”Новш”-нуудаар дүүрэн парламент
Парламентын гишүүн бүү хэл гудамжинд яваа залуус ч нэгийгээ элдэв үг хэлээр дайрч доромжлоод хашгичаад байдаггүй. Бүр яадгаа алдсан зарим нь л элдвийн хараал урсгаж байгаа харагддаг. Энгийн нэгэн иргэнийг бодвол УИХ-ын гишүүд гэдэг ямар ч талаараа үлгэр жишээ байх ёстой. Тэдний санаачилсан, баталсан хуулийг иргэд сахиж, хүндэтгэж явдаг нь зүй ёсных.
Гэтэл хууль баталж суудаг эрхэм “тэнгэрийн амьтад” маань нэг нэгнээ хулгайч, худалч, новш, эрүүгийн элемент, п… гэх зэргээр хэлэхгүй муу үгээр хэлдэг болж. Зурагт үзэж суугаа эмээ өвөө хоёр нүүр хийх газаргүй болж байна. Хичээлээ сайн давт, сайн хүн бол. Тэгвэл энэ … шиг том хүн болно, гишүүн болно гэж хүүхдээ царайчилж суугаа аав ээж, эмээ өвөө нар хүүхэдтэйгээ хамт тэднийг хараад л сууж байгаа. Хараал урсгаж, гудамжны хараал урсгаж байгаа УИХ-ын гишүүдийг хараад хүүхэд нь юу бодно гээч. “Өө энэ чинь надаас долоон дор юм байна. Би лав ангийнхаа хүүхдийг, найзыг ингэж хэлдэггүй ш дээ” гэвэл яана вэ. Гэж л байгаа даа. Эсэн бусын хараал тавьж, шүлсээ үсчүүлж, гараа зангидсанаар нь сонгогчид тэднийг “сайн байна” гэхгүй. Харин ч бүдүүлэг, ёс суртахуунгүй хүнийг УИХ-д томилсноо бодоод уур нь хүрч байгаа. Гишүүд юм л бол “новш” гэдэг үгийг хэлэх дуртай. Тэгвэл энэ парламент новшнуудаар дүүрсэн, новшийн парламент болж. Би ингэж бичих эрхтэй. Яагаад гэвэл миний сонгосон хүн эдний дотор сууж байгаа. Бас “найзуудаасаа” илүүтэй “новш”-ийг урсгадаг юм билээ, тэр. Олныг үл нуршин “новш”-нуудын жишээнээс ганц нэгхэнийг нь сануулъя.
Саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хуралдааны үеэр С.Эрдэнэ гишүүнийг “Эрүүгийн элемент царайлсан новш” гэж ирээд л цухалдаж, түүнийг нь бүхий л хэвлэл мэдээллийнхэн олонд цацсан. Ил тод ингэлцэж байгаа юмыг гаргахгүй гээд яахав. Бүдүүлэг аашиллаа гэдгийг нь бид бичсэн юм. Гэтэл “Танай сонин намайг доромжилсон биз дээ. Чи надаас ярилцлага авбал чиний рейтинг өснө” гэж сэтгүүлчийг доромжилсон байгаа юм. Энэ хүн УИХ-ын гишүүн үү, хар захын наймаачин уу. Наймаачин болгон ч ийм байдаггүй юм ш дээ, гишүүн ээ. Боловсрол мэдлэгтэй хүн иймхэн юм ярьдаггүй л байхгүй юу. Байнгын хорооны дарга болчихоод их пээдгэр болсныг тань сэтгүүлчид ярьж байна.
Бас УИХ-ын гишүүн Л.Гүндалай байна. Түүнийг иргэд зууны манлай хэрүүлчээр тодруулсан
гэнэ лээ. Хэлэх гэсэн санаагаа буруу илэрхийлж, үззл боддоо хэрүүлийн шинжтэй илтгэдэг нь ийм нэр зүүхэд хүргэсэн. Харин сүүлийн үед ус балгасан юм шиг дуугүй суудаг болж. Томоожоо юм болов уу гэсэн үгүй бололтой. Хамгийн сүүлд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр “Баттулга сайд аа, олон юм битгий хуцаад бай, хөгийн муу … чинь” гэж хараал урсгасан байна лээ. Траншейныхны, эсвэл шоронгийнхны амнаас л ийм үт гарна. Энэ хүнийг, ингэж хашгирч байгаа хүнийг УИХ-ын гишүүн гэдэгт итгэх хэцүү, байх хэцүү. Аливаа зүйлд санал зөрж болно, тэрийгээ эвтэйхэн илэрхийлчих ухаан л энэ улстөрчдөд дутаад байгаа юм уу даа. Дуугүйгээс бүтэж үхдэггүй гэдэг ч юм уу, дааганаас бус дарвагараасаа болж үхдэг гэдэг зүйр үгийг монголчууд яг ийм хүмүүст зориулаад гаргачихсан юм шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг овоо өсөх ирээдүйтэй залуу хэмээн хүмүүс ам сайтай байлаа. Гэвч сүүлийн үед бас л биш ээ. Хамгийн сүүлд тэрбээр хуульч мэргэжилтэй болоход нь анхны “А” үсгийг заасан С.Нарангэрэл багшдаа “салаавч гаргаж” тэнэгтсэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж энийг хэлдэг юм. Хөгшин зөнөг, хоцрогдсон бүдүүлэг хэмээн доромжилж байгаа багшаасаа эрдэм сурсан ХТэмүүжин өөрөө ч бас тийм л болж таарах бус уу. С.Нарангэрэл гуай Х.Тэмүүжинг бодвол хийсэн юмтай, хал үзэж халуун чулуу долоосон хүн. Шавьдаа ингэж хэлүүлcэндээ голдоо ортол гомдcон биз. Гэхдээ ухаалаг уужуу дотортой монгол эр хүний ёсоор “Залуу хүн алдаа л биз, хэд хоногоос уучлал хүсээд ирэх байх” гээд гомдлоо тэвчин шавиа хүлээсэн. Сүүлдээ шүүх цагдаа болж байж, шавь нь багшаасаа уучлал гуймар аядсан. Ийм л ёс суртахуунтай хүнээр төр түшүүлж байна даа, бид.
Энэ мэтээр хараалын үгийг ерөөл шиг хэрэглээд сурчихсан хүнд гарууд ирэх сонгуулиар УИХ-ын танхимд дахин сууна гэж мөрөөдөөд л сууж байгаа байх даа. Нударга зөрүүлсэн, хэрэлдсэн, маргалдсан талаар энд бичсэнгүй. Хэрэв тэр бүгдийг тоочно гэвэл цаг зав, цаас гарздах тул ингээд орхиё. Тэртэй тэргүй сонгогчид нь сонссон, мэдcэн, дуулсан.
Д.Дорж
URL: