Гал түймэр гарсны улмаас гурван хүн угаартжээ
Өнөөдөр 04.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Бага нарангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирж, дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг ажилласан байна. Гэр хорооллын айл өрхүүд дулааныг хадгалах зорилгоор түлшний шаталтыг багасгахын тулд яндан, пийшингийн хаалтыг хаах, пийшин зуухыг түлшээр хэт дүүргэж галласнаас, мөн автомашины зогсоол, засварын газарт байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай халаахаар орхисноос угаартах явдал их гардаг байна. Угаартсан хүнийг юуны өмнө утаатай орчноос зөөн цэвэр агаарт гаргах хэрэгтэй. Хэрэв гал түймэр гарч байгааг мэдсэн бол утаагаар дүүрсэн гэр, байшингаас доош харан мөлхөж гарах хэрэгтэйг анхааруулья. Угаартсан хүнд толгой эргэх, дотор муухайрах, чих шуугих, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг байна. Өвлийн улиралд обьектын галын дуудлага харьцангуй нэмэгддэг тул галын аюулаас урьдчилан сэргийлж цахилгаан угсралт ашиглалтын дүрмийг хэрэгжүүлж цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, пийшин зуух, яндангийн цонолтоос сэргийлэх, шаардлага хангахгүй пийшин зуух, янданг ашиглахгүй байх, гал түймэр гарсан, түймрийн утаа харсан даруйд яаралтай 101 дугаарын утсанд мэдэгдэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
URL: