ТУУЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭН БАРИЛГА БАРЬЖ БУЙ КОМПАНИД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ
Их тэнгэрийн амны наахна, “Маршал”- ын гүүрний зүүн талд, барилга барихаар зэхэж, том хашаа босгосон нэгэн компанийн гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөж бужигнадаг. Өдөр нь чимээгүй болчихдог. Уг газар нь Туул голын эрэг. Хотын дундаж амьдралтай иргэд амралтын өдрөө дэлгүүрээс ус, ундаа, талх чихрээ авч очоод амарч тухалдаг газар юм. Гэтэл тэр хавийн бургасыг үндсээр нь булгалж газрыг нь хашаалжээ. Хэний зөвшөөрлөөр, ямар зориулалтаар тэнд барилгын ажил эхлүүлсэн талаар өнгөрсөн баасан гаригт газар дээрээс нь сурвалжиллаа.
Тус газарт “АВТ” групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тус газарт нийт 20 хаус баригдах бөгөөд бүгд хувийн орон сууцны зориулалттай гэсэн мэдээлэл байна. Биднийг очиход барилгын хашаанаас “Ковш” машин хөдөлж байв. Үүдэнд нь гурван ажилчин том машинаас урт бетон буулгаж байв. Дотогш орж “Талбайн ажлыг хариуцсан хүнээс мэдээлэл авах гэсэн юм” гэхэд дөч орчим насны эрэггэй ирж уулзав. Тэрээр “Манай зөвшөөрөл ямар ч асуудалгүй. Гэхдээ би нарийн зүйл мэдэхгүй. Манайх зөвхөн гүйцэтгэгч компани, ямар компани захиалсан. хэдэн га газар байгааг талаар мэдэхгүй, иймд мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Энэ талаарх албан ёсны мэдээллийг хэнээс авч болох вэ гэхэд Хүрлээ гэж менежер бий, түүнээс асуу хэмээн утасны дугаарыг нь өгсөн юм.
БАРИЛГЫН МЕНЕЖЕР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ
Хүрлээ менежер рүү утас цохиход “Би тантай уулзаж, хэн бэ гэдгийг чинь харж баталгаажуулж байж мэдээлэл өгнө. Одоо би завгүй байна. Өдөр над руу залга” гээд таслав. Хоёр цагийн дараа дахин залгахад “Би завгүй байна, чиний хэн гэдгийг мэдэхгүй байж нарийн ширийн юмаа хэлэхгүй, гадуур ажилтай явна. Би өөрөө чам руу залгана” хэмээн завдрангуй хэлээд утсаа салгав. Ийнхүү тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн газрын алба олгодог. Иймд тус компанид барилга барих зевшөөрөл өгсөн эсэхийг тодруулахаар Нийслэлийн газрын албыг зорив. Маршалын гүүрний ойр орчим Хан-Уул дүүрэгт хамаарах учраас, тус дүүргийн газар ашиглалт, бүртгэлийн хэсгийн ажилтан Л.Лхагвасүрэнтэй уулзаж, тодруулахад “Би үүнийг мэдэхгүй, хувийн нууцтай холбоотой тул манай дарга нар мэднэ” гэлээ. Гэвч ажил хариуцсан дарга нар нь амралтаа авсан гэнэ. Орлогч дарга Д.Нямдаваа нь ажлаа хийж байгаа ч гадуур ажилтай гээд өрөөндөө байсангүй. Нийслэлийн газрын алба ийнхүү эл хуль, мэдээлэл өгөх хүн байхгүй байсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорив.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс Туулын бургасыг булгалан хувийн хаус барьж буй компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаар тодрууллаа. Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагч У.Ёндонгоос “Биднийг очиход тэнд барилгын ажил эхлээгүй байсан. Манайх телөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэж хоёр төрлийн шалгалт хийдэг. Төлөвлөгөөний дагуу очиход ямар ч ажил эхлээгүй байсан. Захиалагч компанийн хувьд “АВТ” группын өөрсдийнх нь барилга” гэлээ.
“ТОМ КОМПАНИУД ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХААР ШҮҮХЭД ХАНДДАГ”
Туул голын эрэгт барилга барихаар нь тодорхойгүй энэ асуудлын талаар БОАЖЯ-наас тодрүулахад “Сайдын тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг нь цуцласан. Гэхдээ нөгөө компани нь шүүхэд өргөдөл гаргасан сураг байна. Том компаниуд газрын зөвшөөрлийг нь цуцлахаар шүүхэд гомдол гаргадаг, шүүх бидний гаргасан шийдвэрийг түтгэлзүүлдэг. Одоо тэнд ямар үйл ажиллагаа явагдаж байгааг Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа л мэдэж байгаа” гэсэн юм.
Харин Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг хэлэхдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар тэр газрын зөвшөөрлийг цуцласан. Түүний дагуу “Зүүнбаян Рэйфанерн” гэх компанид 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх ёстой. Шөнө үйл ажиллагаа явуулж байх ёсгүй. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээж авна” гэсэн хариуг өглөө.
Манай сурвалжлах баг Туулын эрэгт барилга барьж буй нууцлаг компанийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад ийм хариу авсан юм. Харин “АВТ” гэх компанийн менежер нь зөвшөөрөл цуцлагдсан, барилгын ажил зогссон талаар огт дурдсангүй. “Завгүй байна, дараа залгая” гэснээс өөр хариу өгсөнгүй.
Юутай ч “Зүүнбаян Рэйфанерн” гэх компанийн захиалгаар “АВТ” групп гүйцэтгэлийг нь хийх буй барилгын үйл ажиллагаа явуулж буй газрынх нь зөвшөөрөл цуцлагдсан. Ирэх арваннэгдүгээр cap гэхэд “Маршал”- ын гүүрний зүүн талын газрыг хуучин хэвэнд нь оруулах ёстой гэсэн шийдвэрийг албаны хүмүүс гаргасан байна.
Гэсэн ч бодит байдалд тус компани үйл ажиллагаа явуулсан хэвээр байгааг хянаж шалгах, улмаар хариуцлага тооцох хүн байна уу?
Ч.Зотол, М.Баасандэлгэр
URL: