Хот хоёрхон жилийн дараа таг бөглөрнө
-Түгжрэлийг бууруул гэж төр засагт найдахаасаа илүүтэй түгжрэлийг үүсгэж байгаа иргэн та ч гэсэн бүсээ чангал-
Айлгаж байгаа ч юм биш. Хотын төвд замын дундаж хурд өнгөрсөн 2000 онд 42-43 км/цаг байсан бол 2008 онд 20 км/цагийн хурдтай болон буурсан. Одоо энэ 2011 оны байдлаар 10 хүрэхгүй км/цагийн хурдтай яваа гэдгийг захын жолооч андахгүй мэднэ.
Өнөөгийн замын байдал, автомашины механик өсөлтөөр бол хоёр жилийн дараа замын хурд 00 км/цаг болох нь тодорхой болжээ. Тэгэхээр Улаанбаатар хотод зам түгжрэх бус бүр гацалт, зогсолт үүснэ.
Манай улс уул уурхайгаа дагаад дэлхийн анхаарлыг татан хөгжиж яваа улс орон. Цаашид автомашины тоо улам нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй нь ойлгомжтой. Хот гэлтгүй хөдөөгийн захын айлын гадаа пургон, УАЗ-469 автомашин харагдах төдийгүй одоо чинь ланд, хамергүй бол онигоонд орох шахуу болчихож. Тэртэй тэргүй шаардлага хангахгүй нийтийн тээвэртэй манай улсын хувьд автомашинтай болох эрмэлзэл улам бүр нэмэгдсээр байх болно.
Одоо улсын хэмжээнд 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байгаагийн 60 хувь нь зөвхөн Нийслэлд явж байгаа. Нийслэлийн арван хүн тутмын нэг нь буюу нэгээс гурван өрхийн дунд нэг автомашинтай байгаа хэрэг. Тэгсэн хэрнээ бүх автомашиных нь 83 хувь нь арав, хорин жил эдлэгдсэн импортоор оруулж ирсэн автомашинууд. Харин дөнгөж долоон хувь нь шинэ буюу гурван жил хүртэл ашиглагдсан гэж байгаа юм.
Өндөр хөгжилтэй улс орны хаях газраа олж ядаж буй төмрийн сэгийг манайхан чирч авчраад үнэ хүргэж замын түгжрэлийг нэмдэг. Импортоор орж ирж буй суудлын автомашины тоо эрс өсч байгаатай уялдуулан онцгой албан татварын хэмжээг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэх төслийг саяхан УИХ-д өргөн барив. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд том оврын буюу 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай автомашинуудын онцгой албан татварыг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Төслийн зорилго нь тансаг хэрэглээний том оврын жийп машины хэрэглээг хязгаарлах бодлого барьжээ.
Хэрэв та 4700 мотортой Lexus 470 машин оруулж ирж байгаа бол импортын татварт долоон мянган ам.доллар төлөөд дээр нь тансаг хэрэглээний автомашин хэрэглэснийхээ төлөө жилд 900 гаруй мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр таны автомашин хэдий чинээ тансаг байна төдий чинээ өндөр татвар төлөх болно. Тансаг хэрэглээний татвараар автомашинаа цөөлдөг зарим улс орны жишиг байдаг ч энэ нь Монголд таарах арга мөн үү. Баян хүн лаагаа ч иднэ үү луувангаа ч иднэ үү, хэнд хамаатай юм гэгчээр тансаг машин хэрэглэлээ гэж нийтээрээ нэгнийгээ жигших нь ончтой бодлого гэж үү.
Нийслэл хотын нэгэн иргэн нэлээн ууртай утасдаж байна аа. Монгол өөрсдөө машин үйлдвэрлэдэг бол яая гэхэв. Дотоодын үйлдвэрээ дэмжих замаар автомашины онцгой татварыг нэмж болохсанж. Гэтэл энэ 76 гишүүн юу бодож нэмэх гэж байгааг нь ойлгосонгүй. Харин ч хуучин машины сэлбэг, төмрийн хар зах зээл далд аргаар цэцэглэх юм биш үү гэж бухимдангуй ярив.
Тансаг хэрэглээг хянах гэж оролдохоосоо илүүтэй арав, хорин жил болчихсон он удаантай “хөгшин” автомашиныг гаалиар оруулж ирэхийг бүрмөсөн хорьчих хэрэгтэй гэх зэргээр иргэд өөр хоорондоо санал бодлоо солилцож сууна.
Онцгой албан татварыг нэмэх уг төсөлд тусгагдсанаар бол хурааж авсан өндөр татвараараа агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах гэнэ.
Бас нэг иргэн цочмогхон утас цохив. Агаар бохирдуулж буй гэр хорооллынхноос тэр татвараа авахгүй юу. Тансаг машин унасан гэж адалж татвараар дарж байгаа бол замын гэрлэн дохио сайжруулах, аюулгүй зорчих үйл ажиллагааг хангахад зарцуулж болдоггүй юм уу гэв.
Ийн замын түгжрэлийг тойрсон яриа гадуур тун олон. Түгжрэл буурах биш ихэссээр олон жилийг үдсэн. Эцэстээ улиг болсон жирийн нэгэн сэдэв мэт болчихжээ. Гэтэл ердөө хоёрхон жилийн дараа хот тэр чигтээ зогсохдоо тулчихсан учир бид дээр, дооргүй дорвитойхон санаачилга гаргахаас аргагүйд хүрч байна.
Их хотын соёлтой иргэн бүр нийтийн эрх ашгийн дунд таны, миний ч эрх ашиг хөндөгддөг гэдгийг сана. Түгжрэлийг бууруул гэж төр засагт найдахаасаа илүүтэй түгжрэлийг үүсгэж байгаа иргэн та ч гэсэн бүсээ чангал. Тэртэй тэргүй тансаг нь ч бай тартаг нь бай хоёр жилийн дараагаар явдаг замгүй болчихно гэдгийг сайн тунгаа.
Автомашин үнэндээ худалдан авсан цагаасаа хойш үнэгүйдэж, үнэ цэнээ алдаж байдаг эд. Европ сэтгэлгээгээр үл хөдлөх хөрөнгө орон сууц, моргаж, зээл, хувьцаа бондын зах зээлийг сонгох нь түгээмэл үзэгдэл болов. Манайхан түрийвч нимгэн ч захын оюутан машинтай болно гэдэг агуу мөрөөдлөөсөө татгалзаж сурвал яасан юм бэ залуусаа.
Энэ эрин зуунд өнөөдөр хийгдэх ончтой хөрөнгө оруулалт ирээдүйн өнгө аясыг чинь тодорхойлж байна шүү дээ. Өнөөгийн автомашины механик өсөлтөөс харахад 2015 онд улсын хэмжээнд автомашины тоо 560 мянгад хүрэх гэнэ. Энэ нь Нийслэлд гурван хүн тутмын нэг нь буюу айл бүр машинтай болно гэсэн тооцоо. Өнөөгийн түгжрэлтэй замд явган гурван хүн ч зөрж чадахгүй байж гурав гурваар машин нэмэгдэхээр юу болдог бол.
Автомашины өсөлтийг бууруулах гэсэн арга ядсан өнөөдрийн оролдлогын оронд зоримог алхам хийцгээе.
Улаанбаатар хотын автомашины механик өсөлтийг хүчээр болтугай хязгаарлая. Шинээр дугаар олгохоос түр татгалзъя. Харин энэ хооронд Налайхаас 22-ын товчоо хүртэл ил метро барьчихъя. Хотын нэгдүгээр бүсэд троллейбус, трамвай явуулъя. Хоёрдугаар бүсэд том оврын автобус, захын гуравдугаар бүсээр метро яваг. Өнөөгийн яригдаж буй төслөөр бол 2020 оноос нааш метроны барааг харахгүй юм билээ. Хэзээ метротой болох бол гэж хүлээх зуур хотын зам таг зогсчих гээд байна. Алийн болгон мөнгө байхгүй гэж бэлэнчлэх вэ. Улаанбаатар хот мөнгө зээлээд ч болов метрогоо яаралтай барья. Нэг саяас давсан хотод зайлшгүй метро байх ёстойг бид мэдэхийн дээдээр сайн мэднэ.
Үнэндээ түгжрэлтэй замд урсч буй бензинийн үргүй зардлыг тооцон үзвэл элбэгхэн метро барьчих мөнгө урсаад гарч байна. Түгжрэлтэй замд эхний араагаар хаазлахаас эхлээд бензин “идэлт” их гардаг. Утаа ч их үүсгэж байна. Автомашин хурдан явах тусмаа бага бензин “иддэг”-ийг жолоо мушгиж яваа хэн бүхэн мэднэ. Нийтээрээ түгжрэлд өнгөрүүлж буй цаг, мөнгөний асар их алдагдлыг тооцохгүй юмаа гэхэд урсч буй шатахууны зөрүүгээр метроны мөнгө, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх боломж бий.
Өнөөдөр Улаанбаатар хот хэдий чинээ түгжрэлтэй байна цаад оросуудад чинь ашигтай. Оросоос шатахууны импорт хараат байгаа цагт түгжрэлийн ард Орос руу сул мөнгө урссаар л. Дотооддоо шатахуун үйлдвэрлэхийг дэмждэггүй мөртлөө импортын татварыг тэглэж дэмждэг Төр засагтай байгаа хойно түгжрэлийг арай дэмждэг улстөрчид манайд байдаг юм биш биз дээ.
Б.Долзодмаа
URL: