Засгийн газрын ээлжит хуралдаанд Д.Зоригт нууц асуудал хэлэлцүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт болох гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсны дотор Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийх айлчлалын тухай, Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай, Орон сууц хувьчлах тухай, Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл, Монгол Улс, Унгар улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэхээс гадна Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар тус бүр нэг нууц асуудал оруулж хэлэлцүүлэх юм байна. Харин танилцуулах асуудлын жагсаалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай , Ургац хураалтын 2011 оны дүнгийн тухай багтжээ.
URL: