М.Ичинноров: Д.Гантулгыг хүчин хийж байхад дэргэд нь хүн хараад зогсож байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн хариу ирсэн
“Гантулгыг хүчин хийж байхад дэргэд нь гэрчлэх хүн байгаагүй. Хохирогч, Гантулга хоёр хоёулханаа л байсан”. Энэ бол Баянзүрх дүүргийн прокурорын хяналтын прокурор Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэрийнх нь гол агуулга. Би үүнийг хэтрүүлэгтэй, ёжтой хэлж байгааг ойлгоорой. Гэхдээ, уучлаарай, “Найзууд аа, би хүн хүчиндэх гэж байна. Хараарай. Намайг гэрчлэх хүн хэрэгтэй шүү” гэх хүчиндэгч байдаг уу?
Ер нь хүчингийн хэргийг хүн харж байхад хийдэг хүн байдаг уу? Хэрэгт хийх гэсэн хүнээ бол гэрчгүй ч, нотлох баримтгүй ч өөрсдөө зохиогоод хүртэл хийчихэж чаддаг шүү дээ. Өчигдөр Саранзаяагийн фэйсбүүк хаягийг устгачихаж. Хүчингийн хэргийн хохирогчийн сэтгэл санааны байдлыг шинжлүүлэн тогтоох ажил ер хийсэнгүй.
Хүн гүтгэж байгаа хүн, жинхэнээсээ хүчиндүүлсэн хүн хоёрын сэтгэл зүйн ялгааг мэргэжлийн эмч нар тогтоогоод л гаргаад ирнэ. Хүчингийн хэргийн хохирогч маш эмзэг байдаг. Хэргээ дахин дахин ярьж, мэдүүлэг өгөхөд л шарх нь сэдэрч, болсон үйл явдал дахин амилан босч ирдэг. Тэд сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй болох, амиа хорлох талаар боддог болдог. Тийм учраас л би Тахарын албанд Гэрч, хохирогч хамгаалах газрыг удирдаж байхдаа хүчингийн хэргийн хориогчдод онцгой анхаарал хандуулж, халамж үзүүлж ажиллаж байлаа.
Тэр бүү хэл хариуцаж буй цагдаа, өмгөөлөгчид нь хүртэл ингэж харьцаарай, тэгж битгий харьцаарай гээд өөрөө хүртэл зөвлөдөг байлаа. Тэр чинь хүн шүү дээ. Өвддөг зүрх сэтгэлтэй хүн. Түүний бие эрхтэн нь түүний өөрийн бүрэн бүтэн байдал, тусгаар оршихуйн баталгаа нь. Түүнд нь өөрийн хүсэл зоригийн эсрэг, хүчээр хүн халдаж. Энэ үйлдэл хүнд ямар хүнд ачаа үлдээх вэ? Биеийн шарх анидаг, сэтгэлийн шарх бараг л анидаггүй, анисан ч удаан. Хууль, хяналтын байгууллагууд зөв ажиллаарай. Сануулж хэлмээр байна. Зөвлөж ч хэлмээр байна. Үүнийг сайн шэйрлээд өгөөрэй, фейсбүүкийн найзууд аа. М.Ичинноров”.
Г.Ганаа
URL: