ХОГОН ДУНД СҮҮМЭЛЗЭХ ЭЭЖ МОД, САЙХАНЫ ХӨТӨЛ
Зуны аагим халуун өдрүүд дуусч, намрын эхэн cap гарсан ч орон нутгаар аялж зугаалах амрагчдын хөл тасраагүй байна. Бид хотын иргэд ихээр зорьж, аялал зугаалга хийдэг Сэлэнгэ аймгийг зорив. Улаанбаатар-Дархан-Хараа, Ерөө гол-Тужийн нарс-Ээж мод-Сайханы хөтөл гэсэн маршрутаар 800-аад км явсан аяны тэмдэглэлээ та бүхэнд хүргэе.
ЭЭЖ МОДНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Улаанбаатараас 310 километр зайд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрлэдэг бөгөөд ард иргэд “Хүсэл биелүүлэгч мод” хэмээн нэрлэх нь ч бий. Чухам яагаад энэхүү модыг тахин шүтдэг болсон нь тодорхойгүй богоод таамаг, үлгэр домог мэтийн ярианууд л байдаг гэмэ. 2003 онд хуучин мод нь шатаж, дэргэд нь байсан модыг тахисан. Сүсэгтэн олон ихэвчлэн ханш нээх үеэр буюу дөрөвдүгээр сараас эхлэн Ээж модыг зорин ирж хүслээ шивнэн, мөргөдөг.
Бид үүрийн 06:00 цагийн орчимд Ээж модон дээр очиход хүмүүс аль хэдийн ирчихсэн байлаа. Ээж модны хашаа руу ороход гашилсан сүүний эвгүй үнэр хамар цоргино. Мэдээж залбирах гэж очихдоо тавгийн идээ, сүү, цагаан идээ, архи, арц хүж, хадаг яндар бэлддэг нь манайхны бйчигдээгүй хууль болсон. Мухар сүсэг гээд хэлчихвэл буруудахгүй. Авчирсан сүүгээ ойр орчмын мод, чулуу гээд зай завсар, сиймхий гарсан бүхий л газар өргөсөн нь халуунд гашил үнэр орж, ялаа батгана цуглуулна. Идээний дээж гэж өргөсөн цагаан архи, архины шил, идээ будаа дэлгэдэг тавиан дээр өпж орхидог нь найрын ширээ шиг л харагдаж байлаа. Том тавцан дээр хүмүүс чихэр, печень, ааруулаар зассан идээгээ үлдээдэг. Тэрэн дээр нь нохой, муур, ялаа, тагтаа, шавж, хорхой шавьж үүрлэн, мөргөх гэж ирсэн хүмүүс гээд хөл толгойгүй байдал тэнд үүсч байна.
Мөн зуун салаа мөчрөө сагсалзуулсан, хангайн чимэг гэгддэг мод маань сүсэгтэн олны хүндлэл үзүүлэн зүүж уясан хэдэн мянган хадагны балгаар мөчрүүд нь үжирч үгүйрэн, ургахаа больж хувхайрчээ. Хадаг уяснаас болж мод өтөж, илжирдэг. Тиймээс Ээж модонд залбирч, хүслээ шивнээд буцахдаа хадаг уяхгүй, өргөсөн архи сүүнийхээ сав, идээ будааныхаа хогийг үлдээхгүй байх хэрэгтэй юм.
“САЙХАНЫ ХӨТӨЛ”-ИЙН ХОГИЙН САВ ХООСОН
Сэлэнгэ аймгийн төвөос 10 хүрэхгүй километрийн зайтай, бараг Монгол-Оросын хил дээр орших “Сайханы хөтөл” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бий. Нүд тогтохгүй үзэсгэлэнт байгаль тэнд бүрджээ. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан энэ газрыг жанжин Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” гэж уулга алдсанаас хойш “Сайханы хөтөл” гэж нэрлэсэн гэнэ. Энэхүү газрыг хилийн цэргүүд үнэхээр сайхан тохижуулжээ. Алсыг харан суух тавцан, ширээ сандал, амьтдын хөшөө, мөн Хулан хатны төрсөн нутаг учраас хаан, хатны хөшөө, буугаа үүрэн хуучилж суух партизаны хөшөө зэргийг босгожээ.
Энэ сайхан газрыг үзэж нүдээ баясгаад буцахдаа ууж идсэн хогоо талын нэг тараагаад хаях иргэд цөөнгүй тааралдав. Тамхины иш, ундааны сав, пивоны лааз, салфеткаа хаа сайгүй хаяжээ. Хогийн сав байсаар байтал гадна талд нь ууттай хогоо ил задгай асгаж, хөлөө амрааж, ярилцаж суух ширээ сандал дээр архины шил, ундааны саванд цуглуулсан тамхины ишээ хаячихсан. Хөтөлөөс буухад томоос том, хов хоосон хогийн сав угтаж байна. Хогийн сав хэдийгээр олон биш ч тааралдсан хогоо хийгээд, үлдсэнийг нь уутлаад аваад явахад асуудал үүсэхгүй. Эндээс байгаль дэлхийгээ хайрлах аялагчдын ухамсар тодоос тод харагдана.
ХАРАА, ЕӨӨ ГОЛЫН ЭРЭГ ХОГИЙН ЦЭГ БОЛЖЭЭ
Үзэх газраа үзэж нүд тайлсан хүмүүс буцах замдаа Хараа, Ерөө голын эрэгт майхан саваа барин буудаллана. Голын эрэг дээр хүүхэд багачууд тоглон, майхны үүдэнд утаа савсан хорхог, шорлог үнэртэж, хүмүүс ая тухтай амарч байгаа харагдана. Бид Ерөө гол дээр очиж буудаллах зүлэг ногоотой боломжийн газар хайж цаг гаруй явав. Энд цэвэрхэн газар олдохгүй. Голын эрэг хогийн цэг болсон байв. Км-ээр хэмжигдэхээр үргэлжилсэн хог хөглөрч байна. Зарим хүмүүс машинаараа хогийг нь хаагаад наана нь майхнаа барьжээ. Тэр хогон дунд архины шил, пивоны лааз, ундааны сав, чихэр боовны уут, төмс ногооны хальс, махны яс, төмөр хог, ариун цэврийн хэрэглэл, хүний хуучин хувцас, машины дугуй, хагарсан шаазан гээд хаяагүй зүйл гэж алга. Нэг нь хогоо бөөгнүүлээд орхихоор дараагийнх нь нэмж хаяж явсаар ийм байдалд хүрчээ.
Уг нь голын эргийг хэсэг хэсгээр нь хариуцсан иргэд байдаг юм байна. Тэд ирсэн амрагчид дээр очиж гал гаргахаас болгоомжлох болон хогоо хаяхгүй байх талаар сануулдаг гэнэ. Бидэн дээр ч гэсэн ирж сэрэмжлүүлэв. Мөн хэд хоноод цэвэрлэдэг гэнэ. Энд бас нэгэн зүйлийг тодотгоход хүмүүс хэрэглэсэн ариун цэврийн цаасаа газар саагүй хаясан нь харуй бүрийд бүр тод харагдана.
Хогтой газрын зургийг авна гэж явсан би хоггүй газар олж зураг дарж чадалгүй хотын зүг буцлаа. Байгалийн сайханд амарч зугаалахдал хогоо хаяхгүй байхыг яаж хүмүүст сургах вэ. Иргэд та бүхэн байгальд амарч зугаалахдаа хогоо заавал хогийн цэг дээр хаяж заншаарай. Тэгэхгүй бол бидний сүсэглэн байж зорьж очиж золгодог Ээж мод, байгалийн сайхан бүрдсэн Сайханы хөтөл хогон дунд сүүмэлзэж, Хараа, Ерөө голын эрэг гишгэх газаргүй болтлоо хогонд дарагдсаар байна.
М.Баасандэлгэр
URL: