ХОРЬ ДАХЬ ДҮРИЙН РИНБҮЧИ ЗАЛАРЛАА
Энэ сарын 19-ний өдөр 20 дахь дүрийн Ринбүчи манай улсад ирсэн билээ. Түүнийг арслан ширээнд залах ёслол өчигдөр Бэтүб хийдэд боллоо. Түүнд хүндэтгэл үзүүлж “Их майдар” төслөөс “Босоо майдар” бурхныг өргөн барьсан юм. Ёслолын үйл ажиллагаанд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид, уран бүтээлчид оролцож, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэн, дурсамжаасаа хуваалцсан юм.
Д.Чойжамц: БАГШИЙНХАА АЧАА ТЭЭШИЙГ ЗӨӨЖ ГҮЙДЭГ ХҮҮХЭД БАЙЛАА
-Би анх 1970 онд 19 насандаа Шашны их сургуульд элсэн орсон. Ингээд Азийн буддистуудын бага хуралд оролцох багшийнхаа ачаа тээшийг бэлдэж, сүсэгтэн олонд үйлчилдэг ажлыг хийдэг байлаа. Үүнээс хойш 1970-1990 оны хооронд болсон хуралд байнга морилж байх үед нь танилцаж байсан юм.
Н.Энхбаяр: СҮСЭГТЭН ОЛНЫ ХАНДИВ, ТУСЛАМЖААР ХИЙДИЙГ БАРЬЖ БАЙЛАА
-Бакула Ринбүчи багш Монголд ёс журмаар нь ажилладаг сүм, хийд хэрэгтэй байна. Тиймээс сүм хийд барих газар гаргаж өгөхийг хүсч байлаа. “Бөмбөгөр” худалдааны төвийн ард байрлах газрыг Бакула Ринбүчи багш сонгон газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Ингээд би тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Н.Энэбиш гуайтай уулзаж хүсэлтийг дамжуулахад таатай хүлээн авснаар газрын зөвшөөрлийг олгож байсан билээ. Улмаар сүсэгтэн олны хандив, тусламжаар Барилгын цэргийн хамт олон энэ хийдийг барьж өгсөн юм шүү дээ.
Г.Пүрэвбат: БАГШ МААНЬ ИХ ЧУХАЛ ҮЕД ЗАЛАРСАН
-Багш маань Монгол оронд хамгийн чухал хариуцлагатай үед заларч байв. Ингээд 10 гаруй жил Монголын шашин сэргэн мандаж, маш их үйл бүтээсэн нь зүгээр нэг заларсан асуудал биш юм. Үүний нэг нь V богд Жавзандамба хутагтын “сав шим” нэрт судар юм шүү дээ. Тус судар нь Монгол Улсын ирээдүйг сударласан онцгой бүтээл. Энэ бүтээлд XX зууны эхэнд болсон үймээнүүд, 1937 оны их хэлмэгдүүлэлт зэргийг цаг хугацаатай нь айлдсан нь маш гайхамшигтай.
Ийнхүү зочид дурсамжаа хуваалцсаны дараа лам хуваргууд ном хурж, сүсэгтэн олон мөргөл үйлдэж, уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Зууны мэдээ
Б.Дарьсүрэн
URL: