М.Энхболдоос хэн түрүүлж урвах вэ

1502762432599255c00befeНамын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас МАН дотор хариуцлага яригдах нь цаг хугацааны л асуудал. Яригдах ч ёстой, гол нь хэзээ, хаана, хэн эхлүүлэх нь хамгийн сонин байлаа. Гэвч зарим нөхөд МАН дотор, Тусгаар тогтнолын ордонд ярих асуудлаа Засгийн газартай, Төрийн ордонд ярихаар шунаж эхэлжээ.

“Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг дээ. Намаа цэгцлээгүй байж, алгасаад төр рүү яаран шунахын учир юу вэ. Хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох цаг болчихсон хэрэг үү, хоёрдугаар ээлжинхэнд багтахын тулд түрүүлж дуугарч байна уу. Хувь заяаны шоглоом ч гэх юм уу, улс төр ингэж цагаандаа гарчихсан байдаг юм уу, М.Энхболдын сонгуулийн штабын толгойд ажилласан, тусгай байранд баг ахлан төлбөрт жиргээ бичүүлж явсан хүн л хамгийн түрүүнд дуугарах юм даа.

“М.Энхболдоос хамгийн түрүүнд хэн урвах вэ” уралдааныг тэргүүлэгч тэр хүн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм. Тэр эхэндээ Н.Энхбаярын хүн байлаа. “Number one” хөдөлгөөн байгуулан “Намбарын Энхбаяр бол номер нэг” улс төрч хэмээн өргөмжлөн, түүнийг магтан дуулагч явлаа. Н.Энхбаяр хаан байхаа больсноос хойш Л.Оюун-Эрдэнэ эзнээ сольсон юм. Тэр үед Сү.Батболд намын дарга, Ерөнхий сайд болж таарсан тул түүний хүн болохын тулд “нэг зүгийн нутгийнхан” болох гэж хормойдон гүйдэг байв.

Саяхан даа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболдыг ялна гэдэгт толгойтой бүхэн итгэж, түүнийг тойрон бизнес хийгчид бүчиж байв, Л.Оюун-Эрдэнэ  тэднээс дутсангүй. М.Энхболдын сошиалын багийг ахалж, Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд залуустай хийсэн уулзалтыг нь хөтлөн намын даргынхаа өмнө бэлтгэсэн асуултаа дэвсэн хормойдон гүйж байв. Хэрвээ тэр ёс зүйтэй нэгэн байсан бол төрсөн ах Баатар нь өрсөлдөгч Х.Баттулгын хамаг гол ажлыг нугалж байхад өөрөө сайн дураараа сонгуулийн кампанит ажлаас татгалзах байлаа. Тэгээгүй юм.

Тэр үедээ Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хөзөр болгоод байгаа 60 тэрбумаа тас үгүйсгэж, намын даргын маань ариун нэр төрд халдлаа хэмээж явсан үгс нь одоо ч хатаж амжаагүй байна. Харамсалтай нь М.Энхболд сонгуульд ялаагүй учир Л.Оюун-Эрдэнэ шинэ Ерөнхийлөгчийн хүн болж чадсангүй. Тэр шинэ эзэнтэй болж чадсангүй. Одоо тэр “60 тэрбумынхнаас намаа цэвэрлэнэ” гэж хатуу мэдэгдэн Засгийн газрыг огцруулахаар Их Хурлын гишүүдээс гарын үсгийг нь гуйж явна.

УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүн яагаад 60 тэрбумаар дуугараагүй юм бэ. 60 тэрбум бодитой нь үнэн юм бол энэ үйл явдлын нэг оролцогч гэгдсэн М.Энхболдыг яагаад төрийн тэргүүний сонгуульд Л.Оюун-Эрдэнэ баг ахлан дэмжиж гүйгээд байсан юм бэ. Өөрөөр бизнес хийж л байвал төр 60 тэрбумынхаар бохирдох нь хамаагүй, харин нам бол бохирдож болохгүй гэж үзсэн хэрэг үү. М.Энхболд төрийн тэргүүн, Ерөнхийлөгч болчихсон бол та өнөөдөр “төрөө 60 тэрбумаас цэвэрлэнэ” гэж мэдэгдэж чадах байсан уу. Хэрвээ М.Энхболд ялаад Ерөнхийлөгч болчихсон бол гарын үсэг цулуулагчид засгаараа оролдох байсан уу.

Эрхэм гишүүн ээ, та үүнд хариулна уу. Хариулж чадвал танд итгэе. 60 тэрбумын оролцогч хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй гэдгийг та нам дээрээ нэг удаа хэлсэн бол танд итгэе. Тэгж чадаагүй, хамгийн гол ажлыг нь нугалж гүйчихээд өнөөдөр  ялагдсан даргаасаа хамгийн түрүүнд нүүр бууруулж байгааг эр хүний жудаг гэх үү, улс төр гэж ойлгох уу.

Н.Энхбаяр Number one” хөдөлгөөнд вакумжуулаад ялагдсан, М.Энхболд ч сая сошиал “number one” л байлаа, гэхдээ бас ялсангүй. Тийм ээ, Л.Оюун-Эрдэнэ намын даргынхаа номер нэг багт багтдаг, харин сонгууль бүрт нэр дэвшигчээ номер хоёроор гаргаж ирдэг.  Цагтаа тэр МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүн байлаа, буухдаа харин залуусаа бас л хоёр хуваагаад бууж байв. Одоо 65 суудалтай МАН-ын бүлгийг гарын үсэг зурсан, зураагүйгээр нь хоёр хуваах бололтой.

Н.БАЯР

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих