Хөшөөтийн эзэмшил бол дээрэм, луйврын үйл ажиллагаа
Монгол Улс баялгийн үүцээ дэлхийд дэлгэж байгаатай холбогдуулан МУИС-ийн багш, доктор С.Авирмэдтэй ярилцлаа. Энэ удаад нүүрсний бодлого болон энэ салбарт Монголын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байгаа Өмнөговийн Тавантолгой, Ховдын Хөшөөтийн нүүрсний ордын талаарх байр суурийг нь сонирхлоо.
-Тавантолгойн ордын талаар баримтлах ерөнхий зарчмаа Ерөнхий сайд С.Батболд олон нийтэд зарлалаа. Энэ ордын хувь хишгийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тараахаа мэдэгдээд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ.
-Биелэхэд одоохондоо хүнд. Өмнөх гашуун туршлага бий шүү дээ. Цэнхэр, ягаан тасалбараар өмчөө хувьчилсан. Надад ч, чамд ч одоо юу ч үлдээгүй, байхгүй. Хувьцаа хүртээчихээд ард түмэнд юм ногдохгүй болчих вий гэж би болгоомжилж байгаа юм. Баталгаатай ногдох боломжийг зарлахын сацуу Тавантолгойн баялаг нийт тэдэн тэрбум төгрөг болно, үүнээс ард түмэндээ тэдийг нь олгоно, 2015 он гэхэд иргэн бүрийн гар дээр жил бүр тэдэн төгрөгийн ашиг өгнө гэж бодитой тооцоотой, баталгаатай хэлсэн үед бол би үнэмшинэ.
-Таны хувьд эсрэг байр суурьтай байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ.
-Үгүй ээ, эсрэг биш. Эсрэг гэхээсээ илүүтэй эргэлзээтэй, болгоомжтой хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, эхлээд төрийн бодлогоо тодорхойлж, дараа нь хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгосны дараа үүнийг хийж болох юм.
-Тэгэхээр та энэ болгоомжлол эргэлзээгээ шийдвэр гаргагчдад хүргэх боломж хэр байдаг юм бэ. Та Оюутолгой, Тавантолгой гээд том төслүүдийн Ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Үгийг тань хүлээн авч, Ажлын хэсгийн дүгнэлт болон төрийн түвшинд шийдвэр гаргахдаа хэр тусгадаг вэ?
-2005 оноос эхлээд бидний хэсэг нөхөд янз бүрийн юманд зөндөө л орлоо. Оруулдаг. Оруулчихаад дараа нь өөрсдийнх өөрөө хийчихдэг. Бидний саналыг ерөөсөө авдаггүй. Сая Оюутолгойн гэрээ хийхэд Д.Зоригт сайд П.Очирбат гуай, Хурц гуай, доктор М.Дамдинсүрэн гуай бид дөрвийг дэргэдээ сар орчим суулгасан юм шүү дээ. Бид зөвлөсөн, зөвлөгөөг маань сонсоод л байсан, сонсоод л байсан, яг гэрээ хийхдээ эсрэгээр нь хийчихсэн. Сүүлд нь ярихдаа Авирмэд гуай байсан ш дээ, Ч.Хурц гуай орсон ш дээ гэдэг. Санал сонсдог мөртлөө тусгадаггүй. Ашигт малтмалын хууль дээр хүртэл бидний саналыг сонсож байсан. Гэтэл эцэстээ өнөөх Канадын компанийн эрх ашигт зохицсон хууль гаргачихсан. Тэд биднээс илүү нөлөөлсөн. Яагаад гэвэл тэд биднээс илүү мөнгөтэй, хахуулийг нь өгчихдөг юм уу гэж боддог. Харин бид хэлэх, ярихаас цаашгүй. Гэхдээ ард тү мэн биднийг дэмждэг учраас би яриад явдаг. Түүнээс биш заримдаа больчихмоор санагддаг.
-Та одоо Тавантолгойн Ажлын хэсэгт байгаа юу?
-Үгүй.
-Монгол Улс нүүрсний нөөцөөрөө удахгүй дэлхийд тэргүүлнэ гэж ярьдаг. Манай орны хувьд одоогоор яг хэдэн тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа байдаг вэ. Тавантолгойн орд нөөцөөрөө хэдэд нь жагсаж байна?
-Монгол Улсын нүүрсний нөөц 150 мянган тэрбум тонн гэдгийг Долоон буудлын Должин авгай ч ярьдаг болсон. Их хурлын гишүүд хүртэл манайх 150 тэрбум тоннын нөөцтэй, түүнээс Тавантолгой 6.5 тэрбум тонн нөөцтэй гэж ярьж байгаа. Энэ тооноос харахад Монгол Улсын нүүрсний баялаг дуусашгүй, дундаршгүй юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. Гэтэл энэ нь маш том эндүүрэл. Үнэхээр яг батлагдчихсан 150 тэрбум тонн нөөц байхгүй. Тэр ч байтугай Тавантолгойн нүүрсний нөөц 6.5 тэрбум тонн уу гэдэг нь ч эргэлзээтэй. Та бүхэн гайхах байх, би одоо нэг тоо хэлнэ. Тавантолгойн яг ашиглах нөөц нь үнэндээ нэг тэрбум тонн хүрэхгүй. Тэр 6.5 тэрбум тонн нөөц нь 1000-аад метрийн гүнд, харин яг ашиглах нөөц нь 320- 340 метрийн гүнд байгаа юм. Одоо бид дэлхийн таваарын бүтээгдэхүүний тухай л ярина уу гэхээс биш таамаг зүйлийг ярьж болохгүй. Өөрөөр хэлбэл, яг бүтээгдэхүүн болох, үйлдвэр байгуулах нөөц нь тухайн үеийн ЗХУ-д хийсэн тооцоогоор ч тэр, хамгийн сүүлд Канадын “Норвест” компани болон дэлхийд алдартай уул уурхайн BHP компанийн Техник эдийн засгийн тооцоогоор ердөө 700 гаруй сая тонн орчим нөөцтэй нь батлагдсан.
-Энэ нь ил нөөц байлгүй дээ. Арай ч ийм бага биш байлгүй.
-Тийм тийм. Ерөөсөө ил аргаар 300-гаад метрийн гүнээс олборлох нөөц нь юм. Тэгэхээр үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр Кувейт шиг баян болох гэдэг юм уу, монголчуудад нэг их хүртээмжтэй бэлэн баялаг гэсэн ойлголт гадуур тараад байгаа юм. Гэтэл энэ нь тийм биш. Нэг тэрбум орчим тонноос бусдыг нь маш хүнд, өртөг зардал өндөртэй нөхцөлд олборлоно. Үүнийг мэдэж, ялгаатай ойлгох хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хэмжээнд үнэлэгдэх том орд нь мэдээж л дээ. Ер нь нөөц, нөөц баялаг гэдэг хоёр өөр ойлголт. Манайхан юм л бол нөөц гээд яриад байдаг. Гэтэл яг бэлэн бүтээгдэхүүн болох тэр түүхий эдийг нь нөөц гэдэг. Харин нөөц баялаг гэвэл таамаг, байж болох хэмжээ. Тавантолгойн хувьд шинжлэх ухааны судалгаагаар яг баталгаатай ашиглах нөөц нь 1.7 тэрбум тонн. Гэтэл өнөөдөр Монгол даяараа, төрийн дээд өндөр албан тушаалтнууд нь хүртэл 6.5 тэрбум тонноор яриад үүнийгээ жилд 20 саяар ашиглана гэж тооцоолоод 300 жил ашиглана гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хүртэл яриад байгаа нь гүнзгий төөрөгдөл.
-Тавантолгойн ордыг дэлхийд үнэлэгдсэн уул уурхайн акул компаниуд сонирхож, хамтран оролцохоо мэдэгдээд байгаа. Тэд лав өртөг зардлыг нь тооцож, судлаад боломжтой гэж үзсэний үндсэн дээр Тавантолгойг сонирхож, манай Засгийн газарт санал тавьж байгаа байх. Үнэхээр нэг тэрбум тонн нөөцөөс бусад нь өртөг зардал өндөртэй юм бол ингэж хөл алдмааргүй юм.
-700 орчим сая тонн гэдэг нь өөрөө маш том тоо шүү дээ. Одоогийн байдлаар манайх жилд 15 сая, 30 сая тонн нүүрс гаргана гэсэн хоёр хувилбарын тооцоо гаргасан гэж ярьцгааж байна. Үүнийг дундажлаад 20 сая тонныг олборловол 30 жил ашиглах нөөц юм. Энэ нь хангалттай. Өөрийн чинь сая асуудаг дэлхийн том акулууд яагаад тэмүүлээд байна гэхээр тэд жилд 20 саяыг олборлоод 30 жил ашиглахад маш өндөр ашиг олно.
-Таны хэлээд байгаа энэ тоог манай Эрдэс баялгийн зөвлөл хянаад юу гэж үзсэн юм бол. Ер нь манай нүүрсний бодлого ирээдүйд ямар байна гэж төлөвлөсөн байдаг юм бэ?
- Хянагдаагүй. Социализмын үед хянагдсан нь 1.7 тэрбум тонн. Үүн дотроос 600-700 сая тонныг нь баталгаатай ашигтай гэдгийг тогтоосон. Үүнээс цааших 400 метрийн гүнээс доошхийг нь ТЭЗҮ-ээр батлаагүйг би мэргэжлийн хүний хувьд баталж хэлж чадна. Би саяхан нэг баримт бичиг үзсэн. Монгол Улс 5-10 жилийн дараа 60-аад сая тонн нүүрс экспортолно гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байна лээ. Монгол Улсын өнөөдрийн жилийн хэрэгцээ 5-6 сая тонн. Үүнээс гол хэрэглэгч нь гурав, дөрөвдүгээр цахилгаан станц. Иргэдийнх бол өчүүхэн бага, сая орчим тонн л байгаа.
Тэгэхээр Монгол Улсын жилийн нийт хэрэгцээнээс 10 дахин их 60 сая тонн нүүрсийг экспортолно гэж байна. Юуны тулд, яах гэж тэр вэ. Өндөр ашиг олж байгаа бол болж байна. Гэтэл сүүлийн 10-аад жилийн туршлагаас үзэ хэд ашигт малтмалын салбараас Монгол Улсын төсөвт орж байгаа, бидний амьдралд хэрэг болж байгаа юу ч алга. Алтныхаа татварыг ч авч чадахаа больсон, нүүрсний татварыг тонноос 1000 бил үү 2000 төгрөгийн гаалийн татвар авч байна. Төмрийн хүдэр, цайр, полиметаллаа зөөгөөд дуусаж байх шиг. Хайлуур жоншийг бол сэтгэл эмтэрмээр, нинжа маягаар зөөгөөд дуусч байна. Тэгэхээр ашигт малтмалаас юу олж байгаа юм бэ. Ийм маягаар гадагш нь урсгах ямар хэрэг байна?
60 сая тонн нүүрсээ зөөж тэрбум хол давсан хүн амтай улсын хэрэгцээг хангах нь гол зорилго юм уу?
Ашиг олж чадахгүй өнөөгийн нөхцөлд Монгол Улсыг мөхөөх, бидний хойш ирээдүйд ногдох баялгийг цөлмөх эрх энэ эрх баригчдад байхгүй.
-Эрдэс баялгийн талаар баримтлах төрийн нэгдсэн бодлоготой болох, Стратегийн ордуудыг шинэчлэх, шаардлагыг нь тодорхой болгох талаар салбарын яам нь ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой гэж УИХ-аас баталсан 15-хан ордоос бусад баялаг нь хэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний хувийн өмч юм шиг ойлголт газар авлаа. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний орд стратегийн орд мөн, биш гэсэн маргаан улс төрийнхөн дунд өрнөөд байгаа шүү дээ. Стратегийн орд мөн, бишийг тодорхойлох нэгдсэн ойлголт байдаг юм уу?
-Стратегийн орд гэдгийг уг нь Ашигт малтмалын тухайн хуульд маш тодорхой заасан. Нэг хэсэг нь үүнийг ойлгодог гүй. Нөгөө хэсэг нь ялангуяа, төрийн зарим өндөр албан тушаалтан ойлгохыг хүсдэггүй. Тэгэхээр Стратегийн ач холбогдолтой орд гэж юу юм бэ гэхээр нэгдүгээрт, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөтэй, хоёрдугаарт, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөтэй, гуравдугаарт ДНБий таван хувиас дээш дүнтэй тэнцэх бүтээгдэхүүн гаргадаг уурхай, ашигт малтмалын ордыг Стратегийн ач холбогдолтой орд гэдэг юм.
Хамгийн хялбархан баримталдаг нь ДНБ-ий таван хувь буюу гуравдугаарх нь. Чин үнэнийг хэлэхэд одоо батлагдсан байгаа Стратегийн 15 ордыг ямар ч шалгуургүй, хэдхэн хүн сууж байгаад л ДНБ, алт, нөөцийн хэмжээгээр оруулчихсан. Гэтэл уран бол ямар ч байсан Стратегийн орд байх ёстой. Тэр ч байтугай барилгын материалын зарим орд ч орох ёстой. Өөрийн чинь асуугаад байгаа Хөшөөт бол Ашигт малтмалын хуулийн Стратегийн ордын эхний заалтаар шууд Стратегийн ордод орчихож байгаа. Яагаад гэвэл орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөтэй гэдгээрээ.
-Орон нутгийн төдийгүй баруун бүсийн хэмжээнийх юм биш үү?
-Баруун бүсэд ийм нөөцтэй, тийм өндөр чанартай нүүрсний орд байхгүй учраас нөөцийнх нь хэмжээ 24 сая ч байна уу 87.5 сая ч байна уу хамаагүй шууд Стратегийн ордод орох ёстой. Дээр нь нэмж хэлэхэд 87.5 сая тонн гэдгийг хайгуул судалгааны ажил дуусаагүй байхад зохиомлоор гэдэг ч юм уу, захиалгаар ч юм уу 3- 4 жилийн өмнө Стратегийн ордоос хасуулчихсан байдаг. Гэтэл одоо тэр Хонконгийн бирж дээр зарлаад байгаа баталгаатай нөөц нь 460 сая тонн гэдэг нь ойлгомжтой болсон. Үүнийгээ ч өөрсдөө нотолчихсон. Үүний дийлэнх нь өндөр чанарын кокс гэж үзвэл Стратегийн ордод гарцаагүй орох ёстой. Дээр би хэлсэн, Монгол Улс жилд 60 сая тонн нүүрс экспортолдог болно гэж. Үүний найман сая тонныг нь Хөшөөтөөс нэг жилд гаргах юм билээ.
-Та энэ салбарын үйл ажиллагаанд хяналт тавихыг хичээдэг геологич хүнийхээ хувьд Хөшөөтийн ордын үйл ажиллагааг сонирхож судалж үзэв үү. Энэ компанийн үйл ажиллагаа үнэхээр хууль журмын дагуу байж чадаж байгаа юу?
-Би “Мо Эн Ко” компанийн вебсайт руу орж танилцсан. Тэнд 460 сая тонн нөөцтэй гэсэн тоо нь байна лээ. 2007 онд байх аа, 87.5 сая тонн гэж нөөцөө батлуулснаас хойш одоо хайгуулаа гүйцээж, нөөцийн тооцоогоо ч шинэчлээд 460 сая тонн нөөцтэй гэж бичжээ гэж би ойлгосон. Тиймээс энэ нөөцөө одоо Монгол Улсын эрх бүхий байгууллагаар дахин оруулж, батлуулах ёстой.
Хоёрдугаарт, энэ бол Монголын баялаг. Тийм учраас төрийн бодлогоор ашиглах ёстой. Манай төрийн бодлого байхгүйг далимдуулаад Монгол Улсын баруун бүсэд байгаа тэр их баялгийг цөлмөх, сорчилж авах бодлогыг энэ компани явуулж эхэлсэн.
Монгол Улсын стандартын дагуу хийсэн ТЭЗҮ, хайгуул дууссан орд, нөөц, 460 сая тонн нөөцөд тулгуурласан ТЭЗҮ-ийг дахин хийх ёстой. Гэтэл үүнийг хийлгүйгээр Ашигт малтмалын хууль зөрчиж байна.
Хоёрдугаарт, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой, гуравдугаарт, 340 гаруй км зам тавьсан нь Монгол Улсын автозамын бодлогод нийцсэн эсэхийг эрх бүхий байгууллагаар оруулж, ард түмэнд танилцуулах ёстой. Мөн энэ зам тухайн орон нутгийн байгаль экологи, ан амьтан, малчдын амьдралд хэрхэн нөлөөлөх талаар нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой. Энэ мэтчилэн Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Үндсэндээ нууц байдлаар зарим нэгэн эрх бүхий албан тушаалтантай, ялангуяа орон нутгийн удирдлагатай хуйвалдах замаар энэ ордыг эзэмшиж байгаа учраас би үүнийг дээрмийн, луйврын үйл ажиллагаа гэж хэлнэ. Монгол Улсын болоод олон улсын нэгдэн орсон Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын дагуу энэ бүхнийг Монголын ард түмэнд мэдээлэх ёстой.
-Энэ оны нэгдүгээр сард Хөшөөтийн ордын талаар ЭБЭХЯ болон холбогдох албан тушаалтнууд УИХ дээр мэдээлэл хийж, асуулгад хариулахдаа тодорхой мэдээлэлгүй байсан. “Мо Эн Ко” компанийн талаарх мэдээллийг дахин нягталж, УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл авч чадахгүй, УИХ-д дахин танилцуулаагүй байгаа шүү дээ.
-Эрүүл саруул бодолтой Монголын ард түмэн “Үндэсний нэгдэл 999” шиг нэгдээд, ялангуяа орон нутгийн иргэд нийлээд тэмцвэл бид гадаадын энэ мэт хөрөнгө мөнгөтэй компанид дээрэлхүүлэх учиргүй. Ер нь энэ компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн өмч хөрөнгөөр асар их мөнгө зарцуулж тавьсан зам нь Монголын, Ховдынхны төлөө гэхээсээ энэ компанийн мэдлийн зам л гэж ойлгож байгаа. Мөн ДЦС барина гэж байгаа нь мөн л тэдний мэдлийн ДЦС болно шүү дээ. Үүнийг бас хэлэх, ойлгуулах ёстой.
-Энэ компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын баялгаар гурван тэрбум орчим доллар босгочихоод үүнийхээ яг хэдэн хувиар нь Монголд хөрөнгө оруулж, ард түмэнд хүртээж байгааг бас бодож үзмээр санагддаг. Олсон энэ ашгаас Монгол Улсад ямар татвар төлж байгаа нь ч эргэлзээтэй юм билээ.
-Энэ бол зөвхөн Ховдын баялагтай холбоотой үйл ажиллагаа биш. Монгол орон даяар л ийм байгаа. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарснаас хойш Монгол Улсын өмч хөрөнгө, нөөц баялгаар гадаадын хөрөнгийн биржүүд дээр хэдэн тэрбумаар хөрөнгө босгож байгаа. Монгол Улсын хөгжил дэвшилд, Монгол хүнд ямар ч хүртээмжгүйгээр хэдхэн хүнийг баяжуулж хөрөнгөжүүлж байгаа. Монголын баялгаар гаднынхан хөрөнгө босгодгийг төрийн бодлогоор хориглож, хуульчлах ёстой. Оюутолгой ч гэсэн л ийм аргаар хөрөнгө босгосон шүү дээ. Хэд нь яг энэ ордод зарцуулагдав, хэд нь хувьцаа эзэмшигчдийн халаасанд орж байна, хэд нь Монгол Улсын төсөвт татвар болж орохыг зохицуулах ёстой. Монголын баялгаар хөрөнгө босгож, орлого олж байгаа бол ядаж 10 хувийн татвараа Монгол Улсад төлөх ёстой шүү дээ. Одоо манай УИХ-ын гишүүдийн эрдэм баялгийн болон үнэт цаасны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, санаачлах ёстой тулгамдсан хууль бол энэ. Энэ асуудал Монгол төрийн хяналт дор зайлшгүй байх ёстой.
-Сар гаруйн өмнөхөн байх аа, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан тэргүүтэй хүмүүс Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд ажиллаж ирээд “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааг өөгшүүлж, их магтаж байсан. Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Хөшөөтийн ордтой холбоотой хууль бус гэж хэлж болохоор үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, засаж залруулах нь байтугай ер нь улайм цайм лообийдоод байгаа юм биш үү?
-Би их гайхсан. Ц.Шинэбаяр гишүүний хувьд яах вэ, өөрөө нүүрсний уурхай удирдаж байсан, энэ талаар мэдлэгтэй хүн. Харин С.Эрдэнийн хувьд шууд хэлчихье, “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэж. Тэгээд ирчихээд “Их сайхан юм үзлээ. Хөшөөтийн уурхайг тэр хятадуудад ашиглуулах хэрэгтэй” ухааны юм ярьж байна лээ. АН-ын нөлөө бүхий шударга гишүүн гэж бодож байсан, яахаараа өндөр албан тушаалын хүн, геологи, уурхайн талаар ямар ч боловсрол, мэдлэггүй байж Монголын, нутгийн ард түмний өмнөөс ингэж мэдэгдэж байгаа юм бэ. Би өөрөө Ховдын гаралтай хүн. Ховдынхон тэмцэгч удамтай хүмүүс, надад ч тэр нь байх шиг байгаа юм. Төр засгийн зарим нэг хүний буруу шийдвэрийн эсрэг, газар шорооныхоо төлөө, баялгийнхаа төлөө тэмцэлд би идэвхтэй оролцоно. Энэ бол миний хувьд эх нутгаа гэсэн бурхнаас надад өгсөн даалгавар.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
unuudur
URL: