Э.Саранбаатар: Улсын заан Жаргалбаяртай үзүүр, түрүүнд үлдэхдээ шөрмөсөө таттал барилдсан даа

3jvd1goa2phee33lqvtuf0mj7r_bД.ОДОНТУНГАЛАГ

Энэ жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү бөх Эрдэнэжавын Саранбаатар заан цолтой байхдаа Монгол Улсын 21 аймгийн заан цолтнуудын манлай юм. Тэрээр аймгийн хурц арслан Эрдэнэжав гуайн хүү, удам дагасан бөх. Саранбаатар арслангийн авга ах нь дүүгүүр Цэдэв гэж хурц арслан хүн байжээ. Түүний аав, авга ах, тэрээр өөрөө ч Охиндийд төрж өссөн Зүүнбүрэнгийн уугуул. Наахүү гэдэг захирагчийн удам угсаа. Арслан цол гэдэг их хүндтэй цол юм байна хэмээн инээмсэглэх шинэхэн арслангийн ярилцлгыг хүргэе.

-Юуны өмнө энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цолтны тоог нэмсэнд баяр хүргэе. Арслан цолны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Олон жил түрүүлнэ л гэж бодож барилдсан. Арслангийн даваанаас нэлээд хэд буцсан. Энэ жил сайхан барилдаад, арслан цол хүртлээ.

-Бэлтгэлээ хэр базаав?

-Төв рүү явж бөхийн галуудтай нийлж бэлтгэлдээ гарч чадсангүй ээ. Ер нь ч хувиараа л бэлтгэлээ хийчихдэг талтай. Өвлийн бэлтгэл гэж нэг их хийдэггүй. Өөрөө барилдах бөхчүүдтэйгээ цуг бэлтгэл хийхгүй гэж үздэг. Хамт бэлтгэл хийхээр дасал болчихоод нэг нэгнийхээ мэхэнд унахаа больчихдог. Тиймээс ер нь жаахан нууцлаг байж байгаад л наадамдаа зодоглоно шүү. /инээв/ Мэхээ давтаад л, хувиараа бэлтгэлээ хийнэ дээ. Ажил ч тэгж таарах юм. Ажлынхаа хажуугаар 10 хоног амраад бэлтгэлээ хийгээд л зохицуулна даа.

-Өөрийн тань аав аймгийн хурц арслан хүн. Та удам дамжсан бөх. Энэ бас сайхан юм шүү?

-Өө тэгэлгүй яахав. Миний аавыг аймгийн хурц арслан Эрдэнэжав гэдэг. Аавынхаа цолны чимгийг гүйцчихээд л байж байсан юм. Харин энэ жил арслан цолоо авлаа. Дараагийн удаа аавтайгаа адил хурц арслан цолыг авна л гэж бодоод сууж байна. /инээв/

-Хүүхэд байхдаа аавыгаа дагаж хэр их явдаг байв. Аавын тань хэлж ярьсан, сэтгэлд тань үлдсэн дурсамж олон л байдаг байх?

-2002 онд хотод бэлтгэл хийгээд. Буяндорж захирлын “Ноёд” группийн тамирчин байсан үе. Тэр үед аав дээрээ энэ жил арслан болчихъё гэж би орж ирсэн юм. Нутгийн ах нар дэмжье гэж байна. Энэ жил арслан болчихвол дараа дараагийн жилүүдэд улсын цолонд илүү ойртоно гэж байна гэж хэллээ. Тэгсэн аав “Хүнээс гуйж цол авдаг юм уу” гэж зэмлэсэн. Тэгэхээр нь би бас нэг юм бодоод… Аав тэгж хэлээгүй байсан бол одоо улсад барилдаад ямар нэг улсын цолонд хүрчихсэн байх байсан болов уу. /инээв/ Тэгэхдээ энэ бол аавын минь сэтгэлийн үг байсан.

-Г.Эрхэмбаяр аварга, Т.Өсөх-Ирээдүй харцага та нар яг нэг үеийнхэн. Бас хамтдаа нэг багшийн удирдлагад бэлтгэл хийж байсан гэдэг байх аа?

-Тийм ээ. Бид гурав “Ноёд” группийн тамирчин байсан. Буяа захирал маань ч биднийг их дэмждэг байсан. Ноднин захирал маань ирж уулзаад нөгөө хоёр маань улсын цолонд хүрчихлээ. Одоо Сараа маань улсын цолонд хүрчихвэл… Ямар ч гэсэн арслан болчихоосой гэж бодох юм гэж байсан. Энэ жил ингээд сайхан барилдаж арслан боллоо. Олон хүний хүсэн хүлээж байсан итгэлийг алдаагүй байх гэж бодож байна.

-Баяр наадмын хамгийн хүнд барилдаан?

-Үзүүр түрүүний барилдаан л хэцүү байлаа даа… Анх гарч барилдахаасаа эхлээд сэтгэлд үзүүр түрүүнээс ахиад буцахвий гэж гэсэн бодол байсан. Тиймээс өөрийгөө их тайвшруулсан. Өмнө нь гурван удаа буцчихсан хүн чинь заримдаа жаахан эмээх зүйл бас байна аа. Энэ жилийн барилдаан үзүүр түрүүнд дөрөв дэх жилээ барилдсан барилдаан байлаа.

-Одоо бол та өөрийнхөө бэлтгэл хангагч, өөрөө өөрийгөө бэлтгээд л явчихдаг юм байна. Томоохон олныг хамарсан бэлтгэлд хэзээ гарсан бэ?

-2002 онд улсын харцага Г.Элбэг багш маань хөдөөнөөс намайг дуудаад анх хотод бэлтгэл хийсэн. Тэр жил бэлтгэл маш сайн байсан. Наадмын бэлтгэл дээр Г.Элбэг багш “Хөвсгөлийн Мөнгөнхуяг Хөвсгөлд түрүүлж, Саранбаатар Сэлэнгэд түрүүлж арслан болно” гэж хэлж байсан юм. Энэ хоёр бол арслан цолны эрэмбэтэй хүмүүс гэж бид хоёрт маш их итгэл тавьчихсан байсан. Тэгсэн би тэр жил аймгийн начин Амараад хоёрын даваанд уначихдаг юм. Одоо аймгийн арслан Сайхан сумын Амараа шүү дээ. Тэгээд хот руугаа очоогүй. Тэр чигтээ хөдөө явчихсан. Тэр бол миний алдаа байсан.

-Уг нь очих байсан юм биш үү. Алдаан дээрээ суралцаад илүү их хичээллээд улсын цолонд хүрчихэд ойрхон л байж дээ?

-Үндсэндээ бол Г.Элбэг багш дээр нэг жил маш сайн бэлтгэл хийсэн. Тэр суурь маань одоо хүртэл явдаг. Үр дүн нь ч өнөөдөр гарлаа. Түүнээс хойш өөрөө өөртөө дасгалжуулагч хийгээд л явж байна.

-Бөхийн анхны багш тань ямар хүн байв?

-Миний аав намайг 19 нас хүрэхэд гэнэт л одоо чи барилдах болсон гээд анх удаа сумын наадамд барилдуулахад дөрөвт үлдсэн. Ингээд аймгийнхаа наадамд дөрвийн даваанд Батсайхан заантай /одоо арслан/ таараад унаж байсан. Үүнээс хойш бөхөөрөө тууштай явж байна.

-Эцэг эхээс хэдүүлээ билээ. Ах дүүсээс чинь спортоор тэр дундаа бөхөөр хичээллэж байгаа хүн байна уу?

-Тавуулаа. Нэг дүү маань сумын заан.

-Дархан мэх юу билээ?

-Нэг мэхээр удаан барилдаж болдоггүй. Хүмүүс ч унахаа болидог. Эхлээд бусгадаг, татаж хонгоддог байсан. Дараа нь давуулж гуядах мэхийг их голчилсон. Энэ мэтээр мэхэн дээрээ ч гэсэн суралцаад, өөрийгөө хөгжүүлээд явдаг. Ер нь бөх хүн олон угсраа мэхтэй, түүндээ эзэн байх хэрэгтэй. Шинэ мэх сурч, өөртөө гаршуулах ёстой.

-Таны барилдааныг хараад байхад ер нь нэг их уддаггүй талтай. Их л хурдтай барилдаад байх шиг санагддаг. Харин сүүлийн үед нилээд барьж барилддаг болж?

-Өмнө нь ч маш хурдтай барилддаг байлаа. Яаж давсан, яаж унаснаа ч мэдэхгүй байрын талдаа. Сүүлдээ барилдааны туршлага ч юмуу алдаа оноон дээрээ суралцаад найдвартай мэх хийхийн тулд хүлээж, барьж барилддаг болоод байгаа.

-Харж суралцдаг, бас хүндэлж явдаг бөхчүүд байгаа л байх…?

-Б.Бат-Эрдэнэ аваргыг их хүндэлж явдаг. Эгэлгүй бяртай хүн. Манай аймгийн бөхчүүдээс манай Г.Эрхэмбаяр аварга байна. Үнэхээр бяртай. Т.Өсөх-Ирээдүй харцага айхтар ухаантай барилддаг хүн. Үүнээс хойш сайхан дүү нар байна аа.

-Энэ жилийн барилдааныг оролцуулахгүйгээр хамгийн их хөлс хүчийг тань шавхсан санаанаас гардаггүй ямар барилдаан байна вэ?

-Улсын заан Н.Жаргалбаяртай үзүүр түрүүнд үлдэхдээ ёстой шөрмөсөө таттал барилдсан даа. Тэр жил бэлтгэл сайтай ч байсан. Хүнд барилдаан байсан. Ерөөсөө мартагддаггүй барилдаан байгаа юм.

-Г.Элбэг харцага дээр байсан бол их л дээшээ явах байж дээ. Ахиж багш дээрээ очоогүй юмуу?

-2014 онд бэлтгэл хийх гээд очсон багш маань “Чи яах гэж ирж байгаа юм” гээд заалнаас хөөж байсан. Би гомдоод хувцасаа өмсөөд гарах гэж байтал, бүгдийг нь жагсаагаад “Энэ хүн одоо бэлтгэл хийх гээд ирж байдаг. 2002 онд надаас зугатаагаад явсан. Барилдаж байсан бол улсын харцага цолны хэмжээний хүн байх ёстой. Цуг барилдаж байсан Г.Эрхэмбаяртай ана мана үзэж байсан” гэж хэлж байсан юм.

-Тунасан, унасан барилдаанууддаа хэр дүн шинжилгээ хийж байна?

-Давсан үед бол мартчихдаг. Унасан тохиолдолд байнгын дүн шинжилгээ хийдэг. Тийм мэхэнд ингэж уначихлаа гээд. Дараа нь тэр мэхэндээ хэрхэн яаж хариулах уу, хамгаалах уу гээд л…

-Энэ жил Төрболдтой барилдахдаа ямар тактиктай гарсан бэ?

-Төрболд их эвгүй. Би зүүн талтай. Намайг баруунаас мэх хийхгүй байх гэж бодсон байх.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх гурван хүүтэй. Миний ханийг Алтанцэцэг гэдэг дархан бэр хүн байгаа. Сайн явахад ар талыг эхнэр хүн л авч явдаг. Миний хань ар гэрийг маш сайн авч яваа. Энэ амжилтад хүрэх үндэс суурь бол миний хань. Хаана ч явсан би ар талдаа санаа зовдоггүй. Энэ дашрамд ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.

-Сэлэнгэ нутгийн залуучуудаас сайн барилдчихаар ямар бөхчүүд байна вэ, таны бодлоор?

-Энэ жилийн наадамд харцага цол авсан Ганбаярыг гайгүй барилдчих болов уу гэж харсан. Эрдэнэбаяр найзыгаа энэ цолонд хүрээсэй гэж хүсч байна. Адилхан олон жил сайн барилдаж яваа. Бас Энхжаргалыг арслан болчихоосой гэж бодох юм. Энэ сайхан цолны энэ гоё мэдрэмжийг аваасай гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих