Б.Бат-Эрдэнэ: Уран барилдаант харцага Ө.Даваабаатарыг давж улсын цолны босго алхсандаа баяртай байна
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадмаар уран барилдаант харцага Ө.Даваабаатараар тав давж улсын начин цолны болзол хангасан юм.
-Сүүлийн хэдэн жил тасралтгүй барилдаж байж улсын цолонд хүрлээ. Их л баярласан нь мэдээж. Төрийн наадамд хэд дэх жилээ зодоглосон бэ?
-Олон жил хүсэн хүлээсэн цолондоо хүрнэ гэдэг сайхан юм билээ. Миний бие Монгол төрийн наадамд ес дэх жилдээ зодоглож байж улсын цолны өндөр босгыг алхлаа. Арваад жилийн хугацаанд гурав, дөрвийн даваанд олон ч удаа өвдөг шороодсон доо. Анх улсын наадамд зодоглохдоо Төв аймгийн арслан Б.Дамбаар хоёр даваад, гурвын даваанд улсын заан Б.Соронзонболдтой тунаж барилдаад тахим өгч байсан.
-Өөрийн тань төрж өссөн нутаг Булганы Гурванбулаг сум. И.Доржсамбуу гарьд, И.Ёндонсамбуу начин гээд улсын цолтой бөхчүүдийн өлгий нутаг?
-Тийм ээ. Манай Доржсамбуу гарьд, Ёндонсамбуу начин гээд жудагтай сайхан бөхчүүд байдаг. Багадаа сумын төвд эмээ өвөөгийндөө байдаг байлаа. Харин зуны амралт болонгуут хөдөө явна. Би чинь 1993 онд сургуульд ороод 2003 онд тухайн үеийн арван жилийн сургуулиа төгсч байлаа.
-Үндэсний бөхтэй хэрхэн холбогдож байв. Сонголт хийхэд юу нөлөөлсөн бол?
-Аав минь монгол бөхөд маш дуртай, ер нь бөх алгасалгүй үздэг хүн. Би аавыгаа дагаж бөх үзсээр байгаад үндэсний бөхөд татагдчихсан. Түүнээс биш хэн нэгэн намайг бөх бол гэж албадаагүй. Дур сонирхлоороо л үндэсний бөхтэй амьдралаа холбосон. 2004 онд 19 настайдаа Гурванбулаг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. Тухайн үед ид сайн барилдаж явсан Дэнзэнжамба, Шижээ гээд сумын заан ах нарыгаа давж цолд хүрээд сэтгэл их хөдөлж байлаа. Дараа жил нь аймгийнхаа наадамд өсөх идэр начин Э.Энхбаттай үлдэж үзүүрлээд аймгийн заан болсон юм. Заан болохдоо бүх барилдаандаа тунаж барилдсан. Аймгийн заан Б.Болдбаатар, аймгийн арслан Батмөнх, аймгийн начин Мөнхбат гээд олон хүчтэй бөхчүүдтэй тунаж барилдаад давсан байдаг. Аймгийн цол авсан барилдаанаа эргээд бодоход сайхан санагддаг юм. Бас харуусч харамсмаар олон барилдаан байна. 2014 оны улсын наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ гарьдтай барилдахдаа барьц сонгож мордож дайраад давчихлаа даа гээд баярласан чинь хөмрүүлээд дээшээ харчихсан хэвтэж байсан. Их харамсалтай бас сургамжтай барилдаан болсон.
-Сонирхож асуухад, анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?
-Нутгийн ах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбууг заалны барилдаанд давж байсан. Начин “Дүү хүүтэйгээ таарчихлаа” гээд инээгээд ирэхээр нь хөлд нь ороод хаячихаж билээ. Маргааш нь бэлтгэл дээр баахан нухуулсан нь мэдээж (инээв).
-Хоёулаа өнөө жилийн наадмын талаар ярилцъя. Начин цол хүртэхдээ хийсэн барилдаануудын талаар ярихгүй юу. Ялангуяа хоёрын давааны талаар. Энэ даваа аймгийн арслангуудын хувьд оноолт хатуу таардаг?
-Хоёрын даваанд улсын цолны төлөө зүтгэж байгаа залуус хоорондоо нугарч барилддаг учраас хатуу байдаг. Би ч гэсэн энэ даваанд унаж байсан удаатай. Энэ жилийн тухайд Төв аймгийн арслан Б.Энхбаатартай таарч, золгож барилдаад давсан. Гурвын даваанд өнгөрсөн жил тунаж начин болсон Дорнодын Д.Анартай хүч үзсэн. Тэрээр Ч.Хөхчирэнгэр, Ш.Пүрэвгарьд бид гурваас намайг амласан. Залуу начинтай өөрийнхөөрөө барилдаад л давсан. Миний хувьд гурвын даваанд шинэ начингуудтай юм уу, эсвэл шилдэг аймгийн арслангуудтай тунаж барилдах болов уу гэсэн тооцоотой байсан. Оноолтын даваанд нутгийн заан М.Өсөхбаяртай барилдсан. Барилдахад тун хүнд байсан. Өсөхөө маань дээшээ барилдах боломжтой. Миний хувьд улсын цолны төлөө зүтгэж байгаа. Тэгээд би давж тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатараар давж улсын начин цол хүртсэн. Ө.Даваабаатар харцага бас л дээшээ барилдах боломжтой, уран хурц барилдаантай бөх. Шийдэмгий барилдаан гаргаж харцагыг өвдөглүүлсэн. Улсын цолонд хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн, түүнийхээ үр шимийг хүртээд сайхан байна. Энэ жил Булганы бөхчүүд сайхан барилдсан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ховдын О.Хангайгаар тунаж долоо давж заан цолонд хүрлээ. Мөн Бүрэгхангай сумын харьяат Дармаагийн Тамир Увсын Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын шилдэг арслангуудыг дараалуулан орхиж улсын цолны босго алхлаа. Нутгаас хоёр начин зэрэг төрөх сайхан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө Тамирынхаа начин цолны найранд очиж зодоглосон. Олимпийн аварга түрүүлж, Өсөхөө заан үзүүрлээд, сайхан наадам болсон шүү.
-Зургаагийн даваанд аварга С.Мөнхбаттай өөрийнхөө барилдааныг төдийлөн гаргаж чадалгүй унаж байгаа харагдсан. Цолондоо ханасан тал байгаа юу?
-Олон жилийн хүч хөдөлмөр, их хөлснийхөө ач гавьяаг үзсэн болохоор сэтгэл их хөдөлсөн. Тэгээд харцага цолны төлөөх хариуцлагатай барилдаанд нэг л төвлөрч чадаагүй тал байгаа. Хөөрчихсөн хүн чинь явж барилдаж чаддаггүй юм байна лээ. Зүгээр зогсож байгаад л унасан. Гэхдээ С.Мөнхбат аварга ч бэлтгэл сайтай байсан. Аварга бид нэг цаг үед хамт аймгийн заан цолтой барилдаж байлаа. 2011 оны түүхт ойгоор аварга болоход нь баярлаж бахархаж байсан даа.
-Наадмын урд шөнө тайван унтаж амарч чадсан уу, аймгийн цолтнуудын хувьд оноолтоо тооцоолж барилдаанаа төлөвлөөд их нервтдэг гэдэг шүү дээ?
-Тийм тал байдаг. Энэ жилийн тухайд барилдаан бодоод нервтэж өөрийгөө зовоогоогүй ээ. Өнгөрсөн жилийн турш бэлтгэл сайтай байсан учраас өөртөө итгэлтэй байсан. Ер нь бэлтгэл гүйцэд хангагдаагүй үед л биеэ барьж барилдаанаа гүйцэд гаргаж чаддаггүй шиг санагддаг. Өмнөх жилийн наадмуудад бэлтгэл бага зэрэг дутуу байхад санаснаараа барилдаж, гүйцэд төвлөрч чадалгүй унах тохиолдол байсан.
-Энэ жилийн наадамд таны хийсэн барилдаануудыг ажиглахад арга барилаа бага зэрэг өөрчилсөн нь ажиглагдаж байсан. Шийдвэрлэх барилдаануудаа шуудагны барьцнаас хийж байгаа харагдсан?
-Урд жилийн наадмуудад өвдөг шороодсон барилдаануудаа харахад яарч барилдаад хариу мэхэнд орж өвдөг шороодсон байсан. Энэ жилийн тухайд багш нартайгаа зөвлөөд бэлтгэлээ золгоо, барьц сонгооноос голлож хийсэн. Энэ маань ч үр дүнгээ өглөө гэж бодож байна.
-Та улсын наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Манай “Булган хангай” дэвжээний бөхчүүд “Дуган хад”-ны амралтын газар бэлтгэлдээ гарсан. Сониноос наадмын бэлтгэлд манай гэрт байсан бөхчүүд Ц.Цогтжаргал ахаас бусад нь бүгд цолоо ахиулж сайхан наадсан. Би улсын начин болсон бол аймгийн начин Х.Цогтгэрэл дүү Булган аймагтаа түрүүлж арслан болсон. Мөн аймгийн харцага П.Даваадорж Говьсүмбэрийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон бол Батням гээд залуу Булганы наадамд зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн. Мөн галд ирж хэдхээн хоног бэлтгэл хийгээд гэрт хамт хоноод явсан хоёр залуу маань сумын заан цол хүртсэн сураг дуулдсан.
-Тань шиг улсын цолд хүрэхээр хөдөлмөрлөж буй олон залуус байгаа. Тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?
-Бэлтгэлээ сэтгэлээсээ хийсэн хүнд наадмын дэвжээ хэзээ нэгэн цагт ивээлээ заавал хайрладаг. Миний хувьд өнгөрсөн жил начны даваанд Б.Пүрэвсайхан заанд унаад маргаашнаас нь л бэлтгэлдээ орсон. Нэг жил ч хурдан өнгөрсөн байна.Миний хувьд ч бэлтгэлээ хангалттай сайн базаасан учраас улсын цолтны өнөр бүлд багтлаа. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөд сайн бэлтгэлээ хийвэл амжилтанд хүрнэ дээ.
-Начин гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүнийг Б.Даваасүрэн гэдэг. Бид хүү, охин хоёртой. Охин маань найман настай харин хүү одоо ой хүрч байна даа.
-Бөхийн жудаг гэдэг зүйл таны ойлголтоор…?
-Монгол бөхийн жудаг гэж их өргөн ойлголт л доо. Наад зах нь бөхийн гараа, дэвээгээ сайхан хийхээс эхлэх болов уу. Тэгээд ах цолтнуудаа сайхан хүндэлдэг, дүү цолтнууддаа сайн үлгэр дууриал үзүүлдэг хүнийг л хэлнэ. Мөн барилдааны үед уначихаад маргаад байдаг хүнийг жудагтай бөх гэхгүй. Бөх хүн унасан давсанаа мэддэг.
-Начин цолныхоо найрыг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?
-Цолныхоо мялаалга наадмыг энэ сарын 11-нд өвөө Л.Тогмидынхоо 100 насны ойтой хамтатгаад Гурванбулаг сумандаа хийхээр төлөвлөөд байна. Миний хувьд Ц.Цогтжаргал начнаас хойш 12 жилийн дараа сумаасаа улсын цол хүртэж байна. Цолны мялаалга наадмыг маань Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газар, “Хишиг арвин индустрал” компани хамтарч зохион байгуулж байгаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг компанийнхаа хамт олонд мөн дархан аварга Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
Ө.МАНЛАЙ
URL: