Сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байхыг иргэд санал болгож байна

9979Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Баянгол суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Баянгол, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-ус, Богд сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн хамрагдсан юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг хөтлөн явуулж, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нар нээж үг хэлсэн юм.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаархи хэлэлцүүлгийг аймаг, сум, дүүрэг бүрт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн сургалтад тус аймгийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар болон 1992 онд Үндсэн хууль батлалцаж байсан Ардын Их Хурлын депутат С.Пүрэв, Н.Дашдондог нар хүрэлцэн ирсэн байна.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь Монгол Улсыг ардчилсан нийгмийн тогтолцоо руу, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм рүү шилжих үүргийг амжилттай биелүүлсэн гэж боддог. Гэвч нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дагаад Үндсэн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзэж байгаа учраас бүх ард түмнээрээ хэлэлцүүлж та бүхний саналыг сонсож байна” хэмээв.

Дараа нь Улсын Их Хурлын төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат

Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Пүрэв

 

Богд сумын Засаг дарга Ч.Чинзориг

Тухайлбал, Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат “УИХ-ыг тараахад ямар ямар үндэслэлүүд байдаг вэ”, Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Пүрэв “Үндсэн таван яамнаас гадна долоон яамны нэрийг Үндсэн хуульд тусгаж болох уу?”, Богд сумын Засаг дарга Ч.Чинзориг “Засгийн газрын нэг салбарын асуудлаас болж танхимаа унагаах нь зөв үү” зэрэг асуулт асууж, хариулт авсан юм.

Үүний дараа иргэд саналаа хэлж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Иргэдийн зүгээс багийн Засаг даргийг багийн иргэд, сумын Засаг даргийг сумын иргэд сонгодох байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхийг хэвээр үлдээх мөн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намаас гадна хувь хүн нэр дэвших боломжоор хангах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 86 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Өвөрхангай аймгийн хувьд бүсчилсэн гурван суманд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хүрээнд маргааш (2017.08.13) Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих