ЗОЧИД БУУДАЛ БОЛЖ ХУВИРСАН ХИС-ИЙН ӨРГӨТГӨЛ ТАРАА ТАНИУЛЖ ЭХЭЛЛЭЭ
“Пума” зочид буудлын цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн бэртсэн нь нийслэлчүүдийг түгшээж байна. Тэнд цахилгаан шат унана гэдэг цаашид бүхэл бүтэн барилга нурах ч аюулын дохио байж болзошгүй. Учир нь анх долоон давхар хичээлийн байрны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ингэхдээ дан тоосгоор барьсан байдаг. Барилгын тэнхлэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр нь улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тухайлбал, дэлхийн жишигт парламентын ордныхоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.
Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээлийн байрны өргөтгөл биш “Пума” зочид буудлын байр болж “хувирсан” нь олон нийтэд ил болсон. Тэгтэл тухайн үед мэргэжлийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга тараа таниулж эхэллээ.
Барилгын ажлын явцад гэхэд л Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай болчихсон. Анх зураг гаргасан зохиогчийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн “Пума” компани, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёуланд нь 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 давхар болж сүндэрлэтлээ Мэргэжлийн хяналтынхныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давхраас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэртээд өнгөрч. Хэрэв 17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц “Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд “Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг болог. Мэргэжлийн хяналтынхан энэ байдлыг газар авахуулалгүй зогсоогоосой.
Зууны мэдээ
С.Уянга
URL: