МОНГОЛ УЛСАД ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

2af804a87fc3b00a92552a1b2c2b6b34_4320Улсын хүн хамгийн багадаа дөрвөн саяд хүрч байж хөгжлийн дугуй нь хурдан эргэж эхэлдэг талаарх эрдэмтдийн судалгаа байдаг юм билээ. Гэтэл манайх одоогоор 3.1 сая хүнтэй л байна. 20 гаруй жилийн турш хоёрхон саяулаа гэгдэж байсныг бодвол бас ч гэж өсчихлөө. Гэхдээ л энэ их өргөн уудам нутагт хүн нь үнэхээр цөөдөж байгаа. Манайхан “Монголчууд таван сая хүрвэл дэлхийг эзэлнэ гэж бусад улсууд айдаг юм гэнэ билээ” гэж өөрсдийгөө хөөргөдөг. Дэлхийг эзлэх нь ч юу юм. Гэхдээ л хүн ам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эргэлт хурдасч, улс орны хөгжил тэлнэ. Гэвч Монголын төр засгаас хүн амын өсөлт рүү чиглэсэн дорвитой бодлого бараг хийдэггүй. Цаашид хийхээр төлөвлөж буй ажилд нь ч энэ талаар бодлого чиглэл тусгагдаагүй.

Өмнө нь 2004 онд гэхэд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” гээчийг гаргаж байж. Тэр баримт бичигтээ төрөлтийг дэмжих, өөрөөр хэлбэл хүн амын өсөлтийг дэмжсэн зүйл, заалтуудыг оруулж өгч байсан.

Тухайлбал, төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Гэр бүлийн хос гурав ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөхийг урамшуулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэл баримтална. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг хадгалж, хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар түүний сарын цалингийн хэмжээнд хүргэнэ гэх мэт сайхан сайхан заалтуудыг тусгаж байсан ч энэ нь үр дүнд хүрээгүй.

Мөн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон бүрэн дунд боловсрол эзэмшихэд төрөөс бүхий л хөрөнгө мөнгөө зарцуулна. Гэж байсан ч энэ нь өнөөдөр жинхэнэ тос асуудал болж байгаа.

Үүнээс  үзэхэд Монголын төр хүн амын өсөлт рүү хандсан бодлогоо огт дэмжээгүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Түүнээс нь болоод хүн амын өсөлтийн хурд зогсчихоод байна. Дээр дурдсан баримт бичигт Монгол Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8- 1.4 хувь болтлоо буурсан.

Энэ бууралт цаашид хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 0.9 хувь болох төлөвтэй гээд биччихсэн байгаа. Төлөвсөөд байх юмгүй өсөлт буурч байгаа. 1990-2000 оны хоорон дахь 10 жилийн бууралт шиг “там”-д уначихаагүй байгаа ч хурдтай өсөх шинж алга. Өнөөдөр залуу гэр бүл дунжаар хоёр л хүүхэдтэй байна. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа эрх баригчид, Засгийн газар төрөлтийг дэмжсэн бодлогыг дандаа өрөөний мухарт хаях болсон.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд  “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж сүүлийн жил гаруйн хугацаанд ярьж байна. Гэвч одоо хэр нь хэрэгжсэн зүйл байхгүй.   “Цалинтай ээж” хөтөлбөрийг бол хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж хэлж болно.Мэдээж цогц бодлого бол биш. Зүгээр л хүүхэд төрүүлэхийг дэмжинэ, эхчүүдэд үр хүүхдээ өсгөх 2-3 жилд нь цалин өгье л гэдэг хөтөлбөр. Хүүхэд цэцэрлэгт орох үед яах вэ, цаашлаад дунд сургуульд орох үед яаж дэмжих үү. Цэцэрлэгийн хүрэлцээг яаж шийдэх юм гээд олон асуудал тодорхой биш байна.

Ямартай ч  Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын хэтийн тооцоог гаргажээ. Энэ тооцооллоор 2045 он гэхэд Монгол Улс таван сая хүн амтай болох юм байна.Тэдний 49 хувь нь эрэгтэй байх бол 51 хувь нь эмэгтэйчүүд байх гэнэ. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс 3 158 324 иргэнтэй байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 онд Өмнөговь аймагт мэндэлсэн. Тэгвэл дөрвөн сая дахь иргэн 2030 онд мэндлэх урьдчилсан тооцоог гаргажээ. Харин энэ хүн амдаа хүрэхийн тулд  хүн амыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих