Зарим Хятад хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй эмээр үйлчилж байна
Сүүлийн жилүүдэд нийслэлд хятад эзэнтэй дорно дахины эмчилгээ нэрийдлээр хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, баталгаагүй эмээр эмчлүүлэгчдэд үйлчилдэг эмнэлэгүүд олон болсон. Манай улсын эмийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 2500 гаруй төрлийн эм бүртгэлтэй байдаг бол БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны 4-5 нэр төрлийн эм л бүртгэлтэй байдаг юм байна. БНХАУ болон Энэтхэг улс дэлхийд хуурамч эм үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа бөгөөд энэ хэрээр тус улсад үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй хуурамч эмийг хэрэглэгчдэд хүргэдэг байж болзошгүй нөхцөл байдал хувийн хятад эмнэлгүүд их байх эрсдэл өндөр байна. Албаныхны хэлж байгаагаар гадна, дотны эрүүл мэндийн байгууллагад тавих хяналтын механизм хэт задгай байгаагийн зэрэгцээ хяналт тавих хүн хүчний хүрэлцээ эрүүл мэндийн байгууллагад дутмаг байдаг гэж байсан. Түүнчлэн энэ асуудалд зөвхөн төрийн хяналтаас илүү үйлчлүүлэгчид өөрсдөө ийм төрлийн эмнэлгүүдэд хяналт тавих шаардлага тулгарч байгааг ч хэлж байсан.
Өнөөдрийн байдлаар манай улсад гадны хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй 74 эрүүл мэндийн байгууллага байгаагийн дийлэнх хувь нь буюу 60 гаруй нь эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллага байна. Манай улсад эмнэлгийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу улсын хэмжээний үйлчилгээтэй буюу гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгүүдэд ЭМЯ зөвшөөрөл олгох эрхтэй байдаг болон улсын хэмжээнээс бусад төрлийн эмнэлгийн байгууллагад тухайн аймаг, дүүргийн засаг дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг нь олгодог юм байна.
URL: