Алтны компаниудаа цэгцлээч Ц.Дашдорж сайд аа, Н.Цагаанхүү дарга аа

9470255b908a0317bigХаана дуртай газраа ухахад алт гардаг гэгддэг Монгол Улс баялгийнхаа хараалд өртөж байх шиг. Алтны компаниудын эзэд уулыг сэндийлж, усыг эргүүлж алтыг нь ухаж, тэдний “угаадас” дээр нь нутгийн ажилгүй иргэд амиа зогоож буй дүр зураг хаа сайгүй харагдах боллоо.

Ган гачиг дээрээс нь алт олборлогчдын хувиа хичээж, амиа борлуулах гэсэн шуналаас болж Монгол түмний ундаалдаг гол горхи хатах нь хатаж, ширгэх нь ширгээд дууслаа. БОАЖЯ-ныхан энэ бүхэнд нь арга хэмжээ авахаар газар дээр нь ажилласан тухайгаа өнгөрсөн хэд хоног хэвлэлээр чих дөжиртөл ярилаа. Харамсалтай нь тэд дүгнэлт гаргахаас өөр эрх мэдэлгүй. Гаргасан дүгнэлтээ МХЕГ болон хуулийн байгууллагуудад хүргүүлдэг гэх. Цаашлаад Засгийн газрын хуралдаанд сайд нь танилцуулж шийдвэр гаргуулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй гэдгээ ч хэлж байх юм.

Тэгвэл анхнаас нь асуудлыг үүсгэдэг Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газрынхан юу хийж байна вэ, тэд ямар хариуцлага хүлээх вэ. Ц.Дашдоржоор ахлуулсан энэ яамны дэд сайд Д.Загджав нь өөрөө энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн шивэр авир гэлцдэг. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэсэн үг. Хайгуулын зөвшөөрөлтэй нэрийн дор хятадууд турба зоочихоод газар доогуур химийн бодис нэвчүүлээд хэрэгтэй металаа авчихдаг цөвүүн цаг ирснийг мэргэжлийнхэн халаглан ярьж суугааг тэд л мэдэхгүй байв гэж. Алт II хөтөлбөрийг эхлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монгол эх орны минь байгалийн унаган төрх үгүй болж, гол ус бохирдох бус үгүй болох аюул ойрхон байгааг сануулах юун. Угтаа бол Засгийн газраас эдийн засгийг уул уурхайгаас хараат бус байлгах чиглэл баримталж мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж ажиллахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Харамсалтай нь ажил, ам хоёр нь зөрж, Алт II хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргачихсан.

Тэгэхээр одоо яах ёстой вэ, одоо байгаа алтны компаниудаа хүчрэхгүй байж дахин алт олборлох зөвшөөрөл хүссэн болгонд нь олгоод байх уу, Ц.Дашдорж сайд аа. Лиценз олгохоос өөрийг хийдэггүй танай яамныхан тарьсан балгаа нэг эргээд хараач. Эх орон чинь цусаар уйлж байна. Нэгэнт олгочихсон зөвшөөрлүүдтэй компаниудыг хуулиа хэрхэн биелүүлж байгааг шалгаж, хариуцлага ногдуулах ёстой газар болох МХЕГ нь өнөөдрийн нөхцөлд хүртэл хаана, юу хийж байв аа, Н.Цагаанхүү дарга аа. Намын Хянан шалгах хорооны дарга байсан шигээ бус МХЕГ-ын дарга шиг ажиллаж, хариуцлагагүй уул уурхайн компаниудад хатуу хариуцлага тооцохыг танаас Монголын ард түмэн шаардаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих