Найраатай, нанчилдаантай наадмыг Даншиг гэх үү

libkf8tj13f6d3u9jl9ttkripДаншиг наадмын үүх түүхийн тухай чамгүй мэдээлэл байдаг. XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабаазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Уг наадамд Монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий. Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд Монголчилбол “Бат- Оршил” гэсэн утгатай. Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөдөг байсан түүхтэй бөгөөд  сүүлд улам өргөжиж Долоон хошуу даншиг наадам болгон тэмдэглэсэн ирсэн гэдэг. Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд зохион байгуулсан тухай эх сурвалжуудад өгүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран  “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадмыг энэ жил гурав удаагаа зохион байгууллаа. Хэдийгээр наадамчин олны нүдийг баясгах олон арга хэмжээ зохион байгуулагдсан ч Даншиг наадмын гол зорилго болох эв найрамдалаа уландаа гишгэж, найраатай, нанчилдаантай наадам болж өнгөрснийг хэн хүнгүй шүүмжилж байна. Лам нар нь нийлж хүн зодож, шударгаар эр бяраа үзэх бөхчүүд нь  наадмаа гутаах үйлдэл гаргасныг цахимд баримтжуулжээ.

Даншигийн наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж арслан цол хүртсэн. Тэрбээр 2016 оны наадмаар  түрүүлж байсан бол өнөө жил хүчит 256 бөхийн барилдаанд дахин түрүүлж “Даншиг” наадмын даян аварга боллоо. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон. Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд, даншгийн заан Б.Гончигдамба, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, улсын заан Найдангийн Түвшинбаяр нарын барилдаан нэлээд будилаантай болсон талаар өдгөө ч шуугисаар. Үндэсний бөхөд өвдөг газарт хүрсэн тохиолдолд унасанд тооцдог. Тиймдээ ч Б.Гончигдамбын даваа, даваа бус унаа байсан гэдгийг зурагтай нь гаргасаар байна.

Түүнчлэн наадам эхлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-нд эв нэгдлийг эрхэмлэх лам нар нанчилдсныг “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж уйлан ярив. Тодруулбал “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждоржийг Гандантэгчэнлийн хийдийн хамба ламын нарийн бичиг Б гэгч зоджээ. Даншиг наадмын хөтөлбөрийг авахаар очиход нь “Даншиг” наадамд  “Их хүрээ хийд”-ийн лам нарыг оролцуулахгүй гэснээр маргаан дэгдэж, түүнийг зодсон тухай З.Санждорж хамба учирлаж байна.

Даншиг наадам бол түүхээс улбаалж ирсэн уламжлалаараа хамгийн шударга бас эв нэгдэл, найрамдлыг эрхэмлэх учиртай. Гэтэл энэ жилийн наадам найраатай, нанчилдаантай болсныг утгаа алдсан гэх үгтэй зүйрлэх хүмүүс олон байна.

Б.Өрнөх

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих