ТАВАН ТОЛГОЙН ОЙРОЛЦОО ДЭЛБЭРЭЛТ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭВ
Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан. Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна.
Тухайн өдөр юу болсон талаар шархадсан иргэн Т ярихдаа “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна”
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудан уулзаж, хэргийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 3-нд сургалт хийсэн.
Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, баримт үйлддэг. сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэв.
Ерөнхий сайд Ж.эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.
Дашрамд дуулгахад, өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойд гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед ЗХЖШ-ын удирдлагууд мэдээлэл хийж, хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдэж байсан ч одоо хүртэл уг хэргээс болж хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаа юм.
URL: