Улстөрчид гүтгэчихээд хэвлэлийнхэнд хариуцлагаа тохоож болохгүй
УИХ-ын гишүүн З.Алтайтай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд худал мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэхээр оруулсан. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан заалт. Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг явж байх үед би саналаа хэлсэн. Хэвлэлийнхний амыг боомилдог, цагдаад дууддаг, өөрсдийнх нь үгэнд орохгүй бол шоронд хийчихдэг хуулийн заалт байна шүү гэдгийг сануулсан.
-Зүй нь бол хариуцлага хүлээх субъект нь арай өөр байх ёстой юм биш үү?
-Ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтээ хариуцлага хүлээхээс айхгүй. Өөрсдөө би, бид бэлтгэсэн болохоор хэдэн саяыг ч нэхэж байсан хуулийн дагуу явна. Харин сонгуулийн үеэр хэн, хэнийг гүтгэн доромжилдог вэ гэдэг нь одоо тодорхой болчихоод байгаа шүү дээ.
Сэтгүүлчид тийм зүйл хийдэггүй. Түүнийг чинь тухайн сонгуульд оролцож буй нэр дэвшигчид бие биеэ унагахын тулд хийдэг. Идсэн, уусан, луйварчин, гуйлгачин, эрлийз, хурлийз гээд худал гүтгэлэг, гүжирдлэгээр эхэлдэг.
Хорь гаруй жил ингэж сонин хэвлэл, телевизээр бие биеэ гүтгэж, “аллага” хийсээр бүр зуршилтай болчихсон. Энэ бол улстөрчдийн өөрсдийнх нь бэлтгэсэн материал байдаг. Тиймээс би сая хуулийн хүмүүстэй ярилцаж байгаад нэг гарц оллоо.
-Ямар гарц, гаргалгаа юм бэ?
-Заавал торгох гээд байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллага тухайн улстөрч, улстөрийн намуудтай гэрээ хийчихдэг. “Танайхаас ирж буй материалын үнэн бодит байдлыг та бүхэн хариуцаарай” гээд гарын үсгээ зурчих. Асуудал үүсээд хууль шүүхийн өмнө очвол танайх хариуцах ёстой, тамга тэмдэг гарын үсгээ зурчихсан гэрээ чинь энэ байна найз нар аа. Хэнийг яллахаа өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Наад бузар гүтгэлгийг хийсэн хүн наадах чинь гээд гэрээгээ өгчих. Ердөө л ийм гарц байна.
-Энэ нь хэр оновчтой гарц гэж бодож байна. Энэ талаар хуулийн төсөлд тусгуулахаар ярилцсан уу?
-Би урьд нь энэ нөхдөд хэлж байсан болохоор тэд тухайн мэдээ, мэдээллийг бэлтгэсэн хуулийн субъект нь л хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож байгаа. Иргэн, улстөрийн нам, гишүүн хэн ч байсан хуулиа дагана. Түүнээс биш хүний өмнөөс сэтгүүлчдийг хорино гэж байхгүй. Ингэж хоригдож байсан тохиолдол бий. Би хүртэл олон удаа цагдаад дуудагдаж очсон. Хэн бэлтгэсэн нь хамаагүй, чи гаргасан учраас чамайг хэрэгт хийнэ гэдэг байсан. Тийм байж болохгүй.
-Гэхдээ л асуудал нь хэвлэл мэдээллийн байгууллагыг унагахад чиглэдэг?
-Үндсэн хуулинд заасан заалтын дагуу ард иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид тэр эрхийг эдлэх боломж бүрдүүлж өгдөг. Мөнгө төлөөд сонины хэсэгхэн талбай, телевизээс хэдэн минутын цаг авдаг. Үүнийг нь бид нийтэлж, нэвтрүүлж өгдөг.
Гэтэл яахаараа улстөрчдийн хэн нэгнийг гүтгэн гүжирдсэн материалын төлөө хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээж, сэтгүүлчид шоронд орох ёстой байдаг юм бэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм.
-Ердөө л хэвлэл мэдээллийн амыг хаах гэсэн санаа яваад байгаа биз дээ?
-Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хуульд санал оруулахдаа Хэвлэл мэдээллийн байгууллага дан ганц сонгуулийн үед ч биш бусад тохиолдолд ч зөвхөн өөрийнхөө юманд л хариуцлага хүлээе гэдгийг хэлсэн. Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу иргэд хэнийгээ юу гэж ярьж хэлнэ вэ тэр эрх нь байж л байгаа.
Чухам гүтгэн гүжирдэж байна уу үгүй юу гэдгийг цагдаагийнхан биш учраас бид мөрдөн шалгах эрхгүй. Үндсэндээ бол ярьсан хөөрсөн, бичсэн, нийтэлсэн хүн нь хариуцлагаа хүлээгээч ээ гэдэг хуулийн санаа шүү дээ. Энэ санаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд батлагдчихвал заавал тэр Сонгуулийн хуулинд оруулаад байх ч шаардлагагүй.
-Сонгуулийн тухай хуулийн асуудал үүсгээд байгаа заалтад та яагаад саналаа оруулаагүй юм бэ?
-Сонгуулийн ажлын хэсэгт намайг оруулсангүй. Би ямар уйлагнаад гүйх биш. УИХ-ын том дарга нарын шийддэг асуудал. Зүй нь бол улстөрийн намууд хуулиа ярьж байна л даа. Гэхдээ бие даагч гэдэг чинь бас нэг субъект. Ганц Алтайгаар бие даагч дуусахгүй. Дахиад олон бие даагч гарч ирнэ. Тэдний эрх ашиг энэ Сонгуулийн тухай хуулинд хэрхэн, яаж тусч байна вэ гэдгийг би хэлмээр байна. Намайг оруулдаггүй. Хаана, хэзээ, хэдэн цагт цоожтой хаалганы цаана хуралдаж байгаагаа ч нуучихдаг. Тэгэхээр би яаж нэвтрэх юм бэ. Хэцүү байгаа биз дээ.
-Хариуцлагын хэсэгт зөвхөн торгуулийн мөнгөн дүнгээс харахад л хэвлэл мэдээллийн эрхийг боомилох гэсэн санаа нь илт юм билээ?
-Аймаар байгаа биз. Сонгуулийн Ерөнхий хороо эсвэл тойргийн хорооны нэг гишүүн будлиан хутгачихвал бараг л хуушуурын мөнгөөр торгуулаад, хариуцлага хүлээхгүй шахам өнгөрнө. Тэр нөхөр чухам яагаад будлиулж байна вэ гэдэг нь ойлгомжтой. Намын даалгавар, эсвэл тухайн намын нэр дэвшигчээс мөнгө авсан байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийнхэн хүний бэлтгэсэн зүйлийн төлөө 10 сая төгрөгийн торгууль хүлээнэ гэдэг хэтэрхий, бүр эрс тэс ялгаатай байгаа юм. Энэ чинь чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн амийг боомилох л санаа.
Тухайлбал телевиз дээр жишээ татахад нэг өдрийн эфирийн ганцхан цагийг олгож байгаа юм. Гэтэл Монгол Улсын төрд зүтгэхийн тулд хэдэн зуун, мянган хүн хүчээ үзнэ ээ дээ. Тэр олон хүн өөрийнхөө үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг танилцуулахад ганцхан цагт юугаа ярих юм бэ. Мөн хэн тэр эфирийн цагийг авах вэ гэвэл нөгөө л мөнгөтэй, том олигархиуд булаагаад авчихна. Сонинг ч ялгаагүй зай талбайг нь булаацгаана.
-Тэгэхээр улстөрд шинэ хүн орох хэцүү гэж үү?
-Тиймээ. Өөрөө боловсорчихсон улстөрд зүтгэх гэсэн хүмүүст улаан гэрэл асаалттай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи чадахгүй, болохгүй, бүтэхгүй бид л насан үүрд, тэтгэвэрт гартлаа энд байна. Энэ орон зай бол биднийх, хэнийг ч оруулахгүй гэсэн зарчмаар л яваад байна.
-Одоо байгаа улстөрчид зөвхөн өөрсдөдөө зориулсан хууль батлах гээд байна гэж үү?
-Тийм. Тиймээс л гадна байгаа улстөрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд саналаа нэгтгэж өглөө. Би түүнийг ажлын хэсэг, намын бүлгүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өргөн барьсан. Одоо тэд хэлэлцэг. АН лав бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Авах ёстойгоо авч, тусгах ёстой юм байна гээд нааштайгаар хүлээж авсан. МАН ч гэсэн нааштайгаар авах байлгүй дээ. Заавал бие биеэ ад үзэж, нүд үзүүрлээд байж болохгүй. Тэд чинь Монголын нэг хэсгийн төлөөлөл. Гудамжинд дуугараад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгээд орилж хашгирч байснаас Монголын төлөө гэж байгаа бол парламентад орж ирээд дуу хоолойгоо хүргэг л дээ. Яагаад энэ дотор хоёрхон нам байх ёстой гэж.
URL: