М.Ичинноров: УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна
Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой анхаарал татсан асуудлаар өмнө нь хэвлэлийнхэнд хэдэнтээ хандсан билээ. Тэгвэл тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа хэргийн явц, нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлсэн юм. М.Ичинноров хэлэхдээ Авлигатай Тэмцэх Газар УИХ-ын гишүүнийг хаацайлж байна гэсэн юм. Тэрбээр” 7 дугаар сарын 25-нд АТГ-аас Д.Гантулгын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Харин түүнтэй холбоотой авлигын хэрэг байхгүй гэсэн байна. Тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна. Авлига гэдэг нь эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал бий болгохыг хэлдэг. ЦЕГ шаардлагатай бүх баримтуудаа шалгаж шударга ажиллах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг бүх талаараа нотлогдчихоод байхад энэ хүн гишүүнийхээ ажлыг өгөхгүй байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байна” гэсэн юм.
Тэгвэл хохирогчийн эгч Ч.Саранзаяа “ Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор авлига өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.Хуулийн байгууллагууд иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх байдалтай л хэргийг шалгах явдал болж байна” гэлээ.
Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэд хоногийн өмнө нүүр хуудастаа анхаарал татсан зүйлийг бичсэн байсныг эргэн сануулъя. Тэрбээр “Гантулгын хүчин хийж байхад дэргэд нь гэрчлэх хүн байгаагүй. Хохирогч, Гантулга хоёр хоёулхнаа л байсан”. Энэ бол Баянзүрх дүүргийн прокурорын хяналтын прокурор Батбаярын хэргийг хэрэгсэхүй болгосон тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэрийнх нь гол агуулга. Би үүнийг хэтрүүлэгтэй, ёжтой хэлж байгааг ойлгоорой. Гэхдээ, уучлаарай, “Найзуудаа, би хүн хүчиндэх гэж байна. Хараарай. Намайг гэрчлэх хүн хэрэгтэй шүү” гэх хүчиндэгч байдаг уу? Ер нь хүчингийн хэргийг хүн харж байхад хийдэг хүн байдаг уу? Хэрэгт хийх гэсэн хүнээ бол гэрчгүй ч, нотлох баримтгүй ч өөрсдөө зохиогоод хүртэл хийчихэж чаддаг шүү дээ. Өчигдөр Саранзаяагийн ФБ хаягийг устгачихаж. Хүчингийн хэргийн хохирогчийн сэтгэл санааны байдлыг шинжлүүлэн тогтоох ажил ер хийсэнгүй. Хүн гүтгэж байгаа хүн, жинхэнээсээ хүчиндүүлсэн хүн хоёрын сэтгэл зүйн ялгааг мэргэжлийн эмч нар тогтоогоод л гаргаад ирнэ. Хүчингийн хэргийн хохирогч маш эмзэг байдаг. Хэргээ дахин дахин ярьж, мэдүүлэг өгөхөд л шарх нь сэдэрч, болсон үйл явдал дахин амилан босч ирдэг. Тэд сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй болох, амиа хорлох талаар боддог болдог. Тийм учраас л би Тахарын албанд Гэрч, хохирогч хамгаалах газрыг удирдаж байхдаа хүчингийн хэргийн хориогчдод онцгой анхаарал хандуулж, халамж үзүүлж ажиллаж байлаа. Тэр бүү хэл хариуцаж буй цагдаа, өмгөөлөгчид нь хүртэл ингэж харьцаарай, тэгж битгий харьцаарай гээд өөрөө хүртэл зөвлөдөг байлаа. Тэр чинь хүн шүү дээ. Өвддөг зүрх сэтгэлтэй хүн. Түүний бие эрхтэн нь түүний өөрийн бүрэн бүтэн байдал, тусгаар оршихуйн баталгаа нь. Түүнд нь өөрийн хүсэл зоригийн эсрэг, хүчээр хүн халдаж. Энэ үйлдэл хүнд ямар хүнд ачаа үлдээх вэ? Биеийн шарх анидаг, сэтгэлийн шарх бараг л анидаггүй, анисан ч удаан. Хууль, хяналтын байгууллагууд зөв ажиллаарай. Сануулж хэлмээр байна. Зөвлөж ч хэлмээр байна” гэсэн байсан юм.
URL: