А.Батсайхан хууль бус тамхины наймаагаар баривчлагдав
ОХУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан гэгч их хэмжээний тамхи зөөвөрлөсөн хэргээр Польшийн хил дээр саатуулагджээ. Түүнийг өнгөрсөн бямба гарагт саатуулсан байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулсан юм. Тэрбээр “Ээлжийн амралтаараа Польшид явж байсан А.Батсайханыг тус улсын цагдаа нар баривчилсан нь үнэн. Гэхдээ яг ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байгаа. Тамхи эсвэл өөр төрлийн хориотой бараа бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаад баригдсан эсэх талаар тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй.
Гэхдээ А.Батсайханыг Польшийн хилээр нэвтрэхдээ хууль бус бараа бүтээгдэхүүн биедээ авч яваагүй гэсэн албан ёсны мэдээлэл тус улсын хууль сахиулах албанаас ирсэн. Манайхаас үүнийг тодруулахаар албан тоот илгээсэн” гэсэн юм.
Монголын дипломатчийн нэр хүндийг дахин унагасан Авирмэдийн Батсайхан гэгч 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суух Элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан түүнийг ГХЯ-ны Төрийн ёслолын албанд ажиллаж байхад нь энэ жил ОХУ-д суух ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилсон байна.
Энэ мэтээр Монгол Улсын нэр төрд халтай гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хэсч тэнүүчилж, хөдөлмөрлөж яваа энгийн иргэд гэхээсээ илүү дипломатчид гаргадаг болж. Манай улсын дипломатчдын хувьд янжуур тамхи буюу хууль бус бараа бүтээгдэхүүн харь орны хилээр нэвтрүүлж байсан арвин баялаг туршлагатай.
Тухайлбал Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, ГХЯ-ны дипломат ажилтан Алтансайхан, Монгол Улсаас Австри улсад суух ЭСЯ-ны атташе байсан С.Эрдэнээ, Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баярхүү, Унгарт суух ЭСЯ-нд ажиллаж байсан Цэрэнсодном, Болгар улсад суух ЭСЯ-ны зөвлөх асан Д.Шатарбал, ЭСЯ-ны ажилтан Ганболд, Беларуст сууж байсан консул Х.Болдбаатар гээд урт нэрс хөвөрнө. Өдгөө Элчин сайдаар ажиллаж байгаа дипломатчид ч иймэрхүү хэрэгт нэр холбогдож явсан. ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Женевийн Элчин сайд асан АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан Чех улсад суугаа Элчин сайд С.Цоггэрэл, ОХУ-д суух ЭСЯ-ны хилийн төлөөлөгч асан ОХУ-ын Эрхүү хотод суугаа консул хошууч генерал А.Баатарцогт зэрэг эрхмүүд бишгүй л чих халууцуулсан.
Тэгвэл эдний дуулиан шуугианы залгамж халааг ОХУ-д суух ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан гэгч үргэлжүүлэх нь бололтой.
URL: