Ш.Сайхансамбуу 26 000 ам.долларын утас барьдаг
Ш.Сайхансамбуу гэж сонин нөхөр байх. Олны хэл аманд орох нь ч их, өөрөө ч ярианы сэдэв гаргах нь их.
2008 онд түүнийг УИХ-ын гишүүн болж парламентад хөл тавихад нь Л.Гүндалай чуулганы нээлт дээр “Зах дээр өвлийн хүйтэн, зуны халуунд зогсож буй эмэгтэйчүүд бөөргүй, эрчүүд нь нуруу нугасны өвчтэй болж байна. Чи тэдний зовлон дээр баяжсан шүү дээ. Чам шиг хувалз Монголын парламентад ороод ирсэнд гайхаж байна. Энэ бол чиний суух газар биш” хэмээн цамнаж байсан.
Хувалз ч байна уу, хувилгаан ч байна уу ямар ч байсан энэ нөхөр ангийнхан дотроо бийлэгжүү бас элдэвтэй эрхмүүдийн тоонд ордог болсон.
Мөн тэрээр тангараг өргөхдөө Р.Гончигдоржид сөгдөн мөргөж “Согтуу байсан” гэх ялд унаж байсан. Харин мань хүн богдод хөл алдаж байгаа мэт ийн авирласан нь өөр учиртай байсан гэнэ.
Анх 19 настайдаа политехникийн дээд сургуулийн сантехникийн инженерийн ангид ороход нь Р.Гончигдорж багш нь байж түүнд гурван жил математик заасан аж. Тиймээс мань хүн Гончигоо багшдаа хүндэтгэл үзүүлэн мөргөсөн юм байх.
Эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу одоогийн ханшаар 26 000 ам.долларын VER-TU маркийн утсаар гангардаг. Тэрээр энэ утсаа найман жилийн өмнө Сингапураас 16 000 ам.доллараар авч байжээ.
Сонирхуулахад, түүний аавыг Шинэнсамбуу гэдэг агаад тэрээр хүүхдүүддээ Сайхансамбуу, Тайвансамбуу, Шаравсамбуу гээд “Самбуу” нэрийг бөөндсөн юм билээ.
URL: