Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье

10845

Оршил

Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org –оор дамжуулан  үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.

 Эхлэл

Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад  Эрээнээс  ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ.

Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ?  Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам  байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга.

Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.

Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан.

Өнөөдөр бид  эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад аялж буй Хятад хоолны газарт хооллох дуртай Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.

Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх сурвалжаас үзнэ үү.

Баримт 1. Хуурамч өндөг.

Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг  хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (1,2). Биечлэн үзүүлсэн видеог www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA дээрээс үзэж болох юм байна.

Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө  оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3).

Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2).

Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч өдийг хүртэл  энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй хэмээн зарлаж байсан,  2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн  хуурамч өндөгний сэрэмжлүүлэг видео (3) youtube дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээр ажээ.

 Баримт 2. Хуурамч будаа.

2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.

2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5 хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж.  Хуурамч будаа нийлүүлж,  хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.

 Баримт 3. Химийн хортой xуурамч вино

2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах,  тэр бүү хэл хорт хавдар үүсэх боломжтой гэжээ.

Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа

2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоёр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ.

Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ-ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн, Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг оруулсангүй.

2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илэрсэн, газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13).

Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх

2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент  будагч зэрэгхимийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ.

Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).

2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус төрөгчийн хэт исэл,  парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, аль аль нь хүнсний зориулалттай биш. Нэг удаагийн савхны 80 хувь нь хүний эрүүл мэндэд хортой байдаг нь тогтоогдсон төдийгүй хаягдал гялгар цаасанд савладаг нь байдлыг улам даамжруулдаг аж.

Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал, Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой.

Баримт 6. Пестицид бордоотой банш

2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.

Баримт 7. Өттэй шоколад

2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18).

Баримт 8. Хортой гахайн мах

2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсч болзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ.

Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз

2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг  татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23).

http://dailyfacepalm.com/2009/06/05/cardboard-box-meat-bun/  энэ линкээр орж картоноор хэрхэн бууз хийх зураг, заавартай танилцана уу.

Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу

2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог,  эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ.

 Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах

2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь  гэвэл цахилгаан барааны болон бусад хогоор тэжээсэн үхрийн  маханд мөнгөн ус, бусад химийн бодис байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон янзын бактербайдаг ажээ.

Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ

            2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны  цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгч афлатоксин мэт зүйл агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулax аж (15).

Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ. Хятад улс даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).

http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html линкээр орж  тос шүүж бэлтгэж буй дэлгэрэнгүй зургуудыг үзэж болно.

Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч

Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв  хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэx аюултай гэнэ (29,30).

Сануулах нь:

Ганц ч болтугай Монгол хүнийг аюулын тухай сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ бoлoн бусад аюултай хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).

Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байцгаая!

Амарлин

http://golomt.org

https://golomt.org/2012/01/17/warning2/

Ашигласан эх сурвалжууд:

*Энд нэр дурьдагдсан видеонуудыг youtube дээр тавьсан он сараар тавьсаныг анзаарна уу? Мөн түүнчлэн NTDTV гэдэг нь Хятад гаралтай Америкчуудын байгуулсан Нью Йоркт байрладаг ТВ-ийн суваг бөгөөд Хятадын үндэсний ТВ-ийн мэдээг англи хэлээр хөрвүүлэн шуурхай дамжуулдаг мэдээллийн хэрэгсэл юм.

  1. Хуурамч өндөг хийж буй видео.  2008 оны 3 сарын 16. http://www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA
  2. Хуурамч өндөгний мөрөөр. Японы Фужи Телевизийн сурвалжлага. 2009 оны 10 сарын 9.http://www.youtube.com/watch?v=T55tz4qwFMo
  3. Малайзийн Пенанг хотын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгээс хуурамч өндөгний тухай сэрэмжлүүлcэн видео. 2011 оны 4 сарын 7.http://www.youtube.com/watch?v=R54EvuNXEbs&feature=related
  4. Вьетнамд хуурамч өндөг зарагдаагүй. The Daily Saigon. Вьетнамын өдөр тутмын сонин. 2010 оны 12 сарын 29.  http://www.saigon-gpdaily.com.vn/Health/2010/12/88470/
  5. 중국, 플라스틱 쌀 유통 ‘밥 3그릇=비닐봉지 1개’ 경악 . The Weekly Hong Kong сонин, солонгос хэл дээр. 2011 оны 1 сарын 13. http://www.weeklyhk.com/news.php?code=&mode=view&num=10793. Дээрх нийтлэлийг  Солонгос, Сингапур, Вьетнам хэвлэлүүд авч нийтэлжээ.
  6. Дэлгүүрт хуурамч хятад будаа зарагдаж байна. Тhe Korea Times сонин, 2011 оны 1 сарын 20. http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2011/01/182_80040.html
  7. Тайюанд хуванцараар будаа хийх болжээ. AsiaNews.It онлайн сонин. 2011 оны 2 сарын 11. http://www.asianews.it/news-en/Plastic-rice-made-in-Taiyuan-20751.html
  8. Хятадууд будаагаа хуванцараар хийж эхэлсэн үү? Вьетнамчуудын хариу. Very Viet Nam онлайн сонин. 2011 оны 1 сарын 22. http://veryvietnam.com/2011-01-22/china-makes-fake-rice-from-plastic-vietnam-reacts/
  9. Xо Ши Мин хотод хуванцар будаа зарагдаж байна уу? 2011 оны 2 сарын 19. Tuoitrenews.vnВьетнамын мэдээллийн портал. http://www.tuoitrenews.vn/cmlink/tuoitrenews/society/plastic-rice-found-in-ho-chi-minh-city-1.21813
  10. Хятадyyд дарс хуурамчаар үйлдвэрлэснээр хэрэглэгчдийн итгэл буурчээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2010 оны 12 сарын 31. http://www.youtube.com/watch?v=8Koxv2jgzJc&feature=relmfu
  11. Хуурамч дарсны хэрэг хүмүүсийг цочоож, зургаан гэмтэн баривчлагджээ. The People’s Daily сонин англи хэл дээр, 2010 оны 12 сарын 27. http://english.peopledaily.com.cn/90001/90776/90882/7242919.html
  12. ОХУ Хятадын хортой самар оруулахыг хориглов. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 5 сарын 25.  http://www.youtube.com/watch?v=TApWmXyNBtQ
  13. Хятадаас ирж буй аюул: Цагаан будаа, газрын самар баталгаагүй. Аргументы и Факты Дальний Восток сонин, Любовь Добржанская. № 42 (664). 2011 оны 10 сарын 19. http://dv.aif.ru/issues/664/01_01
  14. Хятадын нэг удаагийн савхнаас хор илэрлээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2007 оны 9 сарын 26. http://www.youtube.com/watch?v=J7TG2a8VsbY&feature=related
  15. Myra xувийн блог дээрх мэдээлэл. 2010 оны 3 сарын 28. http://nihaopengyou.blogspot.com/2010/03/bleh.html
  16. Хятадын хортой  банш. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 2 сарын 3. http://www.youtube.com/watch?v=WMhliAd-brQ&feature=relmfu
  17. Хятадын хортой  банш Японд. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=tLiT3PRSauQ&feature=related
  18. Cолонгост Хятадын өттэй шоколад орж иржээ. LiveLeak.com-ын мэдээ, 2007 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=sO9OTPXbXUA&feature=related
  19. Гахайг хориотой бодисоор тэжээж байна. The New York Times сонин, 2011 оны 3 сарын 13. Шарон ЛаФраньер. http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefs-ART-China.html?_r=1&ref=foodsafety
  20. Хортой гахайн мах тойрсон шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 3 сарын 21. http://www.youtube.com/watch?v=F_ZepHx6KVQ&feature=relmfu
  21. Хятад улс хүнсний аюулгүй байдлын асуудалтай тэмцэж байна. The Los Angeles Times сонин. 2011 оны 6 сарын 26. Барбара Демик. http://articles.latimes.com/2011/jun/26/world/la-fg-china-food-20110627
  22. Хятадaд картон цаасаар бууз хийж байна. Хятaдын CCTV-ийн мэдээнд үндэслэн CNN мэдээлэв. 2007 оны 7 сарын 23. www.youtube.com/watch?NR=1&v=svPWuEFjtNI&feature=endscreen
  23. Буузны махыг картон цаасаар орлуулах болжээ. Хятaдын CCTV-ийн мэдээнд 2007 оны 7 сарын 11.  http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=mEZu7u4kHqY&NR=1
  24. Шанхайд хортой мантууны хэрэг гарлаа. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ,  2011 оны 4 сарын 19. http://www.youtube.com/watch?v=2wbFb1FptKI&feature=relmfu
  25. Хятадууд үхрээ хогоор тэжээж буй тухай шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 11 сарын 11. http://www.youtube.com/watch?v=GPmI32EUg7M&feature=related
  26. Хоолны газрууд бохирын цооногноос тос шүүж, хоол хийхэд ашиглаж байна. Хятадын ТВ-ийн мэдээ, 2010 оны 3 сарын 22. http://www.youtube.com/watch?v=n48Bduy4lw0&feature=related
  27. Xоолны тосыг дахин ашиглах явдал Хятадад аюул учруулж байна. The New York Times сонин, Дэвид Барбоза, 2010 оны 3 сарын 31. http://www.nytimes.com/2010/04/01/world/asia/01shanghai.html
  28. Хятад компани хүний үсээр шар буурцагны сүмс хийжээ. Марк Фроенфелдер, 2004 оны 5 сарын 26. Хувийн блог дээрх мэдээ. http://www.boingboing.net/2004/05/26/chinese-company-make.html
  29. Хүний үсээр хуурамч цуy, жан хийж байна. Хятадын ТВ. 2011 оны 12 сарын 13.http://www.youtube.com/watch?v=niwz5kWibvE
  30. Хятадууд хүний үсээр шар буурцагны сүмс хийсээр л байна. 2010 оны 12 сарын 21. Интернэтийн нийтлэл. http://xa.yimg.com/kq/groups/220815/1620031066/name/China+Making+Soy+Sauch+from+Hair.pdf
  31. Xятадад гарч байсан хүнсний аюулгүй байдлын зөрчлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт.Википедия интернэтийн үнэгүй лавлагаа.  http://en.wikipedia.org/wiki/Food_safety_incidents_in_the_People’s_Republic_of_China

URL:

Сэтгэгдэл бичих