Ши Жинпин хойд Солонгосын асуудалд төвийг сахина
Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ан ухаангүй алхам хийвэл АНУ-ын цэргийн арми хамгаалах ажиллагаанд шилжинэ гэж Трамп твиттерт тэмдэглэсний дараа Ши Жинпин Хятадын CCTV телевизэд ярилцлага өгчээ. Хятад бол Хойд Солонгосын гол хандивлагч, хоол, түлшээр хангадаг улс юм. Тэгвэл Цагаан ордноос Трамп болон Ши Жинпин нар Хойд Солонгосыг өдөөн хатгасан байдал гаргахаа зогсоох ёстой хэмээн зөвшилцсөн хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Трамп Хятадад айлчлахдаа “маш ойр” хамтран ажиллана гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Бээжин, Вашингтоны талууд Пхеньяны хурцадмал байдалд хэрхэн хандах талаар хэлэлцсэн байна. Трамп Хятадыг Хойд Солонгосыг удирдах талаар хангалттай ажил хийхгүй байна гэж үргэлж хатуу үгээр шүүмжилсээр ирсэн юм.
Үнэндээ Хятад энэхүү цаг үед ямар нэгэн байдлаар оролцох дургүй байгаа хандлага ажиглагдаж байна. Хэрэв Хойд Солонгос Трампад автаж дайны байдалд шилжвэл Бээжин төвийг сахин үлдэх магадлал өндөр гэж зарим шинжээч үзэж байгаа юм. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгос хамтран Хойд Солонгосын эсрэг ажиллавал Хятад завсрын байр суурь баримтална гэж мэдэгдэж байсан юм. Энэ сарын эхээр НҮБ хориг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн мэдэгдсэний дараа Хятад завсрын байр суурь баримтлахаа зарлаж байлаа.
Хойд Солонгос АНУ-ын Номхон далайн бүсийн нутаг дэвсгэрт орших Гуамыг пуужингаар харвахаар шийдэх төлөвтэй байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт ВВС мэдээлж байлаа.
Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг гал өдөөж байна хэмээн занаснаас хэдхэн цагийн дараа хойдууд төрийн хэвлэлээрээ дамжуулан энэхүү мэдэгдлийг хийх болсон юм. Хойд Солонгос Гуамын бүсийн эргэн тойронд пуужин харвах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж байгаа аж. Тодруулбал, тэд дотооддоо бүтээсэн дундын болон холын чиглэлийн Hwasong-12 пуужинг бэлтгэж байна.
Пхеньян өнгөрсөн сард холын баллистик пуужингийн хоёр ч удаагийн туршилт явуулаад байгаа бөгөөд цөмийн төхөөрөмжийн туршилтыг таван удаа хийсэн юм. Вашингтон Пост сонинд нийтлэгдсэн сурвалжлагад Хойд Солонгос цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа хэмээн АНУ-ын Тагнуулын албаныхан сэжиглэж байгаа тухай дурджээ. Тэгвэл Японы Засгийн газрын илтгэлд Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсон байх боломжтой гэж тэмдэглэсэн байжээ.
Хариуд нь Ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосыг АНУ-ыг ийнхүү заналхийлэхээ боль гэж сануулсан юм. Гэсэн хэдий ч ахмад дайчин, АНУ-ын сенатор Жон МакКейн ноён Трампын мэдэгдэлд эргэлзэж байв. Ингэхдээ тэрээр “Ерөнхийлөгч Трамп хөдлөхөд хараахан бэлэн гэдэгт итгэлгүй байна” гэжээ.
Гуам арлын тухай товчхон дурдахад, Филлиппин болон Хавайн дунд орших 541 км талбай бүхий галт уулаар баялаг шүрэн арал. Хотын статус аваагүй энэ нутаг дэвсгэрт 163 мянга орчим хүн амьдардаг аж. АНУ-ын цэргийн хүчин энэхүү арлын дөрөвний нэг орчим хэсгийг эзэлдэг юм байна. Тус аралд 6000 орчим бие бүрэлдэхүүн суурьшиж байна. Тэгвэл энэхүү Гуамын аралтай залгаа нутаг дэвсгэр бүхий Япон улс өмнөд хэсгээ пуужингийн хамгаалалтаар чангатгасан байна. Ингэснээр Хойд Солонгосын дайралтаас хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Шинзо Абэ орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ард түмэн болоод эх орноо хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: