Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Дархан Улаанбаатарын чиглэлийн нарийхан хар замд муу ёрын хар хүч шингэсэн гэдэг яриа гарсаар удаж байгаа билээ. Замын компаний монгол захирлууд болон зам тавихаар ирсэн хужаа нар өргөн нарийнаас нь өндөр намаас нь ээлжлэн хумсалж идсээр байгаад хоёр том бандгар жийп зөрөөд өнгөрөхөд л нэг нь тэнгэр харчих гээд байдаг болсон уг зам дээр зөвхөн ганц жилд гардаг аймшигтай аваар ослуудыг нэг бүрчлэн тоочоод байвал нэлээд зузаан боть ном болно. Ер нь ч Дархан Сэлэнгийн засмал замыг чөтгөрийн гүйдэлтэй гэдэг яриа ард иргэдийн дунд тарах болсоор нэлээд олон жилийн нүүр үзэж буй билээ. Мөн яагаад чөтгөр шуламстай болсон тухай янз бүрийн хувилбар яриа байдаг билээ. Уг зам дээр гардаг осолд энгийн хүмүүс ихэвчлэн тав зургуулаа заримдаа арав хориороо өртдөг нь ийм сэтгэгдэл ард олны дунд бий болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ 1000 гаруй км 9 үргэлжилдэг урт замын яг хаана нь хамгийн их осол гараад байгааг ард иргэд өөрсдийнхөө үзэмжээр тогтоохыг оролдсон байгаа юм. Монголын хойд тэнхлэгийн босоо чиглэлийн цорын ганц засмал болох уг замын тухайд хүмүүс нутаг нутгийнхаа онцлогоор сайн муу шинжийг нь илт дөвийлгөн ярьдаг боловч тэдний дундаас гарцаагүй үнэн байж мэдэх онцгой сонин шинж тэмдэгтэй газрууд бий. Тухайлбал Төв аймгийн Баянчандмань сумын нутаг цахь суурингийн баруун талаас Хар хошуу хүрэх 15 км замд шүглэсэн муу ёрын хүчний тухай нутгийнхан юу гэж ярьдгийг сонирхъё. Жинхэнэ муу ёрын хүч шингэсэн газар гэж үздэг хүмүүс зөвхөн Баянчандманиар тогтохгүй байдаг аж. Уг замын ойролцоо нутагладаг Жамц хэмээх хүний ярьснаар бол тэрүүхэн хоорондох газарт сардаа дор хаяж арав орчим авто тээврийн аваар осол гарч хорь гучин хүн амь эрстэж, зарим нь тахир дутуу болдог юм байх. Тэрбээр “Энэ их л учиртай газар даа. Энэ газрын тухай мэдэхгүй хүмүүс энэ хавиар өнгөрөхдөө маш их сонор сэрэмжтэй явахгүй бол болохгүй. Нутгийн улсууд бол тэр хавийн замаар явах хэрэг гарвал хажуу талын нь шороон замаар явчихдаг юм шүү дээ” хэмээн яриагаа эхэлсэн билээ.
1945-1956 оны хооронд Монгол улсын хойд хил рүү чиглэсэн төв засмал замыг дэлхийн хоёрдугаар дайны үеэр сайн дураараа Германд бууж өгөн олзлогдсоны улмаас Власовчууд гэж нэрлэгдсэн 505-р ангийн орос хоригдлууд барьж байгуулсныг эдүгээ тун цөөхөн хүн мэднэ. Тэдгээр олзлогдогсдын нэг болох ЗХУ – ын баатар мэргэн буудагч, хошууч Гаврийлов Төв аймгийн Жаргалант, Угтаал-цайдам сумын нутагт дахь Хүүлээ хаан ууланд бүгж хожим нь “Хүүлээ хааны хүрэн сахалт” хэмээн алдаршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байсныг уншсан хүмүүс мэдэж байгаа биз ээ. Тэгвэл тэдгээр хоригдлуудыг Баянчандмань сумын баруун талд засмал зам тавьж байх үед нэгэн эвгүй эмгэнэлтэй үйл явдал гарсан юмсанж. Хөөрхий орос хоригдлуудын хоол хүнсний хангамж маш муу, өдөрт ердөө л ганц зүсэм хар талх, оройд нь нэг шанага шар будааны шөлнөөс өөр юу ч өгдөггүй байжээ. Хүнд хүчир ажил хийхийн хажуугаар хоол унд муутай хоригдлуудын ходоод гэдэс хэрхэн хонхолзож, өдөр болгон шахуу л нэг хоригдол тураалын шалтгаанаар амь насаа алдаж байсныг бичих нь бараг илүүц зүйл байх. Нэгэн өдөр Хар хошууны хажууханд засмал тавьж байсан 20 орос хоригдол ойролцоохон бэлчиж байсан Гүрсэд хэмээх өвгөний хониноос хоёрыг хулгайлан шараад идчихжээ. Гэхдээ тэд монголчууд шиг гэдэс дотрыг нь чанаж идэлгүй баастай хэмээн голоод тавьж байсан замынхаа ойролцоо хаясан учраас ердөө л маргааш нь баригдсан байгаа юм.
Гүрсэд өвгөн гэдгээр хоригдлуудыг харгалзаж байсан Орос цэргийн генерал дээр тавьж ороод Танай цэргүүд чинь манай хонийг бэлчиж явахад хоёрыг хулгайлж аваад идчихсэн байна. Гэхдээ би хониныхоо төлбөрийг нэхэхгүй ээ. Яахав буянаараа болог. Хүний газар хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүс өлсөөд л идээ биз. Харин ахиад ийм явдал битгий гаргаарай гэж та цэргүүддээ хэлээд өгөөрэй” хэмээн гүндүүгүй монгол зангаар ярьсан аж. Гэтэл хоригдлуудыг харгалзаж байсан орос генерал өвгөнийг дагуулан гараад ялтнуудаа бүгдийг нь эгнүүлэн жагсаажээ. Ингээд замынхаа зургийг гаргаж ирэн “Өчигдөр Хар хошууны 1750 дахь уулзвар дээр ажиллаж байсан хоригдлууд урагшаа алхаад марш” гэж тушаасан байна. Уг эгнээ зам дээр ажиллаж байсан 20 орос ялтан аргагүйн эрхээр урагшаа алхжээ. Харгалзагч генерал тэднийг галуун цуваагаар мөлхүүлэн дөнгөж цемент цутгаж байсан шинэ зам луу хөтлөн очжээ. Ингэхдээ нөгөө хонио алдсан Гүрсэд өвгөнийг хамт дагуулж очсон байна. Өвгөнийг харсаар байтал орос цэргийн генерал хонь хулгайлсан 20 орос ялтныг шууд л амьдаар нь цемент цутгаж байсан засмалын хонхорт эгнүүлэн хэвтүүлж байгаад дээрээс нь бетонон зуурмаг асган нөгөө ертөнц лүү өвөрмөц аргаар тонилгожээ. Хүнийг ийнхүү амьдаар нь замын голд дэвсэг болгоод дээрээс нь хатуу цемент цутган алсан эл явдлынхаа дараа орос генерал үнхэлцэг нь хагарах шахсан Гүрсэд өвгөнөөс хээвнэг хэнэг ч үгүй “Одоо таны санаа амрав уу” гэж асуусан байгаа юм. Өвгөн энэхүү хүмүүн бусын яргаллаас айж балмагдсандаа “Би энэ ялтнуудад ахиад хоёр хонь ч зүгээр өгч болох байсан шүү дээ” гэж хэлээд л үг цуугүй мордоод явчихсан аж.
Гэтэл энэ явдлаас хойш гурав хоногийн дараа яг тэдгээр хоригдлуудыг амьдаар нь булсан газар цемент ачиж явсан цутгуурын машин, харгалзагч нарыг ачиж явсан машинтай санамсаргүй мөргөлдөж 15 хүн газар цээрээ амь насаа алдаж, 20-иод хүн бэртэж гэмтсэн аймшигтай осол гарчээ. Ослын үеэр тэхийголоороо тас хэрчүүлсэн хоёр гурван хүн байсан гэхээр нүд халтирам зүйл болсон нь ойлгомжтой. Түүнээс хойш Хар хошууны тэр хавиар шөнө болгон хүмүүс орилолдох эсвэл нүцгэн шалдан янз бүрийн дүрс үзэгдэх нэг бол өрөөсөн хөл гаргүй сэрдхийм дүрс гүйж харагдах зэрэг хий үзэгдлүүд бий болж хүмүүсийг айлган түгшээж эхэлсэн байна. Уг хачин жигтэй учир битүүлэг үйл явдлууд 1956 оны хавраас эхлэн 1979 он хүртэл үргэлжлэн үзэгдсэн бөгөөд 1979 оны хавар тухайн үед Гандантэгчинлэн хийдийг толгойлж байсан Гаадан хамба, Чойндон гавж зэрэг номтой лам нарыг засгийн газраас зориуд аваачиж Хар хошууны хажуу энгэрийн замаар засал ном хийлгэсэн үйл явдал болжээ. Шашин бурхныг үл тоомсорлодог байсан СОЦ нийгмийн үед нам засгаас хүртэл ийнхүү лам нарыг урьж аваачин ном засал хийлгэж байсан нь Буддын сүм хийдийг хомроглон устгаснаас хойших 45 жилийн түүхэнд анх удаа тохиолдсон коммунист хүн бол нүдэндээ итгэмээргүй үйл явдал болсон аж. Гаадан хамба лам нартайгаа очиж ном уншсанаас хойш уг засмал зам дээр элдвийн хачин үзэгдэл харагдахаа больжээ. Гэхдээ авто тээврийн осол, хүний амийг зэрлэгээр авсан аваарууд үргэлжлэн гарсаар байжээ. Өнөө ч хүртэл Дархан, Сэлэнгэ. Улаанбаатарын хоорондох засмал замын дагуу бичих нь байтугай бодоход ч дотор эвгүйцэмавто тээврийн ослууд үргэлжлэн гарсаар байгааг дээр дурдсан билээ. Магадгүй энэхүү босоо тэнхлэгийнхойд чиглэл дэх хар зам хүний амь авах болсон нь 505-ын 20 орос хоригдлын амьдаараа цементлүүлэн тарчилж үхсэн сүнстэй холбоотой байж ч болох юм. Уг засмал замын дагуу ахиад арга засал хийлгэхэд буруудахгүй байх хэмээн Баянчандмань сумынхан ярьсаар байгаа нь тэнд гарсан аваар ослыг харсан хэнд ч бай нэгийг бодогдуулж хоёрыг сануулдаг билээ.
Эх сурвалж :http://goypost.com
URL: