Өвөл, угаар, утаа

Улаанбаатарчууд жил бүрийн энэ л улиралд агаарын бохирдол гэж халаглах нь уламжлал болсоор удаж буй.

Нийслэлчүүдийг хордуулж буй эл “чимээгүй дайсан”-г бид гэр хороолол, цахилгаан станц хэмээн буруутгасаар өнөөдрийг хүрсэн. Харин сүүлийн хэдэн жилд автомашины тоо огцом өссөн нь агаарын   бохирдол нэмэгдэхэд багагүй үүрэг гүйцэтгэх болжээ.

Нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа эзэлдэг бол автомашинаас ялгарах утаа 20 гаруй хувийг бүрдүүлдэг гэх судалгааг Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан байдаг.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 260, улсын хэмжээнд 360 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцож буй. Энэ жил улсын хэмжээнд 315 мянган автомашин оношилгоонд оржээ. Үүнээс 10-аас дээш жил явсан нь дийлэнх буюу 211 мянга орчим. Харин 0-3 жил явсан нь 34, 4-9 жил хөдөлгөөнд орсон 68 мянган автомашин тоологджээ. Эдгээрээс 70 мянга орчим нь үзлэгт тэнцээгүй байна. Угаас манай улсад явж байгаа автомашины дийлэнхийг Солонгос, Япон зэрэг орноос оруулж ирсэн хорт утааг их хэмжээгээр ялгаруулдаг хуучин автомашинууд эзэлдэг.

Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 автомашины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэсэн судалгаа бий. Энэ нь дөрвөн уулын дундах Улаанбаатарыг хорт утааны “хогийн цэг” болгодог гэсэн үг. Уг нь он хуучирсан буюу 10-аас дээш жил явсан автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай нэг үе ярьж байсан. Энэ талаар Авто тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Н.Баттулгаас тодруулахад, “Одоохондоо он заасан зүйл байхгүй. Техник хяналтын үзлэг оношилгоонд тэнцсэн л бол хөдөлгөөнд оролцуулдаг. Өөрөөр хэлбэл, өнгө үзэмж, тоормос, хөдөлгүүр, утаа хаялт гээд хэд, хэдэн шаардлага хангасан автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байгаа” гэв.

Эрхэм даргын хэлснээр бол өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцож буй бүх автомашин асуудалгүй гэсэн үг. Гэтэл “Автомашинууд чинь болохгүй байна. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг бүрдүүлж байгаад хэн хариуцлага тооцох вэ” гэх зэргээр Нийслэлийн агаарын чанарын алба өөр хариулт өгдөг.

Манайд тогтсон гаж тогтолцооны нэг болох ар, өврийн хаалгыг ашиглаад авто замын хөдөлгөөнд оролцож байсан нь битий хэл хашаандаа хэдэн жил “унтсан” машин ч “асуудалгүй” гэх зөвшөөрлийн бичгийг авдаг. Иймээс нэгэнтээ дэвшүүлж байсан 10-аас дээш жил явсан, эд анги нь хуучирч элэгдсэн автомашиныг хөдөлгөөнд оруулахгүй байлгах саналаа ажил хэрэг болгох цаг болсон юм биш үү. Ингэснээр агаарын бохирдол бага ч болов багасахаас гадна замын ачаалал, аваар осол тэр хэмжээгээр буурах нь лавтай.

Автомашины утаа хар тугалга, хөө тортог, бензиперин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг. Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүрчлэн мэддэггүй. Тухайлбал, бензиперин нь хүний генийг гэмтээн, хорт хавдар үүсгэдэг хатуу талст бодис. Харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт биед орж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн бие сулрах, толгой өвдөх, бөөлжих гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд ч манай улсад уушгины өвчтэй хүмүүсийн тоо ихээр нэмэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь автомашины утаанд агуулагддаг азотын давхар исэл. Уг бодис хүний амьсгалын дээд замаар дамжин уушгийг гэмтээн цаашлаад уушгины хорт хавдар үүсэх эхлэлийг тавьдаг байна. Машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдол ой санамжид маш муугаар нөлөөлдгийг ч АНУ-ын судлаачид тогтоосон. Ой санамжаа алдах өвчин үүсгэж болох талтайг ч сануулсан байдаг.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхийд 2.4 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас амь насаа алддаг аж. Харин үүний 1.5 сая нь автомашины утаанаас болдог гэвэл Та итгэх үү. Өнөө үед автомашин хүмүүсийн амьдралд өдөр тутмын хэрэглээ болсон ч эргээд эрүүл мэндийг хордуулж буй чимээгүй тахал болсоор байгаа нь бодит үнэн. Иймээс Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаартай болоход гэр хорооллынхноос гадна автомашинтай хүн бүхэн хувь нэмрээ оруулах цаг болжээ.

Хар утаа хаясан автомашин бүхэн иргэн Та бидний эрүүл мэндэд хорт хавдрын вирус тарааж байгаа. Нэг хүний эрх ашиг нийтийнхээр хязгаарлагддаг нь нийслэлийн иргэн Таны дагаж мөрдөх учиртай бичигдээгүй хууль билээ.

С.Дуламсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих