Д.Болд: Залуус сонгосон мэргэжилдээ үнэнч, бүтээлч байх хэрэгтэй

Дуучин Д.Болдтой уулзлаа. Рок, попын гэсэн тодотголтой  дуучид урлагынхны дунд хэдийнэ өөрийн байр сууриа олсон Д.Болд, авьяаслаг, хөдөл­мөрч байдлаараа ямагт ман­лайлж ирсэн гэдгийг мэднэ. Тэрбээр тун удахгүй тоглолтоо хийх гэж байгаа.  Өнгөрөгч зун  “Тө­рийн ордон”-д цагаан эсгийн ёслол хийж, шүтэн бишрэгчдээ алмайруулаад авсан билээ. Харин энэ удаагийн түүний тоглолт хаана, ямар өнгө аястай болох нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны ажлын  цаг хэдэн цагаас эхэлдэгээс яриагаа  эхлэе?

-Өглөөний 8.00 цагаас эхэлдэг. Босоод дасгалаа хийдэг. Дараа нь гадаа гарч гүйдэг юм. Үүний дараа гэртээ ирж, шүршүүрт орж хувцасаа сольж өмссөнөөр л миний ажил ундарна даа. Харин үдээс хойш хоолойныхоо бэлтгэлийг амьд хөгжим дээр хийдэг. Өнөөдрийн хувьд би маш их  ажилтай байна. Тоглолттой үед үүнээс ч их ажилтай байх нь бий. Завгүй ажилтай явсаар орой 23 цагт гэртээ орох үе бишгүй л гардаг даа.

-Замын хөдөлгөөн хийгээд энэ их түгжрэл таны өдөр тутмын ажилд саад учруулдаг уу?

-Тэртээ тэргүй замын бөглөрөл байж л байгаа. Энэ их бөглөрөлд бид бүгдээрээ л буруутай шүү дээ. Яагаад гэхээр хүн бүр машинтай болж замын хөдөлгөөнд оролцож байна. Нэг ёсондоо нийгмийн хөгжлөө дагаад бэрхшээлүүд гарч байгаа хэрэг л дээ. Тиймээс тухайн хүн өөрөө л цаг заваа зохицуулдаг байх ёстой юм. Би хувьдаа замын бөглөрлийг буруутгадаггүй.  Жишээ нь хэн нэгэнтэй уулзах гээд цаг тохирсон бол цагийн өмнө эрт замд гардаг гэх үү дээ.

-Ингэхэд танд чөлөөт цаг гардаг уу. Зав гарвал юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цагаа ихэвчлэн гэртээ хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэднийхээ дуртай тоглоомоор нь хамтдаа тоглож цагийг гэр бүлдээ  зориулахыг хичээдэг.

-Та оюутан байхдаа хэр идэвхитэй байв. Оюутан байх үеэ дурсахгүй юу?

-Манай Хөгжим, бүжгийн коллеж сурагчдаа зургаан настайгаас нь элсүүлдэг. Тэгээд сонгосон мэргэж­лээрээ 12 жил сурна. Тэр үед давтлага ихтэй,  мэргэжлийн хичээл их ордог байлаа. Мөн хичээлээ тараад гэртээ очоод өдөр нь үзсэн хичээлээ заавал давтана. Ер нь хичээлээ давтсаар их л орой гэртээ харьдаг байсан санагдаж байна. Манай сургууль хүүхдийг багаас нь бие даан сургахад бэлтгэдэг юм. Би л өөрөө хийхгүй бол, сурахгүй  өөр хэн ч надад туслахгүй гэсэн сэтгэхүйг суулгаж өгдөг.

-Та Нийслэлийн унаган хүүхэд байх аа?

-Тийм ээ. Багадаа бусад айлын хүүхдийн адил ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн.

-Сүүлийн үед орчин цагийн залуустай холбоо­той янз бүрийн шүүмжлэл сонсогдох боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуус маань сонгосон мэргэжилдээ үнэнч, бүтээлч  байх хэрэгтэй. Ажлаа сайн хийдэг, хөдөлмөрч байвал Монголд  хүссэн хэмжээнд сайхан амьдрах боломж байна. Улаанбаатарын за­луус маш ганган хувцасладаг, биеэ зөв авч явдаг. Ялангуяа гадны иргэд ирээд “Танай залуус чинь яасан ганган юм бэ. Их цэвэрч, боловсон юм аа” гэдэг. Би залуу хүнийхээ хувьд үеийнхнээ, мөн өсвөр үеийнхнийг дээд боловсрол руу хэт шунан тэмүүлэхгүйгээр өөрийнхөө чаддаг зүйлийг төгс хийдэг байгаасай гэж хүсдэг. Би гэхэд хөгжмийн сургуулиар хүмүүжээд энэ мэргэжилдээ дуртай учраас өдийг хүртэл үнэнч явж байна. Тиймээс залуус маань ч гэсэн дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийдэг байгаасай гэж боддог.

-Таныг бэлгэвчний рекламанд тоглосныг санаж байна. Цаад газар нь санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Нийгэмд байх хэрэгтэй реклам учраас сурталчил­гаанд тоглооч ээ гэсэн саналыг нь хүлээн авсан. Залуучуудад зөв үлгэр, дууриал болно гэж бодсоны үүднээс уг рекламанд тоглосон гэх үү дээ.

-”B” продакшнаас гадна хувийн бизнес эрхэлдэг байх аа. Бизнес тань хэр амжилттай байна вэ?

-Миний хувьд энтертаймнт чиглэлээрээ бизнэс эрхэлдэг. Харин гэр бүлийн хүн маань өөрийн гэсэн бизнестэй.

-Залуу гэр бүлийн хувьд  хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

-Одоохондоо манай хүүхдүүд бага байна. Тиймээс зөнгөөр нь өсгөхийг хүсдэг. Үеийнх нь найз нь мэт харилцан ярилцдаг. Хүүх­дүүд маань ч гэсэн өөрийнхөө хүсэл, зорилгыг өөрөө л олж аваасай гэж бодож байна. Дуртай зүйлээ бариад авчихвал аав, ээжийнх нь хувьд тусалж, дэмжинэ гэж боддог. Ер нь хүүхэд өөрөө, өөрийнхөө ирээдүйг бүтээдэг байгаасай гэсэн бодолтой явдаг юм.

-”Гоёо”-той хамтарч өөрийнхөө нэрийн брэндийг гаргасан. Энэ ажил ямар амжилттай явагдаж байна вэ?

-Өнгөрсөн хавраас “Гоёо” компанитай хамтарч ажилласан. Залууст зориулж өөрийнхөө брэндийг гаргалаа. Цаашид энэ ажил маань үргэлжилнэ.

- Удахгүй болох “Монгол поп” тоглолтын­хоо талаар ярих­гүй юу?

-Энэ бол миний долоо дахь бие даасан тоглолт байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард “Төрийн ордон”-ы их танхимд “Монгол поп” тоглолтынхоо нээлтийн ёслолын ажиллагааг албан ёсоор хийсэн. Харин энэ   тоглолтоо зөвхөн үзэгч фэнүүддээ зориулан хийж байна.

Э. ОЮУНЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих