П.СЭРГЭЛЭН: ИРАН УЛСААС ДОЛОО ХОНОГТ ДӨРВӨН МЯНГАН ТОНН МАХ АВАХ САНАЛ ИРҮҮЛСЭН

olloo_mn_1501208694_Untitled-1Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өчигдөр 21 аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдож зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, ургацын байдал, отор нүүдлийн дүн мэдээг сонслоо. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Аймгийн дарга нартай холбогдлоо. Орон нутагт нөхцөл байдал хэр байна вэ?

-Нийт нутгийн тариалалтын 60 орчим хувь нь гантай байгаагаас хадлан тэжээл бэлтгэх ажил гол асуудал болоод байна. Яамдын зүгээс отор нүүдэл, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр уялдаа холбоотой ажиллаж тодорхой зохицуулалтыг хийнэ. Мөн удахгүй хадлан тэжээл бэлтгэх талаар аймгийн удирдлагуудтай биечлэн уулзана.

Гантай байгаа аймгуудад өвс тэжээлээр туслах зохицуулалтыг яамнаас хийж ирэх сард бэлчээрийн даац төлөв байдлын үнэлгээ судалгаа хийх комиссыг 4-5 хэсэгт томилно. Ургацын баланс наймдугаар сарын 15-20-ны хооронд гардаг. Энэ үеэр нь газар тариалангийн бүс нутгуудад мэргэжлийн хүмүүс ажиллаж зөвлөгөө өгөх юм.

Мөн энэ удаагийн цахим хурлаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээлийн асуудал яригдлаа. Зээлийн эргэн төлөлт хүнд байна. Тиймээс хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Ирэх долоо хоногт аймаг бүрд 300 сая төгрөгийн санхүүжилт олгогдоно.

-Цаг агаарын нөхцөл хүндрэхээр малчид махаа зах зээлд борлуулахаас өөр аргагүй. Max экспортлох асуудал ямар хэмжээнд байгаа вэ?

-Цаг агаарын хүндрэл, бэлчээрийн даац дордож байгаа энэ үед малчид махаа борлуулах ажил нэлээд явагдах байх. Аймаг орон нутаг дотоодын хэрэгцээгээ бэлтгэх шаардлагатай. Гадаад руу экспортлох махны хувьд Иран улс руу хонь, Вьетнам улс руу ямааны мах гаргаж байна.

Иран улстай зургаан мянга орчим тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээ сунгагдана гэж үзэж байгаа. Иран улсаас долоо хоног бүр дөрвөн мянган тонн мах авах санал ирүүлсэн.

Монгол Улсын махны үйлдвэр энэхүү ачааллыг даахад хүндрэлтэй байгаа. Бид яаман дээр махны үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж ярилцаад хамтарсан ажлын хэсэг байгуулж хэр хэмжээний мах бэлтгэж чадах талаар судалгаа авч ажиллахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор мал мах бэлтгэн нийлүүлэх тоо хэмжээг авсан. Дотоодын зах зээл дээр махны үнийг тогтворжуулж дотоодын хэрэгцээнээс илүү гарч байгаа нөөцийг эргэлтэд оруулж экспортыг нэмэгдүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах бэлтгэн экспортолж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримтална.

Ирэх сард Хятадын экспертүүд ирж ажиллана. Энэ үеэр махны үйлдвэрүүдэд шалгалт хийж стандартад нийцүүлэх талын асуудал яригдана.

-Гантай байгаа бүс нутагт цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Ялангуяа отор нүүдэл хийх асуудал ойролцоо аймгуудад хүндрэл үүсгэдэг?

-2018 оныг бид бэлчээр хамгааллын жил болгож бэлчээрийн асуудал дээр онцгой анхаарал хандуулахаар болсон. Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймаг сумд хадлангийн нөөцтэй аймаг сумтай тохиролцон хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай.

Энэ жил байгалийн хадлан өвс тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын аж ахуйн нэгжүүдийг дотоодын зах зээлд нэгдэх ажлыг оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид дотоодынхоо хэрэгцээг хангаж байж дараа нь экспортын асуудлыг ярина. Мөн улсын болон орон нутгийн отрын тусгай хэрэгцээнд хилийн зурваст газруудад отроор өвөлжих малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж гэрээ байгуулахад орон нутгийнхан дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Малын тэжээл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээс аймаг сумынхаа нөөцийг бүрдүүлж малчдадаа хүргэнэ. Түүнчлэн мал сүргийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж аймаг, сум дамжих отор нүүдлийг зохистой хэмжээнд зохион байгуулах нь чухал.

-Малын халдварт өвчний тархалт аймгуудад хэр байна вэ. Хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Малын гоц халдвар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг чанартай зохион байгуулах заавар зөвлөмж өгөх мөн туслах хүн хүчээр хангах гүйцэтгэлийн хяналт үр дүнг дээшлүүлэхийг аймгийн удирдлагуудад даалгасан байгаа.

Бүх малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж гоц халдварт өвчний тандалт шинжилгээ дархлаажуулалтыг сайн хийж байж өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Хамгийн гол нь энэ ажлыг тогтмолжуулах ёстой.

-Хурлын үеэр ОХУ-aaс ирэх Даваа гарагт техник төхөөрөмж ачуулах асуудал яригдлаа. Үүнийг газар тариаланчдад хэрхэн хуваарилах вэ?

-ОХУ-аас ирүүлэх техник технологийн хувьд Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газар дээр захиалга авсан. Өөрөө хэлбэл, аж ахуйн нэгжүүд, тариаланчид техник тоног төхөөрөмжөө захиалсан. Мөн энэ жил зоорьтой холбоотой асуудалд яам нэлээд анхаарч бодлогын төвшний ажлууд хийсний үр дүнд зоорины тоо нэмэгдэж байгаа.

-Гандуу байгаа нутгаа үүлэнд нөлөөлж бороо оруулах ажил цаашид хийгдэх үү?

-Бүх аймгуудад үүлэнд нөлөөлж бороо оруулах ажлыг зохион байгуулж байгаа. Цаг уурын байгууллага Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэ тал дээр ажиллаж байгаа. Нөгөө талаас үүлэнд нөлөөлснөөс ган гачиг боллоо гэсэн ойлголт ард иргэдийн дунд байх шиг байна. Тиймээс эрдэм шинжилгээний байгууллагууд мэргэжлийн хүмүүсээр зөв зүйтэй тайлбар өгүүлэх шаардлагатай байгаа юм.

Зууны мэдээ
Б.Үенч


URL:

Сэтгэгдэл бичих