг  асуух ёстой. Ер нь С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт гурваас оффшорын  хариуцлагыг  нэхэх  учиртай. Ингэвэл олон юмны гогцоо тайлагдана. Ерөнхийлөгч мэдэж байгаа байх аа.

-Эцэст нь асуухад, та одоо намаас хол байгаа юу. Сонгуулийн өмнө Г.Уянгын намд орлоо гэсэн. Сүүлд  шинэ нам байгууллаа  гэх мэдээлэл гарсан?

-Би МАХН-д 1989 онд элссэн. Жинхэнэ утгаараа би тэр намын л гишүүн байх ёстой хүн. Сүүлд намын нэрийг сольж, Ардын нам болгон  хүчээр батлах тараахдаа надад өгөөгүй, би ч аваагүй. Дөрвөн жил УИХ-д суухдаа би  нам дотор ямар гээч муухай хүмүүс байгааг бүгдийг харсан, таньсан. Оюутолгойг шүүмжилснээс болж, намайг сонгуульд нэр дэвшүүлээгүй. Энэ бүхнээс би Ардын нам бүтэхгүй нь, ирээдүйд сандал суудлын төлөө алалцах улс байна гэж дүгнэсэн. Ер нь бол нам дотор орж, бүлэг, фракц байгуулж тэмцэнэ гэж У.Хүрэлсүх шиг шүд зуугаад үзэлцсэн бол өнөөдөр нэлээд хүчээ авчихсан байх боломж байсан. Гэсэн ч би дотоод тэмцлийг болъё гээд 2016 оны сонгуулийн өмнө М.Энхболд даргад учраа хэлээд гарсан. М.Энхболд дарга намайг “Өөрөө мэд”  гэсэн. Ингээд байж байтал Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас явна гэж хэдэн залуу ирж уулзсан. Тэр Г.Уянгын байгуулсан нам ч биш. Залуус хэлэхдээ “Бидэнд боломж, туршлага алга. Та манай намыг аваад сонгуульд орооч” гэсэн. Би  дарга болох дургүй гээд Г.Уянгад энэ талаараа танилцуулж, УИХ-ын гишүүн, нэр нөлөөтэй хүн гэдэг утгаар нь түүнд намыг хариуцуулсан. Сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл, Ногоон нам эвсэл гэсэн нэрээр орсон. Түүнээс биш би тэр намд орж, гараад байсан юм байхгүй. Уг нь бие даагч нар нийлж, нэгдэж оръё гэж би бүгдтэй нь уулзсан. Нэг нь ч ороогүй. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр МАН-даа буцаад орчихсон. Эцэст нь Г.Уянга бид хоёр л үлдсэн. Одоо 60 тэрбумын асуудлыг харж байхад бидний саналыг бүгдийг луйвардчихсан юм билээ. МАН миний эсрэг манай дүүг тавиад, Завханд. Бас нэг өрсөлдөгч нь СЕХ-ны ажлын албаны даргынх нь эхнэрийн дүү. Би Завханаас өндөр санал авсан. Гэтэл  3000 гаруй санал луйвардчихсаныг нь  сүүлд  мэдсэн. Тухайн үед луйврын аргаар Х.Баттулгыг ч, Г.Уянгыг ч унагаасан. Луйвраа нуухын тулд С.Жавхлан, О.Баасанхүү хоёрыг  гаргаж, АН-ыг бүлэгтэй үлдээсэн. Өнөөдөр энэ УИХ хууль бус гэдгийг ганц би ч биш, Монгол даяар мэдлээ. Тиймээс хариуцлага тооцож, тараах ёстой. Энэ бүхний эцэст би нам байгуулахад  буруудахгүй юм байна гэдгийг ойлгосон. Сайн хүнээр удирдуулсан сайн нам байх аваас Монголын ард түмэн дэмжинэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих