ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН, ТАГНУУЛЧИЙН ЁС ЗҮЙГ ЗӨРЧСӨН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ В.НЯМХАНД ГЭЖ ХЭН БЭ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх улсын нууц задруулсан хэргээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан В.Нямхандыг шүүнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц иргэн Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлж авчирсан гэсэн хэргээр Англид саатуулагдсаны дараахан тагнуулын хэргээр дахин нэг хүнийг сэжигтнээр шалгахаар баривчиллаа гэсэн мэдээлэл гарсан. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан Б.Нямхандыг Ганцхудагт хориод гурван сар болж буй. Гэхдээ түүнийг чухам ямар хэрэгт буруутгаж байгаа талаар тодорхой мэдээлэл хомс төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулсан хэргээр шалгаж буй гэсэн ерөнхий мэдээлэл байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр В.Нямхандыг Тагнуулын байгууллагын хууль дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр давхар буруутгаж байгаа гэнэ. Тэрбээр тагнуулын байгууллагаас халагдсанынхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан гадаад улс руу зорчсон гэнэ. Уг хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаардлага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна. Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах бас нэгэн үндэслэл болсон бололтой. Тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэнэ. Түүнчлэн төрийн нууц задруулсан Б.Нямхандад Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 87.1-ээр хэрэг үүсгэн шалгаж прокурорын хяналтаас Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлсэн. Тэрбээр Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр ийн сэжигтнээр татагдсан юм. Эл хэрэг төрийн нууцад хамаарах учраас шалгах, хяналт тавих бүх ажиллагаа өндөр нууцлалтай явагддаг аж. Харин зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг тагнуулынхан илрүүлсэн гэдэг юм билээ. Энэ нь шалгагдаж, шүүгдэх хоёр дахь шалтаг нь болж буй бололтой. Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Дараа нь буюу 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа “Савана” ресторанд ТЕГ-ын ажилтан хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй маргалдаж зодолдсоноос үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ.
В.Нямханд улсын нууц задруулсан Цахилгааны Жаргалсайханы өмгөөлөгчөөр ажилласан гавьяат хуульч Т.Жанцанг өмгөөлөгчөөрөө авсан гэнэ. Түүний шалгаж буй зүйлчлэлээс харахад эх орноосоо урвасан гадаадын тагнуулын байгууллагад нууц мэдээ материал дамжуулан элссэн гэж буруутгаагүй бололтой. Зөвхөн төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэн хариуцсан төлөөлөгч задруулсан гэх зүйлчлэлээр сэжигтнээр татаад байна. Үүнийг ч албаны эх сурвалж баталж байсан юм. В.Нямханд гэж хэн бэ. Дэд хурандаа В.Нямханд 20 гаруй жил тагнуулын байгууллагад үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Б.Хурцыг Тагнуулын байгууллагад ажиллаж байх үед Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар ажиллаж, Дамирангийн Энхбат агсныг Францаас баривчилж ирэх ажилд гар бие оролцож байжээ. Тухайн үед эл ажиллагаанд таван хүн оролцож байсан бөгөөд В.Нямхандаас бусад нь өдгөө бүгд өндөр алба хашиж зарим нь гадаадад томилогдсон гэнэ. Харин тэр л ганцаараа ажилгүй хоцорч, багагүй хугацаанд ажилгүй явсны эцэст 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болдын шийдвэрээр Нийслэлийн тагнуулын газарт ажилд оржээ. Гэвч ажилд ороод удаагүй байхдаа тэрбээр зодооны хэргээр ажлаасаа халагдсан юм байна. Энэ хэргийг сөхвөл одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сард ТЕГ-ын ажилтан Ж хурандаа цол авч, энэ баяраа “Савана” рестронд хамт олонтойгоо тэмдэглэсэн аж. Гэвч архинд халамцсан эрчүүд маргалдаж, ТЕГ-ын ажилтан Н архины шилээр Ж-гийн толгой руу цохиж, хүнд гэмтээжээ. Уг нь энэ хэрэгт дэд хурандаа В.Нямханд ямар ч буруугүй, зодоон болоход салгах гэж оролдсон аж. Гэвч ТЕГ-ын даргын шийдвэр гарснаар ажлаасаа халагджээ. Харин дээрх зодооныг өдөөж, хурандаа Ж-гийн толгойг хага цохисон Н удалгүй УИХ-ын тамгын газарт зөвлөхөөр ажилд орж, зодуулсан гэх Ж нь албан тушаал дэвшин гадаадад ажиллахаар болсон юм байна. Үүнээс гадна В.Нямхандтай хамт халагдсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын төрсөн дүү мөн л гадаадад ажиллахаар болжээ. В.Нямхандын тухайд өөрийгөө энэ хэрүүл маргаанд ямар ч буруугүй гэдгийг нотлох гэж удаа дараа оролдсон ч түүнийг сонсох хүн олдсонгүй, ажлаас нь халжээ. Ийнхүү бүтэн хоёр жилийн турш ажилгүй явсан дэд хурандаа эцэст нь улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, мэргэжил нэгтнүүддээ баригдчихаад одоо шүүхээр хэргийг нь шийдэж байгаа юм билээ. Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Эх орноосоо урвах” гэсэн заалт бий. В.Нямхандыг яг энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгасан юм. Гэвч тэрбээр “Би нууц мэдээлэл дамжуулаагүй, Хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байсан” хэмээн мэдүүлсэн талаар хэвлэлүүд бичиж байсан. ТЕГ-ын ажилчин албан хаагчдын дотоод дүрэм, журам тун ч чанга. Хэрвээ тухайн байгууллагын ажилтан ажлаасаа халагдсан, чөлөөлөгдсөн л бол гурван жил гадаад руу явах, мөн сэжиг бүхий хүмүүс, гадныхантай уулзах эрхгүй ажээ. Хэрэв дээрх нөхцөл байдал үүсвэл Аюулгүйн албанд илтгэх хуудас бичиж, зайлшгүй зөвшөөрөл авч байх учиртай гэнэ. Харамсалтай нь В.Нямханд дэд хурандаа ажлаасаа халагдсанаасаа хойш ТЕГ-ынхантай ямар ч холбоо бариагүй байсан бөгөөд Монголд ажиллаж амьдардаг хятад иргэдтэй уулзах болжээ. Тэр ч бүү хэл багагүй хугацаанд ажил албагүй явсан дэд хурандаа гэнэтхэн л Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд шинээр баригдсан өндөр үнэтэй байр худалдан авч, үнэтэй машин хөлөглөх болсноор тагнуулын ажилчдын анхаарлыг татсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр ТЕГ-ын алба хаагчид В.Нямхандыг зургаан сарын турш тасралтгүй мөрдөн шалгасан бөгөөд энэ үеэр гадны тусгай албаныхантай уулзаж байсныг нь тогтоосон гэдэг. Түүнийг гадны тусгай албадаас 100 мянга орчим доллар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Ямартай ч В.Нямханд нь Тагнуулд ажиллаж байхдаа Монголд амьдарч байгаа хятад иргэдийг хариуцаж ажиллаж байсан бөгөөд байгууллагынхаа хяналтад байдаг өвөрлөгч иргэдийн нэр усыг ч сайн мэдэж байжээ. Тэгсэн атлаа Хятадын тусгай албатай нэр холбогдож, мөнгө төгрөг авсан нь олон хүний анхаарлыг татаж байна. Юутай ч В.Нямхандыг төрийн нууц задруулсан гэх хэргээс гадна тагнуулын байгууллагын хууль зөрчсөн хэрэгт давхар шүүх бололтой. Шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахыг бид эргэн мэдээлэх болно.
URL: