Иргэн М.Цэцэгсүрэн: Цагдаагийн байгууллагын ажилтнаар зодуулчихаад одоог болтол эрүүл мэндээрээ хохирсоор явна
Монголын цагдаа иргэнээ хамгаалах ёстой атал Иргэнээ барьж зодоод гар мөрийг нь гэмтээчихээд одоо болтол хариуцлага хүлээхгүй ажлаа хийсээр явна.
Үндэсний их баяр наадмын өдөр /2017.07.11/ Хүй долоон худаг орчимд ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаa, цагдаагийн ахлагч Мөнхбаясгалан гэгч иргэн М.Цэцэгсүрэнгийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хүйдолоон худаг руу зөвшөөрөлгүй машин нэвтрүүлж байсан цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсан иргэн М.Цэцэгсүрэнг замын цагдаа Мөнхбаясгалан хүчтэй цохиж мөрийг мулталсан байна. Үүнээс үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй олонц аг болсон иргэн М.Цэцэгсүрэн эрүүл мэндээрээ хохирч өдгөө Монголд эмчлэхгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Энэ тухай хохирогч иргэн М.Цэцэгсүрэн манай сайтад хандсан юм.
– Тухайн өдөр юу болсон вэ? Яагаад цагдаагийн албан хаагч таны биед халдах болов. Энэ талаар тодруулахгүй юу?
– Улс орон даяараа баяр наадмаа тэмдэглэж байсан 7 сарын 11 -ний өдөр би бусдын жишгээр хурдан морьны уралдаан үзэхээр Хүй долоон нутагт очсон. Энэ үед Хүч долоон худагт ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Мөнхбаясгалан гэгч зөвшөөрөлгүй машин нэвтрүүлж байсан. Үүдээр ороход 10 гаруй машин нэвтрүүлчихсэн байсан. Тухайн үед би иргэний үүргээ биелүүлэ ямар машиныг нь оруулаад байгаа тухай асууж, шаардлага тавихын тулд машинаасаа буугаад бичлэг хийсэн. Баримтжуулах гэж тэр шүү дээ. Ингээд машинаасаа бууж ирээд замын цагдаад хандан “Та хууль бус зүйл хийгээд байна. Зөвшөөрөлгүй машин нэвтрүүлж болохгүй. Даргад чинь хэлнэ” гэж хэлээд бичлэг хийсэн. Гэтэл тэр цагдаа үгийн зөрөөгүй хүрч ирээд бичлэг хийж байсан утастай гарыг минь шууд базсан. Ингэхдээ баруун мөр хавьцаа хүчтэй цохисон. Намайг цохидог цагдаа өндөр том биетэй цагдаа байсан. Цохиулсны дараа баруун гар хойшоо савахдаа мөр мултарсан. Би тэр дороо хойшоо хүчтэй унаж, баруун гар даагдахгүй болтлоо өвдөж эхэлсэн. Тэгээд ойр орчимд хүн байгаагүй тул түргэн тусламж дуудахийг хүссэн юм. Гэтэл өнөөх цагдаа намайг нохой хуцсан чинээ тоохгүй, анхны тусламж дуудах байтугай, эмнэлгийн тусламж авах бололцоотой Хүй долоон худаг руу нэвтрүүлж ч өгөлгүй тэнд удаан байлгаж хугацаа алдуулсан юм. Энэ хооронд би өвчиндөө шаналж хөдөлж ч чадахгүй байсан тул түргэн ирэхийг хүлээсэн. Түргэн тусламж 2-3 цагийн дараа ирж хот руу авч явсан. Харин гэмтэл учруулсан цагдаа уучлаарай ч байхгүй хаашаа ч битгий утсаар ярь, түргэн чинь удахгүй ирнэ гээд намайг зандарсан.
– Зөрчил гаргасан цагдаатай дахин уулзсан уу, гомдол гаргав уу? Одоо таны бие хэр байна вэ. Гараа сойсон байна.
-Түргэн дуудсаны дараа цагдаагийн ёс зүйн албыг дуудсан. Тэд хотоос ирэх гэж цаг 30 минут болсон. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст наадмын өдөр өргөдөл гаргасан. Одоогоор хариу өгөөгүй байна. Биеийн байдал тааруухан байна. Баруун гарын булчин хөдлөхгүй, байнгын өвчин намдаагч эм ууж байна. Өвчин намдаагч эм их ууснаас болж ходоодонд өөрчлөлт орж өлсөх, цадах мэдрэмжүүд нэмэгдсэн. Баруун гарын хуруунууд мэдээтэй байгаа ч булчин тэр чигтээ өвчтэй хүндхэн байна. Тухайн өдөр хэрвээ түргэн тусламжийг цаг алдалгүй дуудчихсан байсан бол миний онош арай хөнгөвтөр байх байлаа. Гэтэл мөр мултраад оруулалгүй гар унжиж удаж, цаг хугацаа алдсанаас болж мөр далны хооронд нь холбосон мөгөөрсөн эд нь цуурч, сэмэрч эргэж төлжих боломжгүй болсон байна. Том хүнийх бол нөхөн төлжинө гэж бараг байхгүй гэж ГГСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлсэн. Миний хувьд мөр мултраад олон цаг зогсохоор баруун гарын бүх ачаалал мөгөөрсөн дээр тогтсон юм билээ. Хавагнаад шингэн гүйчихдэг юм билээ Мултарсан мөрний мөгөөрсөн эд сэмэрч хооронд урагдалтай гэсэн онош тавьсан. Заавал хагалгаанд орох ёстой гэж оношилсон. Биеийн байдал харахад гар сойлттой зүгээр байгаа юм шиг боловч шөнө болохоор халуурна, тэгээд суугаагаараа унтана, хэвтэж чадахгүй, өвчиндөө шаналсан байдалтай, байнга өвчин намдаах эм ууж байна.
– Урагдалтай гэсэн оношийг тодруулж тайлбарлаж болох уу?
– Гэмтлийн эмч нарын мөрний лабром урагдалтай гэсэн онош гарсан. Мөр дал хоёрыг хооронд нь холбодог мөгөөрсөн холбогч эд сэмэрч урагдсан гэсэн үг. Нөхөн төлжих боломжгүй гэсэн. Хагалгаа хийх шаардлагатай. Тэгээд Монголд нарийн мэс заслаар дагнасан эмч байхгүй гадаадад эмчлүүлсэн дээр гэсэн хариу өгсөн. Гадаадад ч гэсэн өндөр зардалтай байдаг юм билээ. Одоогоор судалж байна. Яг нарийн хэдэн төгрөгийн үнэтэй гэсэн хариу ирээгүй байна. Удаан хугацаанд гэмтэлтэйгээ явбал тахир дутуу болно, хуруу хөдөлж байгаа ч булчин чангарахгүй, гарын хөдөлгөөн хязгаарлагдмал, өдөр тутмын амьдралд юм хийх боломжгүй болчихоод байж байна. Мэс засал хийлгэхгүй удвал баруун гараа мөрөөр нь тайруулах дээрээ ч тулж магадгүй гэсэн /уйлав/.
– Цагдаагийн байгууллагаас таны гомдолтой холбоотойгоор хариу өгөөгүй байгаа юм уу?
– Гомдлын хариуг одоо болтол өгөөгүй байна. Одоогоор шалгаж байна. Тэд хэлэхдээ, та шүүхийн шинжилгээний эмч дээр бүх зүйлээ өг гэж л хэлсэн. Таны шүүх эмнэлгийн хариу гарахад бид асуудлыг шийдэж өгнө гэсэн. Шүүх эмнэлгийн хариу гартал би хэвлэлд хандаагүй. Гэвч шүүх эмнэлгийн эмч намайг зодсон цагдаагийн ажилтны талд ажилласан гэж хардаж байгаа.
– Яагаад?
– Өргөдлөө өгснийхөө дараа шүүх эмнэлэгт очсон. Түүнээс хойш гурав хоногийн дараа буюу 7 сарын 15-ны өдөр шүүх эмнэлгийн эмч дээр очиход анх хүлээн авч үзэж байсан тус эмнэлгийн эмч н.Одончимэгийн надад хандах хандлага харилцаа шал өөр болчихсон байсан. Өрөө рүү нь ороход намайг үзэж хараагүй, гэмтлийн зэргийг ч тогтоогоогүй байж зүгээр байна гэсэн. Би “та миний зүгээр гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ” гэж гайхаж асуусан. Хаалгаар нь ороход тэгэж хэлсэн л дээ. Би бүр гайхаж орхисон. Тэгээд би тэр эмчид “хагалгаанд орох хэмжээнд хүрч, гэмтсэн байна” гэж Гэмтлийн эмнэлгийн эмч нарын тайлбарыг хэлсэн. Тэгэхэд рентгений зургийг утсаар аваад, эргээд ярина гэж хэлээд үлдсэн.
– Ингэхэд энэ хооронд таныг гэмтээсэн цагдаагийн албан хаагч холбогдсон уу?
–Тэр одоо болтол нэг ч удаа над руу яриагүй. Харин Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга гэх, цагдаагийн офицер н.Сүхбат гэдэг хүн над руу хоёр удаа залгасан. Эхлээд ярихдаа гэмтэл учруулсан цагдаагийн ах нь байна гэж хэлсэн. Дахиад ярихдаа “бие чинь яаж байна, чамайг зодсон цагдаагийн тасгийн дарга нь байна” тасгийн дарга нь байна гэж ярьсан. Түүнээс хойш холбоогүй байна. Одоо эргээд бодоход намайг зодсон цагдаа Мөнхбаясгалан гэгч ардаа цагдаагийн өндөр албан тушаалтантай бололтой юм байна. Уг нь тухайн өдөр надад яаралтай түргэн тусламж үзүүлээд, мултарсан мөрөө тэр дор нь оруулсан бол би гомдлоо татаж болох л байсан. Ажил үүргээ биелүүлж яваа цагдаа жиргийн иргэний биед халдана гэдэг том асуудал. Манай цагдаа нар харьцаа муутай байдгийг бүгд л хэлдэг. Гэтэл тэд харьцаа муутайн дээр хүнд гар хүрдэг болж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг. Иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж байх үүрэгтэй тэднээс харин иргэд сэрэмжлэхэд хүрээд байна.
–Та манай сайтаар дамжуулан юу хэлэх вэ?
– Цагдаагийн байгууллагыг хүчний байгууллага биш иргэдэд үйлчилдэг, иргэдэд тусладаг байгууллага болж байгаа тухай Цагдаагийн байгууллагын удирдлагууд их ярьдаг юм билээ. Гэтэл бодит байдал дээр Цагдаагийн албан хаагч нь эмэгтэй хүний биед халдаж зодоод, бараг тахир дутуу болгох шахчихаад байхад ямар ч хариуцлага хүлээхгүй явж байна шүү дээ. Цагдаагийн өндөр албан тушаалтнууд Шүүх эмнэлэгийн Одончимэг эмч миний ийм нөхцөл байдлыг хөнгөн гэмтэлд хамааруулсныг нь албан тушаалаа урвуулсан, авлига авсан гэж үзэж байгаа. Одончимэг эмчийг Шинээр мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуулийн 21.4 -р зүйлд заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн зүйл ангид хамааруулан шалгуулахаар хандана.
Хууль шударга ёсыг сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллагын ажилтнууд өөрсдөө иргэдийг зодож гэмтээчихээд, наад асуудлаараа заргалдаад чи юунд хүрэхгүй гээд басамжлаад, дээр нь ар өврийн хаалга хэрэглээд явж байгааг юу гэх вэ, Жирийн иргэн хүн хохироод үлдэж, албан тушаалтнууд завшаад хоцрох уу? /уйлав/
Өнөөдөр би ганц гартай болчихоод машинаа ч барьж, хоолоо ч өөрөө идэж, үсээ самнаж чадахгүй нөхцөл байдалтай, дээр нь шөнө халуураад унтаж чадахгүй байна, өдөр болгон таксигаар хэдэн эмнэлгүүдийг тойрч явж байна. Гэтэл намайг зодож хохироосон замын цагдаагийн ахлагч Мөнхбаясгалан гэгч “надаас яаж байна” гэж хүн ёсоор нэгч удаа асууж лавлаагүй байна.
Энэ асуудлыг шалгаж өгөөч гэж Цагдаагийн Ерөнхий газрын дарга Хурандаа Ө.Энхтөр болон Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазул нарт хандана гэдгээ хэлэх байна. Биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүний мөрийг мултартал цохичихоод, анхны тусламж үзүүлдэггүй аархаад зогсож байдаг Цагдаагийн албан хаагч нийт монголын цагдаагийн байгуулагын үйл ажиллагааг харлуулж байна. Албан тушаалдаа аархсан, иргэнийг зодож, дээрэлхдэг, хүчний байгуууллага гэдэгтээ эрдсэн, шүүх эмнэлэг, хуулийг өөрийн талда ааргалчихна гэж бодсон, иргэнийг хохироосон ч үл тоосон байдалтай эвлэрэхгүй тэмцэнэ гэдгээ илэрхийлье.
Ц.Мөнх
URL: