Шүлхийгээр “хачирласан” оройн хоолыг тавтай зооглох уу?

527-150234168236adffmmqpkvn869m1sue9km8s

Бидний баяр цэнгэл одоог хүртэл үргэлжилсээр байна.Угаас улсын наадмын сургаар зургаадугаар сарын сүүлчээс хичээлийн шинэ жил эхэлсэн хойно ч наадсаар байдаг базаахгүй гэм бидэнд бий. Аймаг, сумд Ардын хувьсгалын ойн наадмаа хийж дууссан ч шинэ цолтнуудын мялаалга наадам, Сайн малчин, Мянгат малчны алдар зэргээр баяр цэнгэл үргэлжлэх сурагтай. Хамгийн ойрын жишээ гэхэд маргаашнаас энэ сарын 15-ныг хүртэл 10 гаруй наадмын тов гарчээ. Гэвч биднийг дэнж хотойлгож, дээлэндээ түүртэж явах хооронд мал аж ахуйн салбарт чухам юу болж өнгөрөв.
Дорнод аймгийн Цагаан-Овоо.Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт зэрэг суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт илэрч, тэр ч бүү хэл хүн амын талаас илүү хувь нь суурьшсан нийслэлд энэ өвчин дэгдлээ. Тун саяхан Налайх дүүрэгт мөн л малын гоц халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Цаашлаад агаар дуслын замаар, малаас малд халддаг өвчнүүд улсад эрчимтэй дэгдэж хэрээр татвар төлөгчдийн мөнгө тэрбум тэрбумаараа  урссаар буй. Өнгөрсөн жил л гэхэд баруун аймгуудад малын шинэ өвчин дэлгэрч, 999 өрхийн 7975 толгой мал өвчилж, 12 мянга гаруй мал хорогдсон гашуун түүх бий. Мялзан төст уг өвчин өмнө нь манайд дэгдэж байгаагүй учраас вакцин нь манай улсын эмийн бүртгэлд ч байгаагуй гэж бодохоор аймшигтай. Энэ бүхний цаана Монгол Улсын нийт хүн амын эрүүл аюулгүй байдал хөндөгдөх нь гарцаагүй. Мал эрүүл байж хүн эрүүл байх учраас хөдөө аж ахуйн салбар уул уурхайгаас ч чухал. Байгаа баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах гол хөшүүрэг нь мөн л малаа эрүүлжүүлэх явдал. Гэвч бид өнгөрсөн хугацаанд алийг нь ч хийж амжуулсангүй. Харин ч эсрэгээрээ өвчтэй малын мах хүртсэн эсэхээ ч мэдэхгүй аж төрж байна. Өнгөрсөн зун “Эмээлт”, “Баянзүрх” зэрэг түүхий эдийн захаар эрүүл хонь худалдаалсан гэдэгт бүр ч эргэлзээтэй. Учир нь, Сонгинохайран, Налайх дүүрэгт малын гоц халдварт өвчин дэгдээд одоо хүртэл хэвийн байдалд нь оруулж дөнгөөгүй байна. Энэ мэт саар мэдээнээс  улбаалж, үнэнийг хэлэхэд энэ цаг үед нийслэлийн иргэд айдастай байгаа. 2015 онд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд боом, галзуу, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг нийт 17 төрлийн мал амьтны халдварт өвчин бүртгэгдэв. Давхардсан тоогоор 406 суманд 729 удаа гарсан тухай Мал эмнэлэг, үржлийн газрын тайланд дурджээ. Ийм байхад иргэд яаж санаа амар аж төрөх билээ. Тэгвэл нөхцөл байдал одоо ямар байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатараас тодруулахад  I, XXII хороонд  дэгдсэн шүлхий өвчинтэй холбоотой нэмэлт дуудлага ирээгүй байгаа аж. Уг өвчний улмаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар 28 айл өрхийн 129 үхрийг устгалд оруулжээ. Одоогоор мал нэмж өвчилсөн тохиолдол гараагүй, хоёр дахь удаагийн давтан вакцин хийсэн гэнэ. Мөн холбогдох эмнэлгийн байгууллагууд ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж уг өвчний голомтод Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг долоон байгууллага хамтран 117 мэргэжилтнээс бүрдсэн Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байгаа гэнэ.
ХАРИУЛТГҮЙ АСУУЛТУУД
2012-2016 оны хооронд гоц халдварт өвчнөөр өвчилсөн малыг устгалд оруулаагүй байдаг. Шалтгаан нь маш энгийн. Тухайн үед Засгийн газар мал устгаж, малчдад нөхөн төлбөр өгөх мөнгөгүй байсантай холбоотой аж. Гэвч бодит байдал дээр “Чингис”, “Самурай” зэрэг бонд гаргаж, “Хамгийн баян Засгийн газар” болсон тухай ч эдийн засагчид тоо баримттай өгүүлдэг. Ийм байтал  тухайн жилүүдэд багахан хэмжээний мал устгалд оруулсан санхүүжилтийг ч өгөөгүй байна. Тодруулбал нэгэнт төрөөс санхүүжилт олгоогүйн улмаас өмнөх Засгийн газрын үед өвчтэй малыг устгалд оруулаагүй гэсэн үг. Харин үүний оронд нэг наст ургамал тарьж, хог савлах ногоон уутанд олон тэрбум төгрөг зарцуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн ч байж болох. Гэвч энэ харалган бодлогын алдаанаас болж төрөөс малчдын талаар баримтлах бодлого алдагдаж, малыг эрүүлжүүлэх ажил зогсонги байдалд орсон тухай ч салбарын мэргэжилтнүүд өгүүлдэг. Уг нь үе үеийн Засгийн газар малын тооноос илүү чанарт анхаарч “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, цөм сүргийг хадгалах гэх мэт олон ажил санаачлан эхлүүлж, олон улсын донор байгууллагууд ч энэ салбарт анхаарлаа хандуулж эхлээд байсан юм. Цөөн үгээр хэлбэг өмнөх Засгийн газрын энэ замбараагүй байдлыь муу, нөлөөг одоо ч татвар төлөгчид үүрсээр байгаа юм. Өнгөрсөн жилийн сүүл хагаст л гэхэд шүлхий, мялзан өвчний голомтыг дарахын тулд Засгийн газраас 13.2 тэрбум төгрөг гаргасан бол Сонгинохайрхан дүүрэгт дэгдсэн саяын өвчний нөлөөгөөр 130 орчим үхрийн нөхөн төлбөр олгохоор болж байна. Үүнээс цаашлаад тус бүсэд ажиллаж буй 120 орчим мэргэжилтэнд шаардлагатай санхүүжилт, вакцин, ариутгал зэргийг тооцвол чамгүй өндөр өртөг гарах нь мэдээж. Харин энэ их өртгийн цаана энгийн иргэн айх айдасгүй, эрүүл малын мах хүнсэндээ хэрэглэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чадах уу гэдэг асуулт хариулт дагуулсаар үлдэж байна. Тэгвэл малын халдварт өвчин хүнд халдах эрсдэлтэйг Мал амьтны гоц халдварт өвчний тандалт судалгаа хийдэг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-өөс баталжээ.
ГАДНЫНХАН ХҮРТЭЛ АЙСАН ХЭВЭЭР
Монголчууд “Мал төрийн хамгаалалтад байна” гээд л тоо толгойг нь өсгөөд байгаа. Энэ жил малын тоо 70 гаруй сая болсон тухай мэдээг Хүнс, хөдөө аж ахуйн яамны цахим хуудаст байршуулжээ. Иймд мөн үе үеийн Засгийн газар мах экспортлох хүсэлт гаднынханд илгээдэг. Тэд ч хариуд нь “Үгүй” гэдэггүй. Харин “Малаа эрүүлжүүл” гэдэг товч тодорхой шаардлагыг олон жил тавьж буй. Үнэндээ монгол мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрээр идээшилж, 100 орчим төрлийн эмийн ургамал иддэг байгалиас заяасан амьд эм гэдгийг үгүй бол Шинэ Зеланд, Австрали гэх мэт дэлхийн махны нийлүүлэлтийг хангаж буй орнуудын малаас бүх талаараа давуу талтайг тэд биднээс илүү мэддэг. Тэр ч бүү хэл монгол хонины махны уургийн үл орлогдох амин хүчлийн бүрэлдэхүүнийг Киргиз, Шинэ Зеландын адил төрлийн махнаас нийт дүнгээрээ 2.61-12.6 хувиар илүү хийгээд уургийн чанар 7.5 буюу амин дэм ихтэйг судалсан байдаг. Хэдий ийм ч тэд монгол малыг эрүүл эсэхэд эргэлзэж байна. Цөөн үгээр хэлбэл, тэд монгол малаас айж байна. Гэвч бидний айдаст том ялгаа бий. Гадаадууд монгол малыг өвчтэй байж магадгүй гэж бодвол худалдаж авалгүй орхичихно. Харин монгол иргэдэд ямар ч сонголт байхгүй. Өвчтэй гэж эргэлзсэн ч хүнсэндээ хэрэглэхээс өөр боломж бидэнд байхгүй.
ХЭН БУРУУТАЙ ВЭ
Нэг үе мал эмнэлэг хувьд шилжиж, малын эмч бэлтгэхээ больсноос өвчлөл газар авсан тухай яриа өндрөө авдаг байлаа. Захын малчин мал эмнэлгийн үйл ажиллагааг шүүмжилж, төрийн буруу мэтээр сурталчилж ирлээ. Ингэхдээ хуучин нийгмийн үед хавар, намар бүр малын угаалга, тарилга гэж том ажил өрнөдөг байсан тухай бахархан дурсаад л… Үнэндээ өнөө цагт малчид сайхан цагаа дурсахын оронд сайн дураараа малаа тарилга, туулгад хамруулах учиртай гэдгээ ойлгоогүй хэвээр л явна. Үүнээс шалтгаалж өвчлөл нэмэгддгийг бүр хүлээн зөвшөөрөх сөхөө ч үгүй гэлдэрч байна. Нөгөөтэйгүүр малчид халдварт өвчний голомттой хашаа хороо, бууц, буйраа ариутгадаггүйг захын мал зүйч хэлдэг. Мөн отрын мал, нүүдлийн мал маллагаанаас шалтгаалж өвчин дэгдсэн тохиолдол ч бий гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж байна. Яг одоогийн байдлаар Монгол Улсад малын галзуу өвчин бүртгэгдээгүй аймаг алга. Мал эмнэлэг үржлийн газрын тайлангаас харвал бүх аймагт 225 удаа энэ өвчин дэлгэсэн байх юм. Үүний гол буруу нь мэдээж малчид юм. Угтаа малын тарилга, туулгын үнэ тийм ч өндөр биш. Зарим вакцин, туулгыг төсөл хөтөлбөрийн шугамаар хямдралтай үнээр ч авах боломж байдаг гэнэ. Даанч монгол малчид энэ боломжийг ашиглахыг хүсэхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгсэн атлаа ямар ч хариуцлага хүлээдэггүй шударга бус тогтолцоо энэ салбарт газар авч байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу устгасан малын зах зээлийн ханшийг тооцон, 90 хувийг нь малчдад буцаан өгдөг журам манайд үйлчилдэг. Ийм учир тэд малаа вакцинжуулсан эсэх хамаагүй нөхөн төлбөр авдаг байсан гэсэн үг. Магадгүй энэ байдал тэднийг давраасан ч байж болох юм.Тэгээд ч хувийн өмч нь эзнийнхээ хариуцлагагүйгээс болж халдварт өвчинд нэрвэгдэхэд төр заавал 90 хувийг нь төлнө гэдэг яаж ч бодсон “балай” тогтолцоо. Харин үүний оронд вакцинжуулаагүй мал өвчилбөл төр нөхөн төлбөр олгохгүй байх зарчим энэ салбарт хэрэгтэй байна. Түүнээс төр, засаг өнгөрсөн хугацаанд малчдад энэрлийн мутраа хангалттай дэлгэсэн. Тухайлбал, “Монгол мал” хөтөлбөр, “Эрүүл мал” төсөл зэргийг боловсруулж, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүртэл баталсан. Мөн малчдад дэмжлэг, татаас өгөхийн зэрэгцээ тэтгэврийн насыг нааш нь татах тухай ч хуулийн төсөл яригддаг. Тэдний ажлыг эрх баригчид хууль санаачлагчид “Хүнд хөдөлмөр” гэсэн ангилалд хүртэл оруулснаас эхлээд мэргэжлийн үнэмлэхтэй болгож ч амжсан. Энэ бүхний эцэст малчид “Би болж байвал бусад нь хамаагүй” гэсэн хэтэрхий үзлээ байн байн сэнгэнүүлсээр байна
БИДЭНД БОЛОМЖ БАЙНА
Манай улсаас зургаа дахин бага газар нутагтай Шинэ Зеланд зөвхөн махны экспортоос жил бүр 3.8 тэрбум ам.долларын орлого олдог нь “Эрдэнэт”, “Оюу Толгой”-г нийлүүлснээс хэд дахин их хөрөнгө юм. Мөн сүүний экспортоос найман тэрбум ам.доллар олдог гэж байгаа. Харин монгол малчид малынхаа тоог өсгөж, том залаатай малгай өмсөхийг юу юунаас илүүд үздэг байдал бүр сүүлдээ моод болж хувирав. Гэтэл АНУ-д 2015 онд явуулсан жижиглэнгийн үнийн судалгаагаар кг эрчимжсэн фермийн үхрийн мах 11, органик нь 12.5, антибиотик хэрэглээгүй нь 14.5, бэлчээрийнх 16.4, бэлчээрийн органик нь 17.4 долларын үнэтэй байжээ. Мэдээж зах зээлийн жамын дагуу чанар дагаж үнэ өснө. Монгол мах чанартай гэдгийг олон судалгаагаар баталсан учир дэлхий нийт мөнгө хайрлахгүй гэсэн үг. Бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ гэдэг юуны түрүүнд хамтрахын нэр юм. Одоогийнх шиг хувь хувийн малаа портерт ачаад аймаг, хот барааддаг, апь эсвэл ченжийн аманд орсон үнээр хотноосоо борлуулдаг аргаар зах зээлд нэвтэрнэ гэвэл хол. Ийм л учраас малчдын итгэл сэтгэл энэ салбарт юу юунаас илүү шаардлагатай байгаа юм. Үгүйдээ гэхэд тарилга туулгаа цаг тухайд нь хийлгэчихдэг бол боломж ойртоод л ирнэ. Энэ талаар “Монгол хөгжлийн шийдэл” компанийн захирал Т.Мөнгөнхуяг “Монгол Улсад эрүүл, баталгаат хүнсний асуудал маш эмзэг болсон. Ялангуяа монголчуудын маань өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын махыг гэхэд л эрүүл, аюулгүй орчинд боловсруулсан нь бараг үгүй. Мөн энэ жил гэхэд төл малаа оролцуулаад 76 сая мал тоолуулсан хэрнээ шинэ махыг ялангуяа өвөл, хаврын улиралд өндөр үнээр худалдан авахаас өөр аргагүй байгаа нь үнэхээр хүнд’’ хэмээн ярив. Мөн тэрбээр “Дэлхийн махны нийлүүлэлтийг хангаж буй орнуудаас суралцан, мал аж ахуйгаа тэдний арга, аргачлалыг ашиглан хөгжүүлэх, бүтээгдэхүүн бүрд нэмүү өртгийг шингээн экспортлох, эко, органик мах болгон брэнд үүсгэх боломж байна” гэж тодотгосон байх. Харин “Баяндэлгэр хүнс” ХХК-ийн захирал Б.Гантуяа “Зөв зохион байгуулалтад орж, тус нэмүү өртгийн ‘ сүлжээнд оролцогч бүр тухайн ажил үүргүүдээ найдвартай гүйцэтгээд, хариуцаад явбал малчин, үйлдвэр, дэлгүүртээ ч ашиг нь илүү өндөртэй байна гэж энгийнээр ойлгож болно” хэмээсэн нь бий.
Д.Ганбаатар
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих