Сэтгүүл зүй нэг л бишээ… Б.Галаарид ах аа?
Манай сэтгүүлзүйд бичиж болдоггүй сэдэв зөндөө байна. Жишээ нь: Хятадын тухай үнэнийг бичиж болохгүй. Яагаад гэвэл Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид саяхан Ц.Оюундарь ч гэсэн хэдэн сэтгүүлч дагуулчихсан хэрмийн хавиар явж байна. Нэг тайланд танай эвлэлээс явуулсан 250 сэтгүүлч байгаа тухай дурдагдаж байна. Ямар их тоо вэ? Хүчирхэг хөршийндөө очиж, номоор нь тархи угаалгаж, ногоотой шөлөөр нь ходоодоо угаалгасан хүн ҮНЭН-ийг бичнэ гэдэг халуун л даа. Энэ тоо статистикаас харвал ямар ч байсан хар ялаа шиг нөмрөөд ороод ирэхэд, ”Энэ бол хээрийн сургуулилт” гэж тайвшруулах сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми бий болжээ. Эмзэгхэн цэгийг эвтэйхэн дарсан хэрэг шүү. Саяхан сүр хүчээ харуулсан Си ах маань Энэтхэгийг ”Ну погоди” гэж байна. За тэр ч дүүрчээ. Хятадад явсан тэмдэглэлүүдээс Баатархуяг, Магнай хоёрын ”Төвдийн тэмдэглэл” бол үнэхээр сайн болсон. Гэхдээ тэр хоёр хүний мөнгөөр хүүдэгнэж, хүүтэй цайгаар оодогноогүй. Зүгээр л ”тачаал”-аараа явцгааж бичсэн.
Ч.Мөнхбаяр бид хоёр Монгол улсад амьдарч байгаа хэдэн өвөр монголчуудынхаа эрх ашгийн төлөө бичдэг тэмцдэг. Нэг ч дэмжих ТВ, сонин байхгүй. Эрхээ биш ”Өдрийн сонин”, Л.Мөнхбаясгалангийн удирдаж байсан ”ТВ2” л нэвтрүүлж байлаа. Танилын нүүр халуун л даа. Энд би хилийн цаана биш хил дотроо халуун тогоондоо болж байгаа шудрага бус үйл явдлын тухай ярьж байгаа юм шүү. Монголд орж ирээд, 17 жил амьдарч байгаа Зүүн Сөнөдийн Сэргэлэн гэж залууг саяхан албадан гаргасан. Д.Мөрөн дарга. Монголд ирээд, эхнэртэй охинтой болж, хаягдсан ч охиноо өсгөсөн номхон шудрага энэ залууд Иргэн харьяатын дарга байсан одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ”Таны асуудлыг нааштай шийднэ” гэж ТВ, сониныхны өмнө ам алдаж байлаа. Одоо бол сонин хэвлэлээр ”Монголд 16 жил харлаж, хуурамч бичиг баримт бичиг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа” гээд л сэтгүүлчид баатарлаг гавъяаг магтан дуулж байна. Нас биенд хүрсэн охин нь одоо аавынхаа араас явах гэж байна. Ингээд Монгол улс нэг иргэнээ алдаж, хэдэн сэтгүүлч цалингаа бүтэн авч байгаа юм. Яс юман дээрээ энэ тухай залруулга хийх сонирхол ч алга хүсэл ч алга. Танилын нүүр халуун гүйгээд очиход ”Хаалтын гэрээ”… гэж нэг юм л улиглана. Бүгд нэг үл мэдэгдэх ”хаалттай” хөшигний цаадхийг бичиж, чадахгүй болтлоо худалдагдчихаад байна. Цаана чинь.
За сэтгүүлчид минь энэ мэтийн ёсзүйн асуудлыг бүр хаячихъя. Зүгээр тогоон дотроосоо л харъя. Ноднин жилдээ Бурханч лам Г.Пүрэвбат, Л.Мөнхбаясгалан хоёр ”Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Буян компанийн монополи болоод мөлжлөгийн тухай нэвтрүүлэг хийв. Энд бол бизнест бас ёсзүй байх ёстой гэдэг утгаар хийгдсэн нэвтрүүлгийг та минь ”Өдрийн сонин”-оос эхлүүлэн 73 мэдээллийн хэрэгсэл буюу Сэтгүүлчдийн эвлэлийн бүх гишүүд уухайлан нийтэлж, дөнгөж нүдээ нээсэн гөлөг ч уншихаар нийтлэв. Үнэн аугаа СЭТГҮҮЛЗҮЙ. http://duuren.mn/?p=4267
Энэ бол соён гэгээрүүлэхийн эсрэг гүтгэлэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн хүчирхийлэл болсон үйл явдал байлаа. Ямар ясчин цусчингаараа дуудуулж сураагүй биш. Г.Пүрэвбатаас өөр нимгэхэн мэдрэлтэй хүн бол амиа хорлох хэмжээнд гутаан доромжилсон. Хааяа нэг сүнс сүлд, тэнгэр шүтлэг, ид шидийн тухай юм хийж харагдана. Эрэлхийлэл. Итгэл үнэмшил. Мэргэжлийн сэтгүүлч хүн учраас үзэхэд ч сайхан байдаг. Гэхдээ л ах минь үнэнийг хэлэхэд ”Үг уран бол хүний хаан, гар уран бол хүний боол” гэдэг шиг та үнэхээр сайн сэтгүүлч. Үгийн ид шидийг эзэмшсэн хүн. Алтыг ч баас, баасыг ч алт болгох авъяас танд бий. Таны хаан байх хугацаа миний л хувьд лав дуусчээ. Өнөөдөр А.Баатархуягын пост, ”Ноцтой мэдээ”-ийн Б.Галсансүхийн эсрэг бичсэн таны пост бол хангалттай. Тэнгэр мэнгэр, бөө мөө, идтэй шидтэй илбэтэй чадалтай лам хувилгаадаар айлгах гээд байгаа бол би лав айхгүй. Хятад руу сэтгүүлчдээ зохион байгуулалттай авч явж, тархийг нь угаасан тань үнэн үү гэвэл ҮНЭН. Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид гэдэг хоёр хүн сэтгүүлчдийн хаан байх хугацаа дууссан уу? гэвэл дууссан. Цаагуур чинь шатар даамны холбооны ЕРӨНХИЙЛӨГЧ гэдэг цол тэмдэг, эвэр туурай хогоороо л байна.
Эрх баригчид, бусдаас шудрага ёс, хариуцлага шаарддаг, нэхдэг. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч огцорчихож болдоггүй юм бэ? ингэхэд. Нийгэмд үлгэр жишээ болог. Энэ бол эрүүл үзэгдэл. Тан шиг авъяастай хүн ”талийгаач”-дын ерөнхийлөгч ч болж чадна. Та бол яг нөгөө Махкомбинатын яргын хашаа руу бусдыгаа дагуулан оруулдаг ”тэжээвэр ухна” болчихоод байна. Сэтгүүлзүйдээ хайртай л бол шүү.
2017 оны 8 дугаар сар 3
URL: