Төрийн тэргүүн Монголбанкны ерөнхийлэгчтэй уулзлаа

224c99c31cb2741bc065c83c0d8595708fa70b40Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцсан юм.

ОУВС-гийн ажлын хэсэг маргааш төгсгөлийн уулзалтаа хийх бөгөөд  хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа тухай Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдлээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор Монголбанкны зүгээс банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна.

ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа аж. Гэтэл монголчуудын хувьд банкны барьцааны гол хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг онцлон хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов.

Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих