Умардын пуужин ба Монголын нүүрс

1501573298598030b2c05b3АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ыг Умард Солонгосын эсрэг тавих хоригоо чангатгахыг санууллаа. Умардын цөмийн улангасалын эсрэг Хятадын тавьсан хамгийн том хориг бол БНАСАУ-ын нүүрсний импорт.  Урд хөршийн энэ хориг харин Монголын нүүрсний экспортонд үүлэн чөлөөний нар болон гийж байна. Хятадын эрх баригчид ОХУ болон Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд буй. Товчхондоо бол Умарт Солонгосоос импортолдог нүүрсээ хойд талын хоёр хөршийнхөө нүүрсээр нөхнө гэсэн үг. Умард Солонгосын өнөөгийн дэглэмийн “томоогүйтэл” ийн холын Монголын нүүрсний үнэ цэнийг өргөв.

Эдийн засаг сайнгүй байгаа ийм үед Монголын нүүрсниий салбарт ногоон гэрэл ассаныг боломж завшаан гэхээс өөр юу гэх билээ. Харин энэ боломжийг хэр ашиглаж чадах нь бидний хэрэг.

Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд нүүрс ачсан 100 тоннын машинууд өдөр шөнө, өглөө үдэшгүй цувж байгаа. Одоо гэхэд дуулдаж буйгаар 90 км орчим урт дараалал урд хилийн боомт дээр үүсээд байгаа аж. 100 тонн-ын нэг машин нүүрс  экспортлохын тулд 10 орчим хоног зарцуулдаг гэсэн үг. Бидний өнөөгийн  буй дүр төрх гэвэл ийм.

Харин нөгөө талд Австрали нүүрсээ 300-500 мянган тонн-ын танкераар далайгаар тээвэрлэдэг. Бид ямар далайд гарцтай биш, ганц итгэл найдвар нь төмөр зам байсан юм. Хэдэн арван жилээр яригдаж байгаа 270 гаруйхан км төмөр замаа барьж байгуулчихсан бол өнөөдөр Монголын нүүрс мөнгөн бороо шаагуулж байх байлаа. Хэд хэдэн Засгийн газар дамжин яригдсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам  Монголын төрийн арчаагүй байдлын илэрхийлэл болон дэлхий нийтэд яригддаг байх. Төмөр зам бол тусдаа сэдэв учир ингээд орхьё.

Үүнийг дагалдаад мөнөөх л эдийн засгаа солонгоруулах тухай үе үеийн эрх баригчдын ярьдаг “үлгэр”-ийг эргэн сануулмаар санагдлаа.

Монголын нүүрсний салбар өнөөдөр байгаа дэд бүтцийнхээ хэр чадлын хэмжээнд боломжийн ажиллаж байна гэж хэлж болох байх. Оны эхний хагас жилийн байдлаар 20 сая тн нүүрс экспортлоод байна. Энэ бол бүтэн жилийн экспорттой тэнцэх хэмжээ. Жилийн эцэс гэхэд энэ боломжоороо байвал 40 сая тн-д хүрэхээр байна. Одоогийн үнэ ханшийн жишгээр тооцвол ийм хэмжээний экспортоос 2.6-2.8 тэрбум ам. долларын орлого олно. Үүнийг монгол төгрөгт шилжүүлэн тооцвол ойролцоогоор 6.2 их наяд төгрөг болно гэсэн үг.

Оны эхний хагас жилд улсын төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнд нүүрсний экспорт их нөлөөлсөн байж таарна.

Дуулдаж буй өөр нэг сайн мэдээ гэвэл Хятадын нэг компани Багануурын уурхайгаас их хэмжээний нүүрс худалдан авах саналаа ирүүлжээ.  Монголын нийт хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг тус уурхай жилд  3.8 сая тн нүүрс олборлодог.  Ямартай ч Монголын нүүрс одоогоор үнс болчихоогүй, хар алт гэдэг нэр хүндээ хадгалж байна.

Харин дэлхий нийтэд бол хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хий ялгаруулалтын эсрэг  Парисын тунхаг гэсэн айхтар хаалт  хар алтны хэрэглээг хязгаарлаж байгаа. Энэ хязгаарлалтыг хамгийн идэвхтэй дэмжигч орны нэг нь манай урд хөрш. Гэхдээ тэнд одоогоор эрэлт  хэрэглээ хэвээр байна. Үүнийг л үүлэн чөлөөний нар хэмээн тооцож самбаачлах нь монголчуудад хожоотой байх сан.

Саяхан мэдээллийн “Reuters” агентлаг  “Хойд Солонгосын экспортод Хятад улс хориг тавьсны дүнд 2017 оны эхний хагаст Монголын нүүрсний экспорт дөрөв дахин өссөн” тухай мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээнд “Дурдсан хугацааны нийт экспортын орлогын тал хувь нь нүүрснээс бүрдсэн болохыг Монголын Үндэсний Статистикийн Хороо Даваа гарагт мэдээлсэн байна. Оны эхний хагасын байдлаар нүүрсний экспортын орлого $1.28 тэрбумд хүрчээ” хэмээн дурджээ.

Монгол улсын нийт экспортын орлогын 82 хувь нь эрдэс баялгаас бүрдэж, 2016 оны мөн үеэс 41.7 хувийн өсөлттэй гарсан ба орлого нь $3.1 тэрбум болсон байна.

Экспортын орлогын байдлаас харвал манай улс  уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай гэдэг нь хялбархан анзаарагдаж байна.  Үүнийг дагалдаад мөнөөх л эдийн засгаа солонгоруулах тухай үе үеийн эрх баригчдын ярьдаг  ”үлгэр”-ийг эргэн сануулмаар санагдлаа.

П.Булган

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих