А.Эрдэнэбаяр: Үндсэн хууль нийгмийн ухамсарын толь байх ёстой
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх тухайд Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо ямар байр суурьтай байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай улс төрийн намууд, ТББ, холбоод байр сууриа илэрхийлж байна. Танай холбоо ямар зарчим баримталж байна?
-Үндсэн хуулийн асуудлаар нам бус иргэд арай өөр бодолтой байгаа. Үндсэн хуулийг батлахын өмнө 1990 онд, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь зарчмын өөрчлөлт хийсэн байдаг. Харин 1992 онд Үндсэн хуулиа өөрчилж, ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилсэн төдийгүй энэхүү өөрчлөлт нь үндсэн хоёр агуулгатай байсан. Эхнийх нь төрийн тогтолцоо, дараагийнх нь өмчийн харилцааг өөрчилсөн явдал байлаа. Гэтэл энэ Үндсэн хууль маань өнөөдөр цаг үедээ таарч, тохирч байгаа эсэх нь олон зүйл дээр эргэлзээ төрүүлж байна. Бидний оюуны тэжээл болсон “Үндсэн хууль нь нийгмийн ухамсрын толь болсон хууль байх ёстой” гэж би үздэг. Үндсэн хуулийг өөрчлөх гэвэл бид ойлголтоо нэг болгох, мөн сайн харж, сайтар бодох шаардлагатай. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан. Түүнийг би өөрийн биеэр сурвалжилж байсны хувьд сайн мэднэ. Тухайн үед 430 депатутын хийсэн хуулийг өнөөдөр 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал бий.
-Эрх барьж буй нам давуу байдлаа ашиглах нь гэсэн шүүмжлэл ч байна?
-Ер нь бүх шатны сонгууль явагдах үед болон дараа Үндсэн хууль нь бусад хуультайгаа уялдаа муутай байгаа талаар яриа өрнүүлж түүнийг нь залжин нөхөд өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлан хэрэглэж, дагалдах хуулийг гуйвуулж ашигладаг явдал их юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй шинэ хуулийг боловсруулахдаа зөвхөн хэсэг бүлэг нөхдөд таалагдах гэж өөрсдийн эрх ашгийн төлөө боловсруулж, Үндсэн хуультайгаа зөрчилдөх эсэхийг үл харгалзан өнөөгийн нөхцөл байдалдаа тохируулдаг зэрэг нь хууль эрх зүйн цогц өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсныг харуулж байна.
-Улс төрийн бүх намын оролцоо, зөвшилцөл байх ёстой гэлцдэг энэ талаар?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэт. Гэтэл энэ бүхнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг биелүүлэхийг хүсээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүдийн 70-аас дээш хувь нь зөвшөөрч байж өөрчлөлт оруулах боломж бий болдог. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсад тогтвортой байдлыг авчрах боломж УИХ-д олонх болсон МАН-д бий. Тухайлбал, оны эхээр АН-ын зүгээс “Үндсэн хуулийг өөрчлөх бололцоо өнөөгийн хэт олонхтой парламентад бүрэн бий. Тиймээс МАН бусад намтай зөвшилцөн, иргэдээс санал авч энэ асуудлыг түргэн шийдэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүргийг монголчууд 65 суудлаар дамжуулж МАН-д өгсөн гэж бодож байна” гэж мэдэгдсэн. Мөн Дээд шүүхэд бүртгэлтэй МҮАН, МАХН зэрэг намуудаас эл өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэдний мэдэгдлийг харахад, парламентад хэт олонх бүрдсэн үед л ийм бололцоо бий болдгийг харуулж байна. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно.
-Танай холбоо ямар нэг санал өргөн барьсан уу?
-Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. МАХН-аас зохион байгуулж жил гаруй хугацаанд улс орон даяар явуулж буй шинэ Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны зүгээс удаа дараа оролцож өөрсдийн байр суурь, санаа бодлоо илэрхийлж, бичгээр болон амаар саналаа өргөн барьсан. Би бол Үндсэн хуульд гар хүрэх цаг нь болсон гэж бодож байгаа. Бид болохгүй байгаа зүйлээ засч, янзлаад явах юм бол Монголын төр өөрчлөгдөнө, иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах иргэн Д.Ламжав тэргүүтэй Зөвлөлдөх зөвлөл гэж бий. Нам бусчууд тэдний санал асуулгад дүгнэлт хийв үү?
-Зөвлөлдөх зөвлөл нэртэй МАН-аас зохион байгуулсан санал асуулгын уулзалтад оролцогчдыг математик статистикийн аргаар сонгосон гэх боловч энэ нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа. Түүнээс гадна тэнд оролцож байгаа хүмүүс ямар нэг мэдээлэлгүй, зөвхөн зохион байгуулагчдаас өгсөн асуулгын дагуу, баригдмал явуулж байгаа нь ард түмний саналыг тусгана гэдэгт итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өөр аргаар зохион байгуулж, олон намын төлөөллөөс санал авч явуулахгүй бол Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийхийг санаархаж байна гэж хардахад хүргэж байна. Иймд бид шударга ёсны төлөө үгээ хэлж, үйлсээ нэгтгэх хэрэгтэй. Эх орондоо эзэнгүй төрийн балгаар хийх ажлаа, идэх хоолоо, хэлэх үгээ хязгаарлуулсан иргэн бид, гадныхантай нийлсэн хэсэг бүлэг нөхөдтэй тэмцэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв хийлгэх бодлого баримтлах нэн шаардлагатай.
-Тухайлбал?
-Нийгмийн бүхий л хүрээнд байгаа үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзлийн эсрэг тууштай зогсч, бие биеэ дэмждэг, хамтран зүтгэдэг үндэсний бахархалт үзэл санаа, тэмүүллийг бий болгох бодлогыг хүн бүрт төлөвшүүлэх хэрэгтэй юм. Монгол хүн бүр баялгаас тэгш хүртэх, эх орондоо элбэг хангалуун амьдрах, ажилтай орлоготой болох нөхцлийг бүрдүүлэх нэг арга бол эхний шатанд улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, жалга довны үзлээс зайлсхийх шаардлагатай.
Монголоороо хийрхэж омогших биш, хийж омогших цаг хугацаа бидний өмнө тулгараад байна. Зөв тогтолцоог бий болгоход хүн бүрийн идэвх зүтгэл чухал юм. Баян ядуугийн ялгаа ихсэх тусам энэ улсын эв түнжин алдагдах болно. Улс төрөөр монголчуудыг хүмүүжүүлэх биш өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших Эх оронч үндэсний бахархалт үзэл санааг төлөвшүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай. Тиймээс улстөрчдөөс “Олон дүртэй хувилгаан бүү болооч” гэж хүсэх байна.
-Танай холбоо намын хатуу гишүүнчлэлийг шүүмжилдэг ч энэ бүтцээс манай улс мөддөө гарч чадахгүй бололтой?
-Нэг зүйлийг эргэн сануулъя: Ардчилал ялсан он жилүүдэд гудамжинд хашгичаад явсан нөхөд одоо ямар амьдарч байна. Тэднийг шударга хөдөлмөр хийж ирсэн иргэдийн байдалтай харьцуулахад л энэ нийгмийн нүүр царай буюу намын нэр зүүсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг ямар болохыг харж болно. Нам нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр тулгуурласан нь нийтийн эрх ашгийг хангаж чадахгүй асуудал болоод удлаа. Олон намтай байх нь нийгэмд мэдээллийг, байр суурийг тал бүрээс нь хүргэж байдаг. Энэ нь магадгүй давуу тал юм. Улс төрийн нам хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйлсийн хэрэгцээг тодорхойлж байдаг. Тэр ч бүү хэл “нам дагавал ам тосдоно” гэсэн үг гарсан нь ч учиртай.Тиймээс нэг намын гишүүд буюу дэмжигчдийн санал зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүй харин нийт иргэд улс төрийн бусад хүчний санал асуулга төслийг хүлээн авч хэлэлцүүлж байж хийх шаардлагатай гээд байгаа юм. Харамсалтай нь зарим тохиолдолд намын үнэт зүйлийн төлөө улс орны эрх ашгийг умартах явдал гардаг нь үнэн. Тиймээс олон намын тогтолцоо нь нэг талаараа үр дүнтэй ч нөгөө талаараа эрсдэл дагуулж байдаг тул татгалзах хэрэгтэй. Улс төрөөр дамжуулж бизнес хийдэг, бизнесээр дамжуулж улс төр хийдэг гаж тогтолцоог халах цаг нь болсон. Тиймээс олон намын тогтолцоог халах хийгээд хатуу гишүүнчлэлээс бүрэн татгалзсан нэгдмэл бодлоготой, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлсэн улс төрийн хүчнийг бий болгох шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: