МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТНҮҮД БА ЭХ ОРОНЧИД НЭГДЭГТҮН!
Яагаад “Монгол ялав?”…
Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн цорын ганц мессеж бол “уугуулын тухай” асуудал байсан. Хотын газар, 60 тэрбум энэ тэр бол ямар ч улстөрчид, тэр тусмаа өнөөгийн авилгад нэвшсэн Монголын улстөрд байдаг л “цол гуншин”. Тэгээд ч карьерынх нь туршид нь дагалдаж ирсэн энэ хэл үгэнд М.Энхболд дэвтчихсэн байсан. Тэр дэвтсэн шавар дээр хэчнээн мэдээллийн бороо асгавч ханасан шавар нэмж нялцайхгүй. “Ийм юмгүй” нэр дэвшигчийг, тэр тусмаа авилгажсан ардчиллын жилүүдийн дийлэнх хугацаанд эрх барьсан МАН-аас олоод дэвшүүл ээ! гэж хэлбэл тавласан болох байлгүй. Тэгээд ч “иймхэн асуудлаар” яаж ч дайрсан М.Энхболд парламентын сонгуульд итгэлтэй ялдаг, тэгээд УИХ-ын дарга болдог улстөрч гэдгийг бодох ёстой! Прагматикаар харвал энэ “уугуул биш” нөхөр газрын авилгаар хөшүүрэгдүүлээгүй бол намын дарга, ерөнхий сайд, УИХ-ын дарга болохуйц улстөрч мөн үү? Мэдлэг боловсрол, харизм, зориг, үзэл санааны хувьд?
60 тэрбумын асуудал бол төрийн эрх мэдлийг хуйвалдааны аргаар авсан хэрэг учраас жичид нь авч үзэх асуудал. Энэ үйл явдлын үр дүн өнгөрсөнд биш, ирээдүйд хамаарах асуудал болчихлоо. УИХ тарах хүртэл… Гол нь УИХ-д боовны асуудалтай эр, эмс шавсанд биш төрийн алба тэр чигээрээ Хятад мандарины түшмэдийн ёс шиг хаандаа “ёсны” өргөл өргөөд захирдаг хүрээндээ дураар авирладаг, авилгаддаг болсонд байгаа юм.
Гэхдээ Умардын нүүдэлчдийн төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэн уламжлал Монголчуудын яс цусанд шингэсэн байна. Хэрэв сая М.Энхболд ялсан бол Монголчууд оршин тогтнох бүхий л хугацаандаа өрсөлдөж ирсэн хөршдөө ялагдах байв. Ингэсэн бол Юнлөд Хархориныг сүйтгүүлсэн, Галдан Зуунмодонд ялагдсанаас ч илүү урхагтай. Мэдээж ХКН-ын гишүүн М.Энхболд юу юугүй Чен И, бяцхан Сүйн дүрд тоглоод, Хятадын далбаанд мөргөөд унахгүй л дээ, гэвч энэ цагаас “үндэсний дархлаа” дарангуйлагдаж, дараа нь цэвэр хятад хүн дэвшсэн ч тархи толгой нь “даяаршин шинэчлэгдсэн” Монголчууд хүлээн авахад бэлэн болох байв. Үүний жишээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн охорхон түүхээс ч харж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан “уугуул” хэмээх нэр томъёо Ц.Элбэгдоржоос болоод “эсэргүүцэх” чадвар нь илэрхий суларчихаад байсан юм. Чухамдаа түүнийг одоогоос найман жилийн өмнө дэвшүүлэхийн тулд “Уугуул гэж таван үеэрээ Монголд оршин суусан хүнийг ойлгодог, түүнийг нь Оросууд шоолдог байсныг өөрчлөөд ердөө “…Эцэг эх нь Монгол Улсын харъяат бол уугуулд тооцох” УДШ-ийн тайлбар гаргуулсан юм. Шинжааны уугуул болчих гээд…
Нүгэлт алдаагаа хүлээх нь тэр цагт “Үеийн үед даяар Монголыг голомтыг түшин ирэгчдийн алдар бадартугай” гэж омтгойрон үймж явсан тал бий юм. Энэ цагт МАН-аас нэр дэвшигчийн эцэг ч энэ бадаргуулт ерөөлд хамаарагдах авч бас бодох зүйл байсан ажээ. Тиймээс манай Халхын чимээгүй бодлогоширонгуй, хэт назгай, удаан тайван араншингийн цаана энэ мэтийг гүйцээн бясалгах ухаан оршдог ажээ. Уулынхны түргэн ааш, угаас залуу насны хурц, богино бодол ч алдаа болохыг ухаарах, ингэхдээ баясгалантайгаар эргэцүүлэн бодох хувь оноосон тэнгэр дор мөргөмү! Ухаарсан нь төдийд Монголд гал голомтоо түшин ирэгч өвөрлөгчид голдуу хятад эхнэр, нөхөртэй болж байсан нь гагцхүү соёлын учир шалтгаантай мэт. Тэр нь алсдаа бидэнд аюул тарих юм чинээ тэр хүмүүс бодоогүй нь лавтай. Хөршүүдтэйгээ найрамдаж хилийн цэргээ хүртэл татан буулгаж байсан тэр үеийн ердийн интернациональч гэр бүл шүү дээ! Тэд улсдаа хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн, ял гавъяаг бусдын адил хүртэж явсан, гэхдээ тэд үр хойчийнхоо биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлэхгүй…
Гэтэл энэ тайлбараас өмнө “5 үеийн “уугуул”-аас болоод Ерөнхий сайд Д.Бямбасүрэн абугай хүртэл дэвших боломжоо алдаж байсан, гэвч ухаалаг төрийн зүтгэлтэн энэ буурал “Бид энэ төрийг түшилцэж л явах учиртай улс” гэсэн гүн бодлоготой тайлбар өгөөд маргаантай асуудлаас өөрийгөө ч ард түмнээ ч чөлөөлж байсан гэж сонсов. Харин Ц.Элбэгдоржийн тухайд тэр үед олон хүн Н.Энхбаяраас салж л байвал чөтгөртэй ханилсан ч яахав гэдэг логикоор хандсан тул тайлбарыг “нэг үе болгон” нэр дэвшигчийн хүзүү мэт богиносгосон нь алсдаа ийм аюул учруулах байсан гэж зүүдлээ ч үгүй юм. Ялангуяа АНУ-аас дөнгөж ирээд байсан түүний дэлхийд жанжлагч гүрнээс тээн ирсэн даяарчлагдсан неолиберал үзэл санаанд ховсдуулсан Монголчууд “орчин үеийн, боловсронгуй” хүн болохын тулд “Монголоо алдах”-аас сийхгүй байсан юм.
Ингэснээр үндэсний үзэл санаа эвдрэлд орж, унаган соёлоосоо салсан олон Монголчууд эхлээд барууныхныг хүлээн авсан эрчээрээ дараагийн удаад хятад хүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болчих аюултай байж. Энэ учрыг саяын сонгуулийн үеэр Хятадын чатуудаар явсан хэлэлцүүлгийг харж байхдаа анзаардаг нь бидний мунхгийн ухаан үдээс хойш гэгч л юм даа.
Бүр 2010 оны Хятадад тархсан “Эх нутгийг минь буцааж өг!” нийтлэлд “… Монголын соёл нь хятад соёлоос ихэд өөр. Нүүдэлчин, мал аж ахуй соёл нь хан Хятадын соёл хэзээ ч байгаагүй учраас энэ нь Монголчуудыг өөрснийгөө өөр гэж нотлохын үндэс байдаг. Энэ соёл нь баруунаас улбаатай дэлхий нийтийн даяарчлал, зах зээл шилжилтийн уеэс улбаатай хөдөөгийн иргэдийн ядуурал, хотжилт зэргээс болж өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Аливаа улс орны унаган соёл нь уствал тэр улс үндэстэн сөнөснөөс огт ялгаагүй.
Хятад соёлоор монголчуудыг өөрчилнө гэдэг нь нэгэнт бэрх. Тиймээс монголчуудын хотжилт, Америк маягийн даяарчлагдсан соёлын нөлөөг өөртөө ашиглан Монголын унаган соёлыг уусгах нь чухал. Монголын унаган соёл тэдний толгойноос хусагдаж ямар нэгэн соёлын харъяалалгүй хүмүүс болж хувирсан цагт Хятад улсыг маш нааштайгаар хүлээн авч, урих нь дамжиггүй. Коммунизмыг муулах шалтгаанаар энэ асуудал амархан шийдвэрлэгдэж болно. Ар Монгол дахь Хятадын талыг баримталдаг, Хятадад өртэй, хэнэггүй тэнэг улс төрчдөөр дамжуулан энэ алхмуудыг хийж болох юм. Тиймээс Монголыг улам ихээр даяаршуул. Унаган соёлыг нь угаан арчих нь зүйтэй…” гэсэн байв. Тийм л дээ, Монголчууд бид өөр, Хятадын их соёлын нөлөөн дор байдаг Япон, Солонгос, Энэтхэг-Хятадын хойгийн хүн ам олонтой, хүчирхэг орнуудаас ч их өөр байгаа биз?
Монголчуудын заяа түшиж, Ц.Элбэгдоржийн үед ихэд түгсэн баруунжсан соёлд автсангүй, тэнгэр зааж ашгүй М.Энхболд ялсангүй. Үнэхээр барууны өнөөгийн ашгаар бүхнийг хаадаг үзэлд автсан бол Х.Баттулгын талд үзэлцсэн цөөхөн хүн МАН-ын тэр 370 тэрбумаар (үүний 140 тэрбум нь ЗГ-аас тараасан хүүхдийн мөнгө) тооцогдох далай их мөнгөнөөс хэдэн тэрбумыг нь хумслахаар тохироод “урвасан” бол анхнаасаа мөнгө шүтэгч ба өмнөд талынхнаас ч их нүгэл тарих байж.
Тиймээс “Монгол ялах” зайлшгүй шаардлагатай байсан, гэхдээ бүр нарийндаа ганц бус хоёрдогч, гуравдагч ч хөршөө!!! “Үндсэрхэг уриа лозунгаар яллаа” гэж Өмнөд хөршийн буурь сууртай хэвлэлүүд дүгнэж байна, Монгол гэдэг хөрш нь өөрөөс нь бүрэн хараат гэж дүгнэж байсан нь “хялбархан” бутниргүүлсэнд гайхаад байгаа бололтой. Нэмж зайлшгүй хэлэх ёстой нэгэн зүйл бол энэ өрсөлдөөнд бас гуравдагч хөрш ч хатуухан сануулга авсан шүү дээ. Үүнд бас тайвшраад байгаа бололтой. Тэр нь манай гол хөрөнгө оруулагч Англичууд! Гэхдээ энэ давхар цохилтыг Монголчууд хэн нэгний туслалцаа дэмжлэггүй дангаараа хийсэнд асуудлын гол нь байгаа юм. Муу хөгийн эртний домгоор хооллогч, хагас соёлжсон бүдүүлэг зэрлэгүүд! Мөн биз…?
Монголд үндэсний үзэл санаа хэзээ хэзээнээс илүү тархсан, хамгийн нөлөөтэй хэрэглүүр болсон гэдгийг одооноос гадаадад ч, дотоодод ч тооцох л хэрэгтэй болох нь. Үндэсний үзэл санааны эрин эхэллээ. МоАХ анх жагсахдаа л хашгирч байсан “Монголчууд мориндоо” хэмээх үндсэрхэг уриа өнөөдөр дахин цуурайтлаа. Одоо намуудад төвлөж бус үндэсний ба бусад гэсэн үзэл санааны фронтод тулаан үргэлжилнэ. Ийм эрин үе эхэлж байна.
Энэ удаад М.Энхболдын уугуул суугуулын асуудал эцэслээгүй, тактикийн хувьд Х.Баттулгын штаб түүнийг батлах ч гэж зүтгээгүй, харин өөрөөр нь тайлбарлуулахаар шахсан, халуун бөмбөгийг талбай руу нь цөлөөд л хаячихсан. Тэгээд түүнийгээ удирдаад байхад л үр дүн нь ийм. Үүнд нэг л олигтой тайлбар өгөөгүй, нөгөө тал руугаа бөмбөгөө хаяагүй нь М.Энхболдын өөрийнх нь гол алдаа. Энэ сул тал нь “Ийгл” ТВ-ийн бүрэн зураглалд оролцож байхад нь илэрсэн бөгөөд чухам “Энэ асуудлыг л Та тайлбарлачих…” гэсэн найруулагчийн ятгалгад эрс “Үгүй” гэж хэлсэн нь хамгийн том сул тал нь байжээ. Энэ сул талыг нь мэдсэн найруулагч Х.Баттулгыг PR ажиллагааг сэмбийтэл “найруулж” байсан бол яах вэ? Ийм л юм болно. “Наадахь асуудалд чинь М.Э хэзээ ч тайлбар өгөхгүй, итгэ!” гэж байсан.
Мэдээж Х.Баттулгын баг “Хэрэв тайлбарлавал яаж тайлбарлах вэ?” гэдгийг тооцож, түүний араас авах арга хэмжээг ч төлөвлөж байсан, гэтэл МАН-аас нээрээ л ядаж ийм оролдлого ч хийсэнгүй л дээ. Үүнд нэг л хүнд хүчир саад тотгор учирч байсан. Тэр саад тотгоруудыг харцгаая!
М.Энхболдын ялагдлыг Х.Баттулгын, АН-ын, басхүү маш хүчирхэг болсноо нотолсон иргэний хөдөлгөөнүүдийн дэмжлэгийн хүчин зүйлээс хайх бол ерийн л шинжилгээ. Хэн ч үүнийг яаж ч тайлбарлаж бичиж чадна. Гэхдээ нэг зүйлийг энд зориуд сануулах ёстой нь энэ бүх хүчнүүд дээр нэмээд МАН-ынхан зөвхөн үндэсний үзэл санааны тул нэгдсэн. Ингэж дүгнэх хүн байхгүй учраас зориуд дурдаж байна.
Юуны өмнө тэр тотгор өөрөө байсан, хоёрт ийм тотгортой хүнийг хуулийн ганц үгийг харалгүй нүдээ аниад дэвшүүлсэн тэр хүмүүс, хамгийн гол “эсэргүүцэл” МАН дотор нь байсан юм. Ийм л учраас ялагдсан юм. Яг дорноор сэтгэж, шүтэн барилдлагын үүднээс харвал Х.Баттулгын ялалт бол зарим талаар МАН-ын ялалт байсан юм. Харин тэр хагарлыг хэрхэн санаатай хийгээд санаандгүй ашигласан зэрэг нь цэвэр МАН-ын гадаад дахь үйл явц, өөрөөр хэлбэл саяхан хэлсэн шинжилгээнд хамрагдах тул орхиод МАН-ын дотоод руу хараагаа чиглүүлцгээе!
МАН дахь хуйвалдаан
Ерийн улстөрийн тайлбар бол М.Энхболдыг дэвшүүлэн зайлуулахаар МАН дахь фракцууд хэлэлцэн тохирсон тухай таамагт үндэслэж болно. МАН-д С.Баяр-Н.Багабандийн, Сү.Батболдын, У.Хүрэлсүхийн бас Ц.Нямдоржийн фракц нөлөөтэй. Тэгээд ч энэ бол цоо шинэ үзэгдэл биш Н.Энхбаярыг “хаан” байхад яг ингэж годройтуулсан.
2016 оны сонгуулийн дараа М.Энхболд хэтэрхий шунасан юм. Тэрээр эхийн талын хамаатан Ж.Эрдэнэбатад ЗГ-ыг өгөөд, нийслэлийг тоглоомын Су.Батболдод өгч, өөрөө Ерөнхийлөгчид дэвших бэлтгэл болгож УИХ-ын даргын суудлыг авчээ. Мөн намын даргын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлжээ. Ийм төвлөрөл нэг талаас МАН-ын уламжлал мэт авч нөгөө талаас хэтэрхий олон хүнийг “гомдоодог”, энэ удаад хэтэрхий олон фракцыг. Түүний хуваалцсан суудлыг харьцуулж үзвэл МАН-даа өгснөөс Ц.Элбэгдоржид өгсөн нь жин дарахуйц, түүнд хамаагүй илүү ноогдсон юм.
Тэр дөрвөн давхар бялууг бусад нь хараад л шүлсээ залгиад сууж байх юм гэнэ дээ! Яг л Сүнзийн сургаснаар “Бүх талаар илүү гэдэг нь бүх талаар дутуу гэсэн үг”. Хэрэв тэр даруухнаар ганцхан УИХ-ын даргын суудалтайгаа байсан бол, за яах вэ, нэмээд намын даргын суудалтайгаа байсан бол нам нь түүнийг ялуулах байсан юм. Хонь бүтэн, чоно цатгалан. Явахаар нь хоёр суудлаа ялалтын уухайтай намын их хурлаас эвтэйхэн хуваагаад авчих байсан. Гэвч тэр дороо хэтэрхий ихийг хэтэрхий шуналтай дарж суусан учраас унагаж байж л бүгдийг нь авахаас өөр арга бусдад нь үлдээгүй хэрэг. Харин энэ үйл хэргийн оролцоог шинжилье!
С.Баяр ба Н.Багабандийн фракц
С.Баяр сонгуулийн ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн гарамгай стратегич мөн биз? Яг үнэнээр нь тодорхойлбол “супер менежер”, олон нийттэй харилцахаас эхлээд хууль зүйн тал, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хүртэл бүхий л салбар, талбарт хүрч хүртээмжтэй ажиллаж чаддаг ийм хүн одоохондоо Монголд алга. Үүнд нам дахь хувийн харизм, нэр нөлөө нь, Ерөнхий сайдын зангараг нь ч нөлөөлдөг авч энэ удаад харин төгс ажиллаж чадсангүй. “Элчин сайд байх ч дэмий эд байна, Улаанбаатар зочид буудлын …26 тоотоос цухуйж чадахгүй байсаар ялагдлаа“ гэж халагласан тухай яриа үнэн болов уу? Намын Ерөнхий нарийн бичиг Д.Амарбаясгалан олон нийттэй харилцах бүхий л асуудлыг “С.Баяр даргаас асуу!” гэж байж, харин нөгөөх нь сонгуульд “виртуаль” маягаар л оролцож байж…
С.Баяр урт хугацаатай (түүний өмнө удирдаж ялалтанд хүргэсэн сонгуулиуд 45 хоног үргэлжилдэг байсан) сонгуульд гаршсан байж болох талтай, өдий насанд хүн богино хугацаанд өөрчлөгдөж дасан зохицох чадвар муу байх л даа. Хоёр дахин богино хугацаатай сонгуульд яаж ажилладаг вэ? Хэрэв “Туршлагагүй бол зөв баримжаал” гэдэг стратегичийн суурь зарчим яав? Гэтэл С.Баяр санал хураахаас 45 хоногийн өмнө бус 25 хоногийн өмнө ирсэн… Өөрөөр хэлбэл хуучин хуулийн сонгуулийн хоёрдугаар үе эхэлж байхад л “амжиж” иржээ.
Хараажийн хоёр ч стратегийн алдаа гарсан. Цаг хугацаа, орон зайн. Нэгд хугацаа хоёр дахин богино байсан. Хоёрт тойргийн сэтгэхүйтэй хүмүүс сонгуулийн штабыг гардан удирдсан. Ядаж л тэд сонгууль “76 дахин том талбарт, өмнөхөөс хоёр дахин богино хугацаанд” явагдана гэдгийг ойлгоод тактиктаа биш стратегидаа анхаарах байсан юм. Үүнийг С.Баяр л хийж чадна, даан ч тэр хүссэн ч үгүй, хүчилсэн ч үгүй. Гурав дахь ноцтой алдаа нь нэр дэвшигчийнхээ сөрөг имижийг нь өөрчлөхийн тулд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Гэнэн пиарчид нь урьдын адил сонгуулийн компанит ажлын төгсгөлд л гэнэт хужаа хувхайгаар нь дуудаад эхэлнэ, түүний хариулт болгоно гээд “хөшиг нээдэг” ганц реклам бэлдчихсэн сууж байсныг анзаарсан уу? Өөрсдөө Элбэгээг яасан, энэ удаад тийм хариу ирнэ гэж тооцож л дээ… Тийм тэнэг өрсөлдөгч гэж байх уу? Монголчууд ийм ухаантай бол цагаан хэрмийг хэзээ ч давахгүй л байсан даа!
Хуваагчийг зөв олж “хавчуулах”, бас түүнийгээ маллах энэ тэр бол урьдын адил явагдсан, гэвч нэг ялгаа нь хуваагчдаа даруулсан шившигт ялагдал түүхэнд цөөн боловч тохиох юм даа! Ерөнхийлөгчийн сонгуульд “бие хүн-нэр дэвшигч” голлох нь ойлгомжтой л доо, гэхдээ МАХН-аас дэвшүүлэх нь хоёр талдаа иртэй хутгаар наадсанаас юуны ялгаа… Яахав парламентад суудалтай нь МАХН юм хойно гэж тайлбарлаж болно. Тайлбар яах вэ, МАН гурваар орж баларсан нь факт.
Хэрэв үнэхээр гайхалтай менежер мөн юм бол С.Баярын энэ сонгуульд тов тодорхой гүйцэтгэсэн үүрэг бол М.Энхболдыг гуравдугаарт шидсэн юм. Сайн стратегичийнхаа хэрээр сайн л ажиллаж. С.Баярт хэчнээн хол хөндий байгаад нэр дэвшигчээ ядаж хоёроор гаргах ухаан дутав гэж үү? Эсвэл С.Баяр нэр дэвшигчээ гурваар алддаг бусдаасаа ялгарах юмгүй ердийн тэнэг архичин уу?
Энд нэг учир шалтгаан бий, Англичууд Монгол дахь нөлөөллөө хадгалж үлдэхийг маш их сонирхож байв. “Рио Тинто” Монголчуудыг маллаад алт, зэсийг нь олборлодог юм гэхэд зарахдаа Хятадуудыг маллаад байх нь харин юу л бол. Тиймээс 2012 оны сонгуулийн дараа хэтэрхий хүчирхэгжсэн Монгол дахь Хятадын талыг баримтлагчидыг хязгаарлах гарц хайж байв. Тэд яг Оюутолгойн гэрээний хувьд “цэвэр хүмүүс” учраас хяналтанд орохгүй байв.
Ц.Элбэгдорж АНУ баримжаатай авч Д.Трампын ялалтын дараа АН тэр чигээрээ гуравдагч энэ хөршөөсөө холбоо тасарсны дээр мань Ерөнхийлөгч өөрөө ч нэр нүүрээ барчихаад байв. Басхүү Монголчууд АНУ-тай сүжрэхдээ Английн “Рио Тинто”-г, Монголын ашигт малтмалын салбарыг яг газрыг нь ухдаг шигээ сүйтгэдэг Канад, Австралийн компаниудыг АНУ-ын компани мэт ойлгодог байсан. “Адилхан барууны…” Яг цагаа тулахаар АНУ үгүй бол Монголд Англи тэргүүтэн юу юм? Тиймээс Англи ганцаараа АНУ-ын шүхэргүйгээр эрх ашгаа Монголд хамгаалах шаардлага тулгарсан юм.
Дээр нь Ц.Элбэгдорж Англид хорионд байсан “таагүй этгээдийг” нууж авчраад ТЕГ-ын даргаар томилчихоод байв. Хурц зүгээр л суув гэж, өөрийг нь Англид томилж ажиллуулсан этгээдүүдээс эхлээд чангална биз! АНУ-ын эрх ашиг бол хийсвэр, харин Английнх бол бодат.
Тиймээс эрх ашгаа хамгаалагчаар С.Ганбаатарыг сонгосон. Санхүүжүүлсэн, тэгээд хоёрдугаар шатанд гаргасан. Гэвч Англи хол, Хятад ойр. Ц.Элбэгдорж бол Англичуудын хувьд найдваргүй түнш гэдгээ хоёр дахиа баталж, С.Ганбаатарыг нэг шөнийн дотор унагасан. Тэр орой ҮАБЗ протоколгүй хуралдсан, баримжаагаар илэрхий Өмнөд хөршөө баримтлагч гурав уулзаад гарсан үр дүн энэ.
Хэрэв М.Энхболд эхний шатанд унаж хоцорсон бол С.Баяр яг ингэж хэлэх байсан: “Хэрэв Та ялагдсан бол хоёр дахь шатанд Баттулгыг гаргаж хэрхэвч болохгүй. Энэ бол Та болон намд улстөрийн хувьд ноцтой сүйрэл болно. Тиймээс Х.Баттулгыг унагахын тулд бид С.Ганбаатарыг дэмжих ёстой. Тэгээд ч МАН-МАХН үзүүр өөр ч үндэс нэг. Хэрэв С.Ганбаатар Ерөнхийлөгч болбол “МАНАН”-г ард түмэн үзэн ядаж байна гэж тайлбарлаад уснаас хуурай гарцгаая! Дараа нь С.Ганбаатарыг би даая!”
Гэвч М.Энхболд эхний санал хураалтын дүн гардаг шөнө түүнээс далдуур Ц.Элбэгдоржтой, маргааш нь Н.Энхбаяртай уулзаж С.Ганбаатарыг худалдан авсан юм, ингэхдээ Н.Энхбаяргүйгээр…. Үүний дараа С.Баярын үг өөр болсон. “Та ингэж дураараа авирлаж үгэнд орохгүй байснаас өөрөө өөрийгөө унагасан шүү!”
Одоо С.Баярын (фракцын) зорилт өөр болжээ. Тэд М.Энхболдыг нэгмөсөн дарж авах хүсэлтэй байна. Хэрэв Ерөнхийлөгчийн суудлыг алдсан бол энэ удаад Ерөнхий сайдын суудлыг нь булаан авах ёстой. Ингэж байж цаад эрх ашиг хангагдана. Цаадах нь наанадаж гэрээг нь байгуулсан “Рио Тинто”, цаанадаж Англи. Гэхдээ бүр яаж гээч! Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх замаар…
Чухам ийм учраас С.Баярыг ИБУИНВУ-аас татах асуудлыг яаравчилж оруулсан атал М.Энхболд түүнийг хамгаалж байгааг гайхаж байна уу? Ялагч Ерөнхийлөгч Х.Баттулгын элчин сайдуудыг татах шаардлагыг сайнаар харвал энэ сүлжээг таслахыг зорьж байна, харин муугаар харвал М.Энхболдыг нэгмөсөн дуусгах гэж байх шиг байна. Яагаад? Яаж?
Тэгвэл яагаад ялагдагч М.Энхболдод “араас нь хутгалсан” С.Баярыг хамгаалж байгаа юм бэ? М.Энхболд С.Баярыг Монголд ирүүлэхгүй гэх ямар учир байна? С.Баяр хажууд нь байвал яадгийг мэдрэх байтугай мэдсэн хүний хувьд М.Энхболд айж байгаа юм. Гэтэл С.Баяр болохоор өөрөө Монголд ирэхийг ихэд хичээж байна, ЕТГ-аас татах асуудлыг тавьмагц биеэр ирээд татгалзах саналыг хүлээн авах гэж байна. Үүнд нь М.Энхсайхан бас хавчуулагдчихав, тэр харин М.Энхболдод хоёргүй сэтгэлээр тусалсан. Бүр мэтгэлцээний асуулт хариултыг боловсруулах, тактикийг төлөвлөхөд оролцож, бүхий л хариултыг хянан засварлаж өгсөн нь наад захын “ажил нь” болно.
С.Баяр энд байвал М.Энхболдын эсрэг бүхий л фракцуудын дундын координацыг хийхээр барахгүй М.Энхболд түүнийг дагалдагч хотын фракцыг нам-засгийн эрх мэдлээс нэгмөсөн арчиж хаяхад идэвхийлэн оролцох болно. Одоо тэрээр Сү.Батболдын фракцтай нэгдээд байна. Хэрэв УИХ-ын даргын суудлыг амалбал Ц.Нямдоржийн фракцтай ч хэл амаа хялбархан ололцох болно. Ийнхүү хотын фракцын эсрэг гурван фракц нэгдэх суурь нөхцөл хангагдчихаад С.Баярыг хүлээж байна.
МАН-д Монгол ялах уу?
М.Энхболд ердөө фракцуудын хуйвалдааны золиос болоод л огцорчихсон гэж үзэх нь өөрөө өнгөц дүгнэлт юм. Намынх нь түүхэн уламжлалыг харвал энэ намд хамгийн хатуу, хамгийн тууштай эх орончид хамгийн олон бий. МАН-ыг нэгтгэдэг суурь үзэл санаа нь мартагдсан, хаягдсан “интернационализм ч биш, коммунизм ч биш” харин эх оронч (патриотизм) үзэл юм. АН харин урьдын МАН-ын зам мөрийг даган давтахдаа интернационализмын оронд глобализм, коммунизмын оронд неолиберал үзлээр халдварласан юм. Гэхдээ энэ намын дотор бас хамгийн олон “үндэсний үзэлтэн” (националистууд)-үүд тодорхой орон зай эзлэн чимээ аниргүйхэн оршдог.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний үзэлтнүүд ялсан бөгөөд энэ ялалт нь тэдэнд МАН-ын эх орончид гүн гүнзгий дэмжлэг үзүүлсний үр дүн юм. Тэд нэг л зүйл дээр, “Монгол ялна” гэдэг уриан дор нэгдсэн юм. Аль алиных нь сэтгэлийг татсан уриа байсан, тиймээс М.Энхболдын штаб аргаа барахдаа “Эвтэй Монгол ялна” гэдэг уриаг “зохиосон”.
Энэ “эрлийз”-ийг хязгаарлах үзэл санаа нь “интернаицоналист, глобалистуудын” эсрэг нэгдэх цэг болох нь харагдлаа. Нөгөө талаар МАН, АН-ын “харьшсан үзэлтнүүд” ч яг энэ цэгт үндэсний үзэлтнүүд ба эх орончдын эсрэг нэгдсэн. АН-ыг дагаж хоолоо олж идэгсэд, Америк тавалыг даган дуурайгчид, өөрийгөө бүдүүлэг Монголын намагт дэлгэрсэн лянхуа цэцэг мэт гэгээрэгчид гэж ойлгодог ер нь юугаараа ч болов гадныхантай холбогдсон янхад, үй олон этгээд М.Энхболдын “мөнгөн дээр” ажилласан билээ. АН Х.Баттулгын ард нягтарсан нь өнгөц дүгнэлт, гэтэл тус намд адлагдан шаарлагдсан эхээ худалдахаас сийхгүй неолибералууд яг өнөө хятад блогчийн бичсэнчлэн М.Энхболдод худалдах боломжтой бүхнээ худалдаад гүйж явсныг бүгд харсан. Өөрсдийгөө “элит” гэж боддог тэднийг бүдүүлэг, өмхий монголчууд, “хар масс” нь харин хэрхэн үзэн яддагийг ойлгодог ч үгүй. Тэд эрлийзээрээ, монгол бишээрээ гайхуулсаар сонгогчдын нулимсан цэрэн дээр халтиран унасан. Олонх нь Х.Баттулгыг ялбал Монголоос зайлж, эх орондоо эрх чөлөөтэй амьдарна гэж тангараглаж байсан.
Энэ ялалт бол тэдний хэлээд байгаа шиг “синофобия” буюу Хятадаас айх үзлийн үр дүн биш. Хөршүүдтэйгээ эвтэй найртай оршин тогтнох хүсэл эрмэлзэл аль ч улстөрч, улстөрийн хүчинд хангалттай бий. Бас энэ анти-хятад үзэл санаа ч биш. Учир нь энэ сонгуулийн үеэр хөрш БНХАУ-ын эсрэг ямарваа үйлдэл сурталчилгаа огт хийгдээгүй. Зөвхөн дотоод асуудлаа л цэгцэлсэн. Бас хэрээс хэтэрсэн үндсэрхэх (нацист) үзэл суртал ч байгаагүй, ямарваа ялгаварлан гадуурхалт, эрлийз иргэдийн улстөрийн эрхийг хязгаарлах тухай огт яригдаагүй. Зөвхөн “Үндсэн хууль”-ийн хүрээнд уг хуулийн заалтын дотор бүх асуудал өрнөсөн.
Харин сонгуулийн дараа өмнөд хөршийн хэвлэлүүдэд гарсан хэд хэдэн өгүүлэл, судлаачдын тоймыг ялангуяа сайт, сошиал сүлжээнд идэвхтэй нийтэлсэн. Үүнээс хоёр л асуудал тодорч байна. Үүнд, нэгд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд прагматик хандлагад уриалж, энэ сонголт хөрш орнуудын харилцаанд нөлөөлөхгүй, уламжлалт найрсаг харилцаа үргэлжилнэ гэсэн хүлээлт, хоёрд үндсэрхэх үзэл газар авахаас болгоомжилж байгаагаа илэрхийсэн болгоомжлол л байна.
Нэгт, ямар ч нөхцөлд нацизм Монголд газар авахгүй, өрнө ба дорнын сэтгэлгээний ялгаанаас энэ нь тод харагдана. Хэт өрнөдчилж сэтгэх нь алдаатай бодол мөн. Хоёрт Монголчууд гадаад харилцаан дахь тэнцвэрээ баттай баримтлах нь ойлгомжтой. Тиймээс өмнөд хөрш манай дотоод асуудалд санаа зовох шаардлагагүй, тэр тухай өгүүллүүдийг Монголд импортлох ч хэрэггүй юм. Ялангуяа М.Энхсайханд сануулахад… Хятадаас биш Шведээс иймэрхүү мэдээлэл ирүүлэх нь эрхэлсэн ажлынх нь нэг хэсэг юм л даа!
Энэ сонгуулийн ялалт зөвхөн нэг намуудын, нэр дэвшигчдийн хүсэл зоригоор шийдэгдээгүй. Энэ сонгууль МАН АН болон хоёр нэр дэвшигчдийн эрх ашгаас ч өргөн хүрээтэй асуудлыг монголчуудын өмнө, Монголын түүхийн өмнө сөхөж тавьсан юм. Тийм ч учраас энэ ялалтын үр дүнг хуваалцах эрх МАН дахь эх орончдод бий. Тэр хуваалцах эрхийнхээ хүрээнд төрийн тэргүүний сонгуулийн ялалтад оруулсан хувь нэмрээ өөрийн намд бодат ажил хэрэг болгож, намын удирдлагаа хариуцлага тооцон цэвэрлэх, үндэсний удирдах бүрэлдэхүүнийг намдаа томилох замаар батлах эрмэлзэл ажиглагдаж байна. Хэрэв ингэхгүй бол 2020 оны сонгуульд энэ үзэл санаа тогтвортой хадгалагдаж МАН бүрмөсөн сүйрч болзошгүй юм гэдэг тэдний дүгнэлт гүн гүнзгий үндэслэлтэй.
Коммунизмын жилүүдэд “МАХН бол Чингис хаанаас хойшхи Монголчуудын зохион байгуулалтын дээд хэлбэр” гэдэг байсан. Харин өнөөдөр энэ байдал илэрхий алдагдсаны хор уршгийг МАН, МАН-ын эх орончид өөртөө хүлээх албагүй юм. МАН Зохион байгуулалттай сайн хүчин, гэхдээ эх орныхоо эрх ашигт нийцэхгүй шийдэл гаргахад зохион байгуулалт нь тус болохгүйг харуулжээ. Тиймээс төрийн сонгуулийн “Монгол ялалт”-ын давалгаа улстөрийн хүчнүүдэд нөлөөгөө үзүүлэх учиртай.
Чухамдаа яг одоо МАН-ын олон арван мянган гишүүд удирдлага дахь “эрлийзүүд”-ээсээ салах цаг болсон. Ийм түүхэн боломж тэр бүр тохиолдохгүй. Ингэж чадвал Монголчууд цаашид ч үндэсний эрх ашгаар засаглаж чадна. Зөвхөн ганц жишигээр жишээ авахад үүнээс хойшхи олон сонгуульд нэр дэвшигчийнхээ “гурван үеийн намтар, уугуул эсэх”-д нарийн шинжилгээ хийх уламжлал тогтсон гэж найдаж байна. Энэ бол намуудад үндэсний дархлааны систем тогтож буй хэрэг мөн.
Шинэ МАН
МАН дахь хамгийн эх оронч үзэлтэй хүчирхэг фракц бол У.Хүрэлсүхийн фракц юм. МАН-ын олон нийтийн дунд өргөн дэмжлэгтэй бөгөөд тус намд тохиосон энэ хямралыг даван туулах чадвартай туршлагатай улстөрчдөөс бүрдсэнд МАН-ын гишүүд найдлага тавьж байгаа нь илэрхий харагдаж байна.
Хуучин нэгдмэл МАХН-ын залуучуудын байгууллагад үндэслэсэн энэ фракц цагтаа намын хамгийн дайчин бүлэг байсан билээ. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ч, Ерөнхийлөгч болсныхоо дараа ч нам дахь нөлөөллөө хадгалж үлдэхийн тулд тэр үеийн МАСЗХ-г устгахад дэмжлэг үзүүлсэн түүхтэй. Бүр “Улаан сарнай” хэмээх зэрэгцээ байгууллага нам дотроо байгуулж, тэдэнд тулгуурлан МАСЗХ-той сөргөлддөг байсан. Хэдийгээр байгууллага нь өөрчлөгдсөн ч гишүүд нь улстөрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, залуучуудын байгууллагыг дахин өөрчлөн шинэчилсэн билээ.
Мөн л эрс тэрслүү араншин, хэт эх оронч үзэл санааныхаа улмаас шинэчилсэн байгууллага дахь хяналтаа өнөөдөр МАН-д үнэмлэхүй засаглаж байгаа “хотын”, “эрлийз”-үүдийн фракцид алдаад байна. Нам доторх энэ үйлийн үртэй урт удаан хугацааны тэмцэл нь У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эв нэгдлийн суурь болж, бутаргалгүй барьж байдаг бололтой юм. Хэрэв У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болбол энэ жилийн наадмаар “эрлийз” морьдыг үүлдэрлэг байдлаар нь хассан шигээ МАН-ын улстөрийн тайзыг цэвэрлэх вий гэсэн айдас хотын фракцид нэлэнхүйдээ түгжээ. Тиймээс өнөөдөр 60 тэрбумын бурантагтай хотын фракцын мөнгөө төлж хорслоо тайлах “дотоодын дайсан” нь хуучин МАСЗХ болжээ.
Тиймээс У.Хүрэлсүхийн сул талыг ашиглан өдөөн хэрэгт оруулах зорилготой булай муухай хуйвалдааныг Ерөнхий сайд оролцон найруулсан нь саяхан ил боллоо. Овог нэрээ оршуулгынхаа чулуунд сийлүүлж байгаа М.Энхболдын арвин их өвийг үүлдэрлэг байдлаараа өвлөн авахыг хичээж байгаа тэр бүлэглэлийг “ганцаардуулан” шахах ажлыг зохион байгуулж чадах эсэхээр У.Хүрэлсүх ба түүний фракц улстөрийн ур чадвараа шалгах цаг болсон байна.
Нөгөө талаас энэ арчаагүй ялагдлын хариуцлагыг ялагдсан М.Энхболд үүрэх үү? Ялагдуулсан нам үүрэх үү? гэсэн хачин логик ажиглагдаж байна. Нам М.Энхболдын өмнө буруудах ёсон бий юу?
Хэрэв одоо намын шинэчлэлийг хийж чадахгүй бол ердөө хоёрхон жилийн дараа яг энэ шинэчлэл рүү нь 2020 онд сонгогчид түлхэн оруулах болно. Тиймээс ирж яваа цагийн салхийг мэдэрч тоссон нь дээр үү? Эсвэл шуурганд уруудсаар дараагийн ялагдлын хавчилд шургах нь дээр үү? гэдгээ МАН шийдэх болжээ.
УИХ-ын даргыг өөрчилнө гэдэг байнгын хороодыг хамарсан үйл явц, Ерөнхий сайдыг өөрчилнө гэдэг Засгийн Газрыг, яамдыг сайдуудтай нь өөрчилнө гэсэн үг. Нийслэлийг шинэчилнэ гэдэг яг энд дурдсан өөрчлөлтийг жижигсгэсэн хувилбараар хийнэ гэсэн үг. Хамгийн гол нь М.Энхболдыг даган төрийн өндөр суудлуудад шигсэн Монгол биш хүмүүсээс төрөө салгаж авах нь маш том шинэтгэл төдийгүй, маш хүнд тэмцэл байх болно. Магадгүй зарим хүн богино настай, урт хөшөөтэй үлдэж болзошгүй л дээ… Тэдний энэ авир аашийг харвал!
Наад захын энэ өөрчлөлт л МАН-ыг 60 тэрбумын худалдаанд оролцогчдоос салгах хамгийн шууд бөгөөд зөв хувилбар юм. Ёс суртахууны хувьд авилгачдыг ингэж “шатаан” ариутгах нь МАН-д бараг л “хийморийн сан” болно. Харин ийм өөрчлөлтийг шийдэмгий, хүчирхэг, намын уламжлал ба шинэчлэлийг хослуулан харж чадах тийм л удирдагч хийж чадна. МАН бол нэг толгойтой, мянган сүүлтэй аварга могой юм. Толгой хаашаа, сүүл тийшээ… Хэрэв толгойгоо буруу сонговол яг саяын сонгууль шиг төмөр тэргэнд няц дайруулна, харин зөв сонговол түүхийн гай түйтгэрээс зайлж чадна. Хэрэв МАН-д энэ шинэчлэл хийгдэхгүй бол “дутуу алсан могой” шиг удаан тарчилна!
Тиймээс Монголын нийгмийн нэгэн салшгүй хэсэг болсон МАН-ын эх орончдын “Монгол ялалт”-ын уухайнд түрлэг нэмж, урам зоригоор тэтгэж, улмаар бодтаар туслан дэмжих нь Монголын үндэсний үзэлтнүүдийн үүрэг төдийгүй, цаашид улс орон мандан хүчирхэгжих хоёр дахь давалгаа болно. Ингэж бүх талаар хүчээ бэхжүүлж, нэгдэн нягтарч чадвал бид цэнгэлийн манлайд хүрэхэд ойрхон байна, үүнд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй!
https://www.ulstor.mn/post/6047.html
Авиан Баатархуяг
URL: