Х.Лхагвасүрэн: Түүх бичлэгт газарзүйн судалгаа нэн шаардлагатай байна
“Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор, профессор, Торгууд овогт Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-“Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөл тун сонирхолтой судалгааны нээлтээ олон нийтэд зарлалаа. Түүхийн сэдвээр түүхлээч, профессор Б.Балжиннямтай ярилцсан. Археологийн чиглэл дэх судалгааны үр дүнг танаас тодруулмаар байна ?
-“Говийн экспедици”-ийг энэ онд Дундговь, Өмнөговь аймгийн нутагт ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Х.Пэрлээ, Д.Наваан багш нар 1976-1977 онд “Говийн экспедиц” хэмээх археологийн (эртний судлалын) шинжилгээний ангийг анх удирдан судалгааны ихээхэн ололт бүхий ажил хийсний 40 жилийн ойн хүрээнд өмнө нь судлагдсан хэрэглэгдэхүүнийг мөшгөн тодолсон хийгээд, шинээр 20 орчим дурсгал хэрэглэгдэхүүн илрүүллээ.
Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач оюутнууд 2009, 2013, 2015 онд Онгийн голын сав газар, Дэлгэрхангай уулын бүс нутагт профессор Б.Балжиннямын удирдлагаар хээрийн хайгуул, судалгааны ажил хийж, хуучин чулуун зэвсгийн дээд (эдүгээгээс 40000 жилийн өмнөх/ үед холбогдох чулуун зэвсгийн үеийн бууцыг Онги гол, Улаан нуурын сав газраас олсноос гадна, Дэлгэрхангай уулын өвөр, баруун суга бэлээс хүрэл, төмрийн үеийн нэжгээд тооны хадны зургуудыг илрүүлсэн нь цаглабарын хувьд НТӨ XII-VIII болон VII-IV зууны үед холбогдож байна. Түүн дотор хүрлийн үеийн бугын дүрст хөшөө, дөрвөлжин булш болон Хүннүгийн буюу НТӨ III-НТ I зуунд хамаарагдах 20 гаруй булш, Орхоны соёл төв шүтэлцээтэй хүн дүрт хөшөөд зэрэг түүх-өв соёлын баялаг баримтууд их бий.
-Судалгааны багийн энэ удаагийн ажлыг судлаач, эрдэмтний хувьд та хэрхэн үнэлж байна вэ?
-Ахмад, дунд, залуу үеийн судлаачдыг оролцуулж, Чингис хаан дээд сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн нэртэй профессор, эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн Зүүн элгэн гэдэг газарт орших хадны бичээсийг байгаль, газарзүйн хүнд нөхцөлд нягтлан, хуулбарлах, тодлох, унших, улмаар судалгааны хүрээнд хамруулж, хамгийн эртний бичээст дурсгалыг шинжлэх, бичээс судлалын хээрийн судалгааг Монголд анх удаа амжилттай хийлээ. Дэлгэрхангай нутгийг урлагийн алдартан, гавьяатны өлгий нутаг хэмээн бид нэрлэдэг бол өгүүлэн буй бичээсийг тодруулснаар “Монголын эртний гэрэлт үсгийн дурсгалт голомт нутаг” гэж онцгойлон дурдаж болно.
Нөгөө талаар одоогоос 2040 гаруй жилийн тэртээд тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Төв Азид анхны малчид, нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн байгуулсан Хүннү нарын төр улс, түүхнээ холбогдох “анхны хадан бичээс”-ийг Монголын говиос олж, уншиж бүрэн тавласан нь Монголын түүхийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой судалгаа, нээлт мөн.
-Уучлаарай, энэ бичээсийг Хүннү нарт шууд хамааралтай гэж ямар баримтаар нотлоод байна вэ гэж зарим хүн эргэлзэх магадлал бас бий шүү дээ. Тэр талаас та ямар баримтаар нотолж буйг тодруулж хэлнэ үү?
-Бичээснээ тэмдэглэгдэн бичигдсэн үйл явдал нь Өмнөд, Умард Хүннүгийн хооронд болсон тулааны тухай юм. Болсон явдлыг маш тодлог бөгөөд яруу ойлгомжтой дурдсан байна. Уг бичээсийг сийлсэн цаглабараар мөшгөвөл эл дурсгал туурвигдан бичигдсэний 1980 жилийн ой өдгөө болж байна шүү дээ.
Дээрх гэрэлт хөшөөнөө тэмдэглэгдсэн үйл явдал, Монгол нутагт хаана, хэзээ болж, хэн хэн тулааныг тэргүүлэн дайтсан, ялсан алдраа хэрхэн тайж ёслол хийсэн талаар бичсэн чухал баримт нангиад хэлнээ түүхийн сурвалжид ямар нэг зөрүүгүй бичигдэж бидний гар дээр ирсэн байгаа юм.
Дэлгэрхангайн дэлхийд данстай, алдартай энэхүү гэрэлт хөшөөнөөс баруунтаа 58.79 метрт гурав, зүүн тийш 40 км-т нэг, арагшаа 970 метр зайнаа хоёр, баруун хойшоо 990 метрт тав, нийтдээ 10 гаруй тооны “Хүннүгийн булш” хэмээн эртний судлагч (археологич) бидний нэрийддэг булшууд огт тоногдоогүй, гадаад өрлөг, зохион байгуулалт нь огт алдагдаагүй байгааг онцлон дурдая.
-Өгөөдэй хааны нэгэн ордот өргөөг илрүүлсэн гэсэн. Тэр талаар сонирхуулна уу?
-Анх Онгийн голын зөв талд орших эртний хотын туурийг Х.Пэрлээ багш онцгойлон зааж “Их Монгол Улсын үеийн Шаазант хот” гэж тэмдэглэсэн байдаг. Дараа нь археологич, доктор Д.Баяр абугай Японы археологич Шира-шири нар гүймэг малтлага хийсэн. Харин профессор Б.Балжинням тэргүүтэй Чингис хаан дээд сургуулийн судалгааны баг хэдэнтээ ирж очин хээрийн байцаалт хийсэн. Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өвөрхангайн Өлзийт сумын заагт буй Харганат (Онгийн голын нэг салаа, цутгал) хэмээх газарт далайн түвшнээс дээш 4529 метр өндөрт N450.40.208; E1030.40.931 байршлаас N450.40.161; E1030.40.873 хүртэлх газрыг одоогоор эл хотын туурь эзлэн оршиж байна. Онгиос баруунтаа 400 метр зайнаа, баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон, гонзгой дөрвөлжин хэлбэрийн байгуулалттай, гадуураа хүрээлсэн хэрэмгүй юм. Харин хойноос урагш чиглэлтэй их урт гудамж, түүний хойд үзүүртэй залгагдан хөндлөн байрласан өөр нэг гудамжны ором болох овгор товгор хэлбэрт байгууламжууд бий. Энэ хэсгийн хэмжээ нь хойноосоо урагш 440 метр, өрнөөс дорно тийш 300 метр орчим байгаа юм. Үүнээс гадна эндээс тусдаа хоёр газар томоохон барилга, ордын үлдэцүүд бий. Туурийн гадарга дээгүүр элдэв өнгийн паалантай шаазан, вааруудын тухайлбал, Чин Яо хэмээх бараан сүүдэртэй тод цагаан цэнхэрдүү өнгийн шаазан, селадон гэдэг ногоон паалантай шаазан савны үлдэгдэл, хагархай арвин олддог. Ялангуяа барилгын засмал боржин чулуун суурь, тэрэгний төмөр ширмэн цөн, тоосго, зоос, дээврийн тосгуур, нүүр ваарны хэсэг зэрэг олдворууд нь Хархорумаас олддогтой адил төрлийн эдлэл, хийцлэл, хэлбэр, дархлалтаараа таарч байгаа юм.
Монголын түүх бичлэгт түүхэн газарзүйн судалгаа одоо нэн шаардлагатай байна. Манай сургуулиас Чингис хаантай хамааралтай Бүргэ эрэг, Айл харгана, Зоргол хайрхан, Бодончор, Хөхүүрийн тал, Алтайн өвөр Булган голын сав зэрэг 10 гаруй газарт судалгаа хийсэн. Монголчууд тэнд гэрэлт хөшөөдийг бүтээн цогцлоосон баялаг уламжлалтай. Онгийн орд, Өгөөдэй хааны түүхт үйл хэргийн талаар түүхлээч, профессор Б.Балжинням багшийн энэ удаа онцгойлон хөндөөд буй судалгаа, шинэлэг санааг дэмжин тодорхой бүтээлч ажлыг монголчууд хийх буй за.
-Та олон дурсгал, түүхэн баримтын тухай ярилаа. Цаашид дээрх дурсгалыг хэрхэн хамгаалж, хойч үедээ хүргэх вэ?
-Би түрүүнд монголчууд хаана, ямар гэрэлт хөшөөдийг бүтээж вэ, түүн дээр Монголд эрдэм, бүтээлч хөдөлмөрөөрөө ховорхон заяах даруухан буурал багшийн бодол, хүслийг тусгаж, дэмжих санаа өвөрлөж хэлснийг ухаант ард түмэн, уугуул, суугуул ард түмэн дэмжих болов уу. Түүнчлэн улсын, аймгийн түүх соёлын бүртгэл, жагсаалтад яаралтай оруулж бүртгэх, хамгаалалтын зурвас, бүс бий болгох, түүхэн дурсгалын үсэг, бичээсийг арилгах, баллахаас сэргийлсэн байгууламж хийх, хамгаалах эздийг бий болгох нь нэн шаардлагатай байна. Орчныхоо түүх, соёлын өвийг хамгаалах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц шийдэл болгож төсөл хөтөлбөрт хамруулах хэрэгтэй юм. Энэ талаар олон төрлийн арга хэмжээ, ажлыг санаачлан хэрэгжүүлдэг С.Ундармаа захиралтай “Монголын нууц товчоо” цогцолборын туршлагыг түмэнд түгээвэл үр дүнтэй, далайцтай ажил болно.
-Өмнөд, Умард Хүннүгийн түүхэн үйл хэргийг дурдсан бичээсийг тод сийлжээ гэж Б.Балжинням профессор болон та, бас судалгааны багийнхан ч хэлээд байна.Энэ талаар та тодорхой баримт хэлнэ үү?
-Хүннү гүрэн манай тооллын өмнөх 53 онд задарч Умард Хүн улс /НТӨ 53-МТ-ын 93 -155 он/ , Өмнөд Хүн /НТӨ 53-НТ430 он/ гэж тус, тус хуваагдан оршсон. Харин Европ руу нүүн очсон Хүн улс /Атилийн хаант улс /НТ 96-НТ 469-600 он/, Дундад Ази дахь Эфталит Хүннү нар /НТ 91-НТ 488 он/, Энэтхэг дахь Цагаан хүнна /НТ 455-606 он/ хүртэл оршсон түүхтэй. Ийнхүү нэгдмэл байсан Монгол өвөг дээдэс хуваагдсан түүхийн гашуун сургамж бий. Хэрэв уншигч олон эл сэдвийг сонирхох аваас Б.Балжинням багшийн “Дэлхийн монголчуудын өв соёл” номын II боть, манай сургуулийн багш нарын бичиж буй “Дэлхийн монголчуудын өв соёл” цуврал бүтээлийн III ботиос тус, тус уншиж дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.
-Та судалгааны талаар л мэдээлэл өгөхөөс өөрийгөө ярьж яах юм бэ гэсээр бидний ярилцлага өндөрлөж байна. Уншигчдад өөрийгөө товч танилцуулах нь зүйтэй байх?
-Намайг голлоод хэрэггүй байх аа. “Муу шавь олон багштай” гэдэг. Би 12 настай дунд сургуулийн сурагч байхдаа анх археологийн экспедицэд оролцож ажилласнаас хойш 50 гаруй жил болж байна. МУИС болон Москвагийн Археологийн институтийг дүүргэсэн. Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав, О.Намнандорж, Д.Дорж, Д.Наваан, Д.Доржсүрэн зэрэг багш нараа дагаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсан. Мэргэн багш нарынхаа ач, гавьяа зүтгэлийг биширдэг. Хүрзээр зэвсэглэсэн шинжлэх ухааны энэ алдартнуудыг л түмэн олондоо одоо ч, цаашид ч таниулахсан гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: