Барилгын компаниудын хийдэг чимээгүй дээрэм

- Орон сууцны зээл тойрсон их хэрүүл ”айсуй” – Хоёр жилийн өмнө дөө. Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих анги ачааллаа дийлээгүйгээс өч төчнөөн вагон саатан, энд үнэ тэнгэрт хадаж, тэнд авлига цэцэглэж байсныг барилгын салбарынхан одоо ч ярьдаг. Чанарын шаардлага хангаагүй гэж хожим хэл ам татлах болсон барилгууд ч чухам тэр үед баригдсан билээ.

Тэр үед иргэдээс 30-50 хувийн уридчилгаа аван барилгаа босгож байсан компаниуд алдагдалд орж, хаалгаа барих үзэгдэл гарч байв. Зарим нэг нь улайм цайм ‘Та нараас авсан мөнгөөрөө барилгаа барьж байтал материалын үнэ өсчихлөө. Мөнгөө нэмж өгөөд орвол ор” гэж хэлээд цагдаа шүүхдээ тулж байв. Аль алиных нь буруу гэхэд хэцүү ийм байдлыг арилгахын тулд орон сууц худалдах, худалдан авах үйл ажиллагаанд банкууд илүү оролцох болсон билээ. Гэтэл ийм арга хэмжээ аваад ч иргэн хохирсоор байх нөхцөл нь хэвээр үлджээ.

Барилгын компани мөнгөө банкнаас бөөнөөр нь гаргуулж аваад барьчихаж байгаа болохоор орон сууцны үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй болсон ч бас өөр нэг арга үлдсэн байж. Энэ нь арилжааны банкуудтай гэрээ байгуулах замаар иргэдэд орон сууцаа зарах явдал байж. Энэ арга нь тун энгийн. Одоо банкуудын орон сууцны хүү 1.5 орчим хувьтай байгаа. Барилгын компани орон сууц барьж байхдаа арилжааны банктай “Орон сууцны зээл хүссэн иргэдэд манай байрыг санал болго. Тэгвэл хүүг нь 1 хувиар тооцьё” гэсэн утгатай гэрээ хийдэг юм байна.

Ингээд хэн хэндээ ашигтай гэрээ хэрэгжиж, иргэд орон сууцандаа орсны дараа гэрээг цуцалдаг аж. Нэгэнт гэрээ цуцлагдсан учраас банк хүүгээ нэмэхээс өөр аргагүй болдог аж. Ингэснээр тухайн орон сууцыг худалдаж авсан иргэн хохирч үлддэг байна. Заавал барилга ч гэлтгүй өөр чиглэлийн компаниудын зүгээс ч асуудал бий. “Манай ажилчдыг арай бага хүүтэй орон сууцны зээлд хамруулаач” гэсэн утгатай хүсэлт тавьж гэрээ байгуулсан компаниуд бас байдаг аж. Ажилчдаа орон сууцны зээлд хамрагдсаны дараа өнөөх компани нь мөн л гэрээгээ цуцлах хусэлт гаргаж, дээрхийн адил явдал давтагддаг ажээ.

Бага хүүтэйд нь болоод хүсээгүй газар, хүсээгүй давхартаа ч юм уу орон сууц авчихсан иргэн хохироод үлддэг байна. Энэ бол залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж ч болох юм. Компаниудын зүгээс ирэх дарамт, арга бач гэвэл ийм байна. Тэгвэл банкинд ч бас асуудал байна аа. Тухайн иргэн орон сууцны зээлд хамрагдсаны дараа инфляци болон бусад шалтгаанаас болоод уян хатан байж болно гэсэн утгатай заалт зээлийн гэрээнд байдаг юм байна.

Орон сууцны зээлийн хүүг нэмэх шаардлага гарвал нэмнэ, бас хасч болно гэсэн утга илэрхийлж байгаа энэ заалт Засгийн газраас амлаад байгаа шиг орон сууцны зээлийн хүү жилд зургаан хувь болчихвол хэрэглэгчдэд ашигтайгаар үйлчилнэ. Харин нэмэгдвэл эсрэгээрээ байх юм. Харамсалтай нь эрх баригчид одоогоор зээлийн хүүг бууруулах биш, нэмэгдүүлэх ажлыг л хийж байна даа. Монгол банк бодлогын хүүгээ нэмснээр арилжааны банкууд зээлийн хүүгээ гарцаагүй нэмж таарна. Тэр үед хэрүүл уруул тасрахгүй дээ.

Барилгын салбар Монголд нэг иймэрхүү байдлаар л хөгжиж, хөлжиж байх шив. Үнэндээ орон сууц худалдаж авахаар мөнгөө өгсөн иргэд “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг болчихоод байна. Зарим нэг нь орон сууцны зээлийн хүү нэмэгдэхээр үнэ нь бууна ч гэх шиг. Аль нь ч байсан гэсэн хөрөнгө мөнгө нь иргэнээс л гарах нь тодорхой. Үнэндээ төр засаг иргэдээ бодохгүй байна. Эрх баригчид “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлахдаа барилгын салбарыг л дэмжсэн болохоос худалдан авагчдыг дэмжээгүй.

180 тэрбум төгрөгийг барилгын компаниудад олгохдоо ”Та бүхэн минь барилгаа барьчихаад ашгийн хойноос явахгүй байхыг хичээгээрэй” гэж хэлсэн нь иргэдээ бодсон сэтгэлийнх нь хамгийн дээд илрэл байсан гэж болно. Харин саяхан Орон сууцны урьдчилгаа зээлд зориулж 100 тэрбум төгрөгийг суулгаж өгөхийн хамт барилгын материалын импортын татварыг 50 хувиар нэмчихлээ. Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд дотоодын эрэлтийг хангаж чадахааргүй байхад шүү дээ.

Хүү бууруулж гялайлгадаггүй юм гэхэд битгий ингэж янаглан хорлоод байгаач гэж орон сууцны зээлтэй иргэд гуйж байна. Барилгын компаниудыг хатуу хянахыг шаардаж байна.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих