Үндсэн хууль улстөрчдийн нохойд барьдаг мод болжээ
Монгол Улс коммунизмд хүрэх аугаа их зорилгоо гээж, ардчиллын замаар урагшлах сонголт хийсний дараа Үндсэн хуулиа өөрчилж, шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Тухайн үед энэ хууль багагүй хэл ам дагуулж, олон талаар учир дутагдалтай болсон гэх шүүмжид өртөж байлаа.
Тиймээс 2000 онд Үндсэн хуульд хэд, хэдэн өөрчлөлт, шинэчлэл хийсэн ч үүнийг “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж хуульчид үзсэн юм. Энэ шүүмжлэл одоо ч гарсаар байгаа ба чухам Монголын төрөөс тэрбумтанууд төрөх, засаглал гажуудах, эрх мэдлийн хуваарилалт цөөн бүлэгт төвлөрөх зэрэг олон зөрчлийн эх үүсвэр нь мөнөөх долоон өөрчөлт гэдгийг хууль мэддэг, ойлгодог хэн ч хэлдэг.
Тиймээс үе үеийн парламентаар Үндсэн хуулийг шинэчлэх тухай асуудлыг хөнддөг ч УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар шийдэх ёстой учраас олонхийн саналыг авч чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин одоо парламентад нэг нам хэт олонхийг бүрдүүлж чадсан нь дээрх өөрчлөлтийг хийх бүрэн боломжийг олгож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, МАН-д Үндсэн хуулийг сайжруулах эрх үүссэн. АН, МАХН зэрэг улстөрийн бусад нам ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Гэхдээ олон нийт Үндсэн хуулийг чухам яаж сайжруулах вэ гэдэг дээр эргэлзээтэй хандаж байгаа. Яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан Л.Цог хэвлэлд томоохон ярилцлага өгчээ. Тэрбээр энэ талаар “Манайхан бүх болохгүй, бүтэхгүй зүйлс Үндсэн хуулийн муугаас болсон гэдэг. Гэхдээ хуулийн муугаас биш үүнийг нурааснаас болсон юм. Үндсэн хуулиа мөрдөөгүй, дагаагүй, шат шатандаа дураараа дургисан эрх мэдэлтнүүд энэ бүх гажуудлыг үүсгэж байгаа. Бүр тодруулбал, улстөрийн намууд Үндсэн хуулиар тоглож байна” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болдог явдлыг бүрэн хорих ёстой гэж үзэж байгаа аж. Учир нь, хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэлтэй холилдсоноор парламентийн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар сайн хууль төрөх явцыг үгүй хийнэ гэжээ.
Үүнээс гадна хуульчид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг маш нарийн тодорхойлох онц шаардлагатай гэжээ. Энэ нь өнөөдөр Ерөнхийлөгч бүх асуудал руу, ялангуяа шүүн таслах, мөрдөн байцаах ажиллагаа руу гүнзгий орж байгаа нь олон талаар хортой үр дагавартай гэж үзсэнтэй холбоотой.
Тодруулбал, 2000 оноос хойш Ерөнхийлөгч нарын эрх мэдэл хуулийн хүрээнээс хальж, заримдаа өөрийн гэсэн дэглэм ч үүсгэх нөхцлийг бий болгож байгаа. Манайд Ерөнхийлөгч шүүгчийг УИХ-д санал болгож, дэмжлэг авбал томилдог. Гэтэл одоо энэ эрх нь шүүн таслах ажиллагаа руу орох болсныг хэн хүнгүй хэлэх байх.
Ялангуяа улстөрийн зорилгоор хэн нэгнийг яллах, хорих явдал олонтаа гарч байгаа. Харин шүүх байгууллага нь улстөрөөс ангид, тэр ч бүү хэл төрийн гурван өндөрлөгийг ч шалгах ёстой байгууллага.
Ер нь Үндсэн хуулийг муухай харагдуулж буй асуудал эдгээрээр дуусахгүй. Тиймээс Монгол Улс эцэг хуулиа сайжруулахаас өөр аргагүйд хүрээд байна.
erennews.mn
URL: